НИТХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2018.10.26/ Жижиг дунд үйлдвэрийн сангаас зээл авсан УИХ-ын гишүүдийг түдгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авах шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлжээ. Шаардлагад, УИХ-ын гишүүд мэдээлэлд ойр байгаа давуу байдлаа ашиглан эрх мэдлээ урвуулж, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг хувьдаа завших нь төрийн өндөр албан тушаалтны ёс зүйд нийцэхгүй байгааг дурдсан байна.
Түүнчлэн шийдвэр гаргах түвшинд иргэнээ төлөөлж сонгогдон, улсынхаа бодлогыг тодорхойлж, хууль тогтоох байгууллагад ажиллаж буй УИХ-ын гишүүд нь албан тушаалаа урвуулан ашиглах байдлаар хувийн компанидаа зээл авсан нь ёс зүйд нийцэхгүй төдийгүй хөдөлмөр эрхлэлт, үйлдвэржилтийг дэмжих Монгол Улсын бодлогыг алдагдуулж байна гэж үзсэн байна. Жижиг дунд үйлдвэрийн сан нь жижиг дунд үйлдвэр эрхлэгчдэд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг төвлөрүүлэн хөнгөлөлттэй нөхцөл бүхий зээл олгож, тэднийг дэмжих замаар эдийн засагт жижиг, дунд үйлдвэрийн эзлэх байр суурийг бэхжүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилготой зээл олгодог. Иймд улсын бодлогыг алдагдуулж, албан тушаалын хэргийг бий болгож буй танхимын гишүүддээ ёс зүйн хариуцлага тооцож, албан тушаалын хэрэгт нэр холбогдсон гишүүдийнхээ бүрэн эрхийг түдгэлзүүлэх арга хэмжээ авч, Монгол Улсын Их Хурал өөрөө авлигатай тэмцэх үүргээ биелүүлж ажиллахыг шаардсан байна.
Мөн Засгийн газрын тэргүүнээс албан тушаалын гэмт хэрэгт холбогдосн танхимын гишүүдээ чөлөөлөх саналыг УИХ-д оруулж шийдвэрлүүлэх, Жижиг дунд үйлдвэрийн сангаас төрийн өндөр албан тушаалтны даалгавраар зээл олгож, авлигын хэрэг үүсгэсэн сангийн холбогдох удирдлагуудад хариуцлага тооцох, төрийн өндөр албан тушаалтны хамаарал бүхий этгээдэд олгосон сангийн зээлийн хөрөнгийг буцаан төвлөрүүлж, татвар төлөгчдийн хохирлыг барагдуулахыг тус тус шаардсан байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ