Хотын дарга аа, одоо гэр хорооллыг цэгцэл

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Хотын дарга аа, одоо гэр хорооллыг цэгцэл

Хотын дарга аа, одоо гэр хорооллыг цэгцэл

Хууль зөрчин  явган хүний зам булааж, хашаа хатгасан, өргөтгөл барьсан аж ахуйн нэгжээс газрыг нийтийн эзэмшилд буцаан авах ажил Улаанбаатар хотын төв хэсэгт эрчтэй үргэлжилж байна. Хамгийн сүүлд буюу өчигдөр /2018.10.25/ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа "Сүлд" спорт хорооны үүдэн хэсэгт барьсан байсан өргөтгөлийг албадан буулгажээ. Нэг үеэ бодвол нийслэлийн төв хэсэг эмх цэгцтэй болж, явган хүний зам талбай ч овоо нэмэгдлээ. Одоо хотын дарга аа, гэр хорооллыг цэгцлэхэд анхаарлаа хандуулж ажиллаач…

Замбараагүй газар олголт, мөн дур мэдэн хашаа хатгасан, хашааны газраа өргөтгөсөн зэргээс үүдэлтэйгээр иргэдэд цаг алдалгүй хүрэх ёстой төрийн шуурхай үйлчилгээ мухар гудамжнаас болж, саатаж байна. Хэчнээн иргэн мухар гудамжнаас болж, амиа алдаж, эрэмдэг зэрэмдэг болсныг өнөөдөр хэлэхэд бэрхтэй ч хамгийн сүүлд таван алтан амь галд үрэгдлээ. Тодруулбал, энэ сарын 24-ний үүрээр нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн V хороо, Баянголын 14 дүгээр гудамж буюу Ханын материалын хуучин эцсийн автобусны буудлаас ердөө 100 хүрэхгүй метрийн зайд айлын хашаа түрээсэлж амьдардаг байсан нэгэн гэр бүл галд амиа алдав. Болсон явдлыг харсан гэрчүүдийн хэлж буйгаар гудамжны орц, гарц хэтэрхий нарийн байсан тул галын машин орох гэж цөөнгүй минут авч, тэр хооронд гэр юу ч үгүй шатжээ. Хэрэв галын машин саадгүй нэвтэрсэн бол тэднийг аварсан ч байж мэднэ. Галд шаталгүй үлдсэн зарим тавилга тэднийг аврах байжээ гэсэн харууслыг төрүүлсээр…

Оршин суугчийн яриагаар энэ хавийн айлууд бүгд дур мэдэн хашаагаа сунгаснаас орц гарцуудыг хаажээ. Хэдэн жилийн өмнө уг хорооны нэгэн гудамжинд төслийн зуух дэлбэрч онцгой байдлын албаныханд дуудлага өгөхөд айл руу машинтайгаа нэвтрэх гээд чадаагүй. Арга буюу авто зам дээр гал унтраах машинаа зогсоогоод шаланкаа сунгаж, галыг унтрааж байжээ. Уг нь анх хороо байгуулагдахад гудамж бүр өргөн, хаанаас нь л бол хаанаас том машинтай нэвтрэх бүрэн бололцоотой байсан аж. Арван жилийн өмнө ч цэлийсэн гудамжтай байсныг оршин суугчид нь санууллаа. Харин нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Газрын албанаас өгсөн мэдээллээр төв замаасаа шууд орох боломжтой хэсгийг “Эверест” хүнсний дэлгүүр хашаалснаас болж, машин нэвтрэх боломжгүй болжээ.

Хашаа хороогоо дур мэдэн зөвшөөрсөн хэмжээнээс хэтрүүлж сунгадаг, өөрсдөө л болж байвал өрөөл бусад нь хамаагүй гэсэн хандлагаар ханддаг энэ мэт зөрчлөөс болж, онцгой байдлын албаныхан зарим тохиолдолд хашааг буулгаж, гал унтраахаас аргагүй тохиолдлуудтай ч олонтаа тулдаг байх юм.

Мөн 103-ын түргэн тусламжийн эмч нар ч мухар гудамжийг тойрч явсаар цаг алдсан жишээнүүд олон байдаг. Үүнээс гадна өөрсдийнхөө амь насыг үл хайрлан эрчим хүчний шугам сүлжээний доор, үер, жалгын ам, мөн хориглосон зай талбайг хэтрүүлэн хашаа хатган амьдардаг иргэд Улаанбаатар хотод олон бий.

Эцсийн дүндээ болзошгүй эрсдэлээс хамгаалахын тулд нүүх шаардлага тавихаар хүлээж авалгүй 10, 20 хэдэн жил амьдарч байгаа хэсэг бүлэг арми ч бий болжээ. Хожмын өдөр харуусаж суухгүйн тулд төр эдгээр асуудлыг цэгцлэх цаг нь иржээ. Ингэхийн тулд “Явган хүний замыг чөлөөлье” аяныг гэр хороолол рүү чиглүүл… Ганц нийслэлийн Газрын алба энэ ажил руу орж ажиллах бус онцгой, эрчим хүчний салбар, дүүрэг, хороо гээд энэ бүгдийн оролцоотойгоор эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа өрх айлуудын судалгааг дахин шинэчлэн гаргаж, иргэдийг оролцуулаад далайцтай нэг ажиллаад үзээч… Эцсийн дүндээ хүний алтан амь газраас үнэтэй шүү дээ.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж