АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын хувийн гар утсыг Орос, Хятадын тагнуулчид чагнаж байсан тухай мэдээллийг өнгөрсөн Лхагва гаригт /2018.10.24/ Нью-Йорк таймс сонинд мэдээлж байжээ. Харин Трамп үүнийг үл тоон Iphone гар утсаараа дуудлага хийсээр байгаа аж.
Трампын туслахууд нь түүнд гар утсыг нь Оросын тагнуулчид чагнаж байж магадгүйг өмнө нь удаа дараа анхааруулж байв. Гэхдээ туслахууд нь Трампын гар утсаараа ярих зуршлыг хориглож дийлээгүй байна. Трамд өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш цагаан ордны утсыг бус хувийн гар утсаараа дуудлага хийхийг илүүд үздэг болсон байна. Харин шинжээчдийн үзэж байгаагаар, гар утсыг нь хакердах боломжтой гэдгийг Трамп мэдэж байсан төдийгүй, утсаараа хэнтэй, юу ярихаа маш сайн мэдэж байгаа гэнэ.
Түүний гар утсыг чагнасан Хятадын тагнуулчдын гол зорилгыг Америк, Хятадын худалдааны дайнтай холбоотой хэмээн албаныхан үзэж байгаа аж. Тухайлбал, тэд Трампын Blackstone группийн захирал Стефен Шварцман болон Стийв Виннтэй ярьсан яриаг чагнаж байсан байна. Стийв Винн нь Макаод “Винн Макао” гэх мөрийтэй тоглоомын газартай төдийгүй 2018 оны нэгдүгээр сард бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдан, Америкийн Бүгд Найрамдах намын санхүүгийн хорооны даргын албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Харин Blackstone группийг дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын компани гэдгээр нь хүмүүс мэддэг билээ.
Дональд Трамп өчигдөр /2018.10.25/ твиттер хуудсандаа өөрийгөө зөвхөн цагаан ордны дотуур утас болон засгийн газраас өгсөн гар утсыг л хэрэглэдэг гээд, өөрийнх нь хувийн Iphone утсыг Орос, Хятадын тагнуулчид чагнадаг гэсэн мэдээллийг үл хайхарсан байдалтай байгааг ажиглагчид онцолжээ. Харин Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чин Ин энэхүү мэдээллийг няцаасан мэдээллийг хийгээд байгаа. Тэрбээр, “Ийм худлаа мэдээллийг зохион байгуулалттайгаар олон нийтэд танилцуулсан хүмүүст Оскарын шагнал өгвөл таарна” гэж тэрээр мэдэгдсэн төдийгүй Америкийн ерөнхийлөгчийг Apple брэндийн утсандаа итгэхгүй байвал Хятадын Huawei утсыг хэрэглэхийг зөвлөжээ.
Түүнчлэн Трамп амиа алдсан Саудын Арабын сэтгүүлчийн тухай мэдээллийг хувийн гар утсаараа авахыг хүсээгүй байна.
ЭХ СУРВАЛЖ: CNN
Ө.ПҮРЭВХҮҮ
Холбоотой мэдээ