УИХ-ЫН ГИШҮҮН М.ЗОРИГТ ТОЙРОГТОО АЖИЛЛАЖ БАЙНА.
УИХ-ын гишүүн М.Зоригт Баруун-Урт суманд ажиллаж, иргэд хөдөлмөрчидтэй уулзлаа. Аймгаас УИХ-д сонгогдсон М.Зоригт гишүүн жилдээ нэгээс хоёр удаа тойргийнхоо бүх сум, багаар тойрч, иргэд, сонгогчидтойгоо уулздаг уламжлалын дагуу ийнхүү тойрон ажиллаж байгаа юм. Ингэж явах бүртээ тухай тайлант хугацаанд хийсэн ажлаа багтаасан сонины тусгай дугаар бэлтгэн иргэдийн гарт хүргэдэг болж, анх "Ардын эрх", удаад нь "Шинэ Сүхбаатар", энэ удаад "Сүхбаатарын өнгө" сонины 24 нүүртэй тусгай дугаарыг бэлтгэн 20 мянган хувь хэвлэн тараасан гэв. Гэсэн хэдий ч уулзалтанд оролцсон 200 гаруй иргэдээс уг сониныг хүлээн авч, танилцсан хүн цөөн байсан юм. УИХ-ын гишүүн аймгийн удирдлагуудад цаашид "Сүхбаатарын өнгө" сониноор дамжуулан төр засгийн мэдээ мэдээллийг иргэдэд тогтмол хүргэж байх, иргэдийг ч мөн орон нутгийнхаа хэвлэлийг захиалан уншихыг уриаллаа.
Тэрбээр Шинэчлэлийн засгийн газар унаж, Шийдлийн засгийн газар байгуулагдсанаар авч хэрэгжүүлж буй бодлогын талаар иргэдэд товч мэдээлэл өгсөн юм. Иргэдийн дунд асуулт болоод буй одонтой эхчүүд, хүүхдийн мөнгийг олгох асуудлыг хэвээр үлдээж, цалин тэтгэмж өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдэхээр болсныг дуулгалаа. Улсын эдийн засаг хүнд хэцүү байгаа хэдий ч Сүхбаатарчууд хямрал ярихгүй, бүтээн байгуулалт ярина гэв. Тийм ч учраас хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлууд эхнээсээ хийгдэж, бүтээн байгуулалтын нээлтүүд ар араасаа хөвөрсөөр байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд өчигдөр 50 ортой эх, хүүхдийн төрөх эмнэлэг албан ёсоор ашиглалтад орсныг баяртайгаар дуулгалаа.
Мөн ирэх онд хийгдэхээр төлөвлөсөн ажлууд график ёсоор үргэлжлэх болно гэдгийг амалсан юм. Иргэд малын хөлийн татварын талаар түүнээс тодруулахад, “Баруун аймгийнхан Малын хөлийн татварыг дэмжиж байгаа. Газар нутаг нь уулархаг болохоор бэлчээрийн талбай багатай, иймээс Бэлчээрийн тухай хууль, Малын хөлийн татварын тухай хуулийг баталж өгөөч гэсэн хүсэлтийг тэд тавьдаг. Харин тал нутгийнхан бол бэлчээр хомсдох асуудалтай бараг тулгарч үзээгүй. Зүүн, баруун бүс байтугай нэг аймгийн сумд дотроо өөр өөр байр сууртай байгаа нь ажиглагдаж байна. Гэтэл Монгол Улсын хууль гэдэг Монгол Улсын бүх иргэнд адилхан үйлчлэх ёстой. Тиймээс энэ хуулийг зөвхөн хангайнханд зориулж гаргаж болохгүй. Баталлаа л бол бүх аймаг, сум, баг нэгэн адил мөрдөх ёстой. Гэхдээ энэ хуулийн төсөл маш уян хатан заалттай байхаар боловсруулагдсан болохоор малын хөлийн татварыг хэдээр тогтоох вэ, хэдий хугацаагаар авах вэ гэдгээ малчид өөрсдөө шийдэх боломжтой, татвараас бүрдсэн орлогыг юунд, хэрхэн зарцуулах вэ гэдгээ шийдвэрлэх эрхтэй. Тухайлбал, танай суманд таван худаг хэрэгтэй бол түүнийг санхүүжүүлэх 100 сая төгрөгийг малын хөлийн татвараараа шийдвэрлээд, шаардлагатай хөрөнгийг бүрдүүлсний дараа татварыг зогсоож болно” гэсэн юм.
Э.ИРЭХБАЯР