Цагдаагийн ерөнхий газраас өнөөдөр /2018.10.26/ галт зэвсгийн тооллогын асуудлаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, Монгол Улсын Галт зэвсгийн тухай хуулийн дагуу иргэн, хуулийн этгээдийн өмчлөлд байгаа галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн тооллого энэ сарын 12-нд эхэлжээ.
Хоёр сарын хугацаатай үргэлжлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд Галт зэвсгийн тухай хууль, холбогдох журмын хэрэгжилтийг хангах, галт зэвсгээр үйлдэгдсэн гэмт хэргийг илрүүлэх, галт зэвсэг, галт зэвсэгтэй адилтгах хэрэгсэл, сумны хууль бус наймааг таслан зогсоох, эрэг сурвалжлагдаж байгаа галт зэвсэг, түүнтэй адилтгах хэрэгслийг илрүүлэх, бүртгэх, гэрчилгээжүүлэх ажлыг зохион байгуулж байна.
ГАЛТ ЗЭВСЭГ ЭЗЭМШИГЧ ЗААВАЛ СУРГАЛТАД СУУНА
Цагдаагийн байгууллагаас галт зэвсэг эзэмшигч нь зайлшгүй сургалтад суусан байх ёстой гэдгийг онцоллоо. Сургалт хоёр хоногийн хугацаатайгаар долоо хоног бүр болдог аж. Мөн тус сургалтын бүртгэл арванхоёрдугаар сарын 12-ныг дуустал үргэлжлэх юм байна. Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик мэдээгээр галт зэвсгээр үйлдсэн гэмт хэрэг 2018 оны эхний есөн сарын байдлаар 25 бүртгэгджээ. Энэ нь өмнөх оныхоос буурсан үзүүлэлт аж. Цагдаагийн байгууллагад өмнөх жилүүдэд зохион байгуулсан тооллогоор 2016 онд 47225 галт зэвсгээс 31798 буюу 70.6 хувь нь, 2017 онд 46327 галт зэвсгээс 36028 буюу 78.1 хувь нь хамрагджээ.
Үүнээс орон нутагт 32913 галт зэвсэг бүртгэлтэйгээс 26433 буюу 82.2 хувь нь нийслэлийн хэмжээнд 13414 галт зэвсэг бүртгэлтэйгээс 9595 буюу 73.9 хувь нь тоологджээ.
Мөн хууль бусаар галт зэвсэг, сум хэрэгсэл олж авдаг, хадгалдаг, борлуулдаг энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 89 сэжигтэй этгээд (ченж)-ийг бүртгэл, хяналтад авчээ. Бүртгэлд хамрагдаагүй шалтгаан нь галт зэвсгийн шилжилт хөдөлгөөн хийлгээгүй, шилжиж очсон нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагад бүртгүүлээгүй, бүртгүүлэхгүйгээр бусдад худалдсан байдаг аж.
ГАЛТ ЗЭВСЭГ БОЛОН ТҮҮНТЭЙ АДИЛТГАХ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГҮҮЛЭХДЭЭ:
- Галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийн гэрчилгээ олгохыг хүссэн өргөдөл /НЦГ-т гэж байгаад уг галт зэвсгийг хаанаас, хэзээ авсан тухайгаа тодорхой бичих/
- 2*3 хэмжээний зураг 3 хувь
- Иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
- Оршин суугаа хорооны Засаг даргын тодорхойлолт /эсвэл ТҮЦ машинаас авсан лавлагаа/
- Эх сурвалжийн бичиг /буу худалдан авсан бичиг/
- Галт зэвсэг ашиглахад харшлах өвчин, гэмтэл согоггүйг тодорхойлсон эрүүл мэндийн хуудас /харьяа дүүргийн эрүүл мэндийн төвөөс/
- Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнд даваа гарагт 14:00-16:00; пүрэв гарагт 10:00-12:00 цагийн хооронд галт зэвсгийн хошуу, хонгиог мэдээллийн нэгдсэн санд бүртгүүлж, тодорхойлолт авсан байх /галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг 2 ширхэг сум, иргэний үнэмлэхийн хамт авч очно/
Э.АРИУН
Холбоотой мэдээ