“Greenpeace East Asia” олон улсын байгууллага болон Өмнөд Солонгосын хамтарсан эрдэмтдийн баг бидний өдөр тутамдаа хэрэглэдэг давсны 90 хувьд нь микро буюу маш жижиг хэмжээтэй хуванцрын талст агуулагддаг гэдгийг илрүүлжээ. Дэлхийн 21 оронд өргөн хэрэглэдэг 39 төрлийн давсыг харьцуулан судлах явцдаа найрлагад нь хуванцар талст байгааг илрүүлсэн байна.
Дэлхийн хэмжээнд жил бүр дунджаар 300 сая тонн хуванцар хог байгальд хаягддагийн ихэнх хувь нь далай, тэнгист хаягддаг. Хиймэл дагуулаас авсан зураг дээрээс Номхон далайд хогон арал үүссэн байдаг.Тэнд 20 мянга гаруй тонн хуванцар хаягдал байгаа гэсэн статистикийг олон улсын шинжээчид гаргасан. Дээрх судалгаанд хамруулсан 39 төрлийн давс нь бүгд далайн давс байсан ба ихэнх Азийн орнууд тэр дундаа Индонезид үйлдвэрлэсэн давс дийлэнх хувийг эзэлжээ. Ердөө гурван төрлийн давснаас хуванцар илрээгүй нь Франц, Хятад, Тайваньд үйлдвэрлэсэн давс байв.
Давсан дахь хуванцрын хэмжээ нь таван миллиметрээс томгүй, давстай ижил өнгөтэй учир энгийн нүдээр хараад ялгахааргүй байсан байна. Судалгааны үр дүнд насанд хүрсэн хүн жилд дунджаар 2000 ширхэг хуванцрыг давстай хамт иддэг гэсэн тоо гарчээ. Одоогоор тэдгээр хуванцрууд нь хүний биед хэрхэн нөлөөлдгийг тогтоогоогүй байгаа ба хулгана дээр явуулсан туршилтын үр дүн тийм ч сайнгүй байсан гэж судалгааны багийнхан мэдээлсэн байна.
Эх сурвалж: KOREATIMES
Холбоотой мэдээ