30 жил гутал тосолсон мөнгөө өвчтэй хүүхдүүдэд хандивлажээ

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

30 жил гутал тосолсон мөнгөө өвчтэй хүүхдүүдэд хандивлажээ

Алберт Лекси гэх энэ эр 30 жилийн турш долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гаригуудад Питтсбургийн их сургуулийн эрүүл мэндийн төвийг зорьж, хүмүүсийн гутал тослох ажил хийж байсан юм. Харамсалтай нь тэрээр энэ сарын эхээр, 76 насандаа таалал төгссөн юм.

30 жилийн турш ингэж ажиллахдаа тэрээр 200 мянган ам.долларыг цуглуулсан бөгөөд нас барахаасаа өмнө олсон бүх мөнгөө тус эмнэлэгт хэвтэж байгаа өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зориулан хандивласан аж.

Питтсбургийн их сургуулийн бааз эмнэлэг нь Америкийн Пеннсилваниа мужийн баруун хэсэгт байрладаг бөгөөд Алберт Лекси нь долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагийн өглөө 05:50 минутанд Пеннсилваниагийн Монессен гэх жижиг хотод байдаг гэрээсээ гарч, хоёр цагийн турш яван эмнэлэгт хүрч ирдэг байжээ.

Алберт Лексигээр нэг удаа гутал тослуулах төлбөр нь гурван ам.доллар, жилд нийт 10 мянга орчим ам.долларыг л олдог байсан аж. Тэрбээр олсон мөнгөө эмнэлгийн хүүхдүүдэд хандивлахдаа эрүүл мэндийн даатгалгүй, хүнд өвчтэй хүмүүст тусладаг “Free Care Fund”-аар дамжуулан өгсөн байна.

Тус эмнэлэгт ажиллаж байгаа хүмүүсийн бараг хагас нь өглөө ажилдаа ирэхдээ гуталгүй байгааг анзаарсан эмнэлгийн захирал Гесснер 18 жилийн өмнө Алберттай танилцсан байна. Эмнэлгийн ажилчид өглөө ажилдаа ирэхдээ гутлаа тослуулахаар Албертэд үлдээдэг байсан нь энэ байжээ. “Тэр үнэхээр эелдэг, хөгжилтэй хүн байсан. Хүүхдүүдэд туслахыг анхнаасаа л зорилго болгосон тэрээр хүмүүсийн гутлыг уйгагүй арчиж, тосолдог байсан юм” хэмээн эмнэлгийн захирал хэлсэн байна.

Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засаг нь ч бас үнэлж байжээ. Тухайлбал, 1997 онд “Жефферсоны тэмдэг”, 2001 онд “Хүндэт филантропич” шагнал, 2006 онд “Үндэсний хүнлэг иргэн” шагналыг хүртэж байв. Мөн 1999 оноос эхлэн орон нутгийн нийтийн тээврийн компаниас түүнд бүх насаараа нийтийн тээврээр үнэгүй зорчих тасалбар олгосон байна.

ЭХ СУРВАЛЖ: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж