Трампын “заналхийлэл”

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Трампын “заналхийлэл”

Трампын “заналхийлэл”

АНУ-ын томоохон улс төрчид, нэр нөлөө бүхий албан тушаалтнуудад илгээгч нь тодорхойгүй тэсрэг бөмбөгтэй илгээмж ирсэн хэрэг гарч АНУ-ыг сандралд оруулаад байгаа билээ. Дэлхий нийт ч энэ хэргийн талаар чих тавин хүлээж байгаа юм. Тэсрэх бөмбөг бүхий илгээмж хамгийн анх мягмар гариг буюу аравдугаар сарын 23-ны өдөр АНУ-ын тэрбумтан, улс төрийн идэвхтэн, Ардчилсан намыг дэмжигч Жорж Соросын гэрт иржээ. Үүний дараагаас АНУ-ын экс ерөнхийлөгч Барак Обама, Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон тэргүүтэй хүмүүст илгээгдсэн байна.

Тагнуулын төв газар /ТТГ/ илгээмжийг хэн, ямар зорилгоор , хаанаас илгээснийг олж илрүүлэхээр ажиллаж байгаа юм. ТТГ мөрдлөгийн талаар тодорхой мэдээлэл өгөхгүй байгаа бөгөөд албан бус эх сурвалжийн мэдээлж байгаагаар нэг илгээмж нь Флоридагаас илгээгдсэн байж болзошгүй байна.

Нью-Йорк хотын захирагч Билл Дэ Бласио хэвлэлийн бага хурал дээр “Энэ бол террорист халдлагын нэг хэлбэр. Улс төрийн албан тушаалтнууд, намын гишүүдэд хандаж хэлэхэд аливаа үзэн ядалт, дайсагналыг бүү хөхиүлэн дэмж, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зэвсэг болгон ашиглахаа зогсооцгооё ” хэмээн хэлжээ.

ТЭСРЭХ БӨМБӨГТЭЙ ИЛГЭЭМЖ ЯМАР ХҮМҮҮСТ ИРСЭН БЭ?

Тэсрэх бөмбөг бүхий илгээмж ирлээ гэсэн дуудлага Нью-Йорк, Вашингтон, Флорида гэсэн газруудаас ТТГ-т иржээ. ТТГ-ын мэдээгээр дараах хүмүүст уг илгээмж ирсэн байна:

  • Төрийн нарийн бичгийн дарга асан Хилари Клинтон
  • Экс ерөнхийлөгч Барак Обама
  •  Тагнуулын төв газрын дарга асан Жон Бренан
  • АНУ-ын ерөнхий прокурор асан Эрик Холдер
  • Калифорни мужийн ардчилсан намын гишүүн Максин Уотерс
  • Жүжигчин Роберт Де Ниро
  • Тэрбумтан, улс төрийн идэвхтэн Жорж Сорос зэрэг хүмүүс рүү дээрх илгээмжийг илгээжээ. Үүнээс гадна хэн нэгэнд хаяглагдаагүй хоёр илгээмж олдсон бөгөөд нийт 10 илгээмжийг одоогийн байдлаар олж илрүүлээд байгаа юм байна.

Жон Бренанд хаягласан илгээмж нь CNN агентлагийн байранд ирсэн байна. Учир нь Жон Бренан маргааш өдөр нь CNN агентлагт ярилцлага өгөхөөр ирэх байжээ. Үүнээс гадна дэд ерөнхийлөгч асан Жое Биденд хаягласан байж болзошгүй өөр нэг илгээмжийг ТЕГ олжээ. Калифорни мужийн ардчилсан намын гишүүн эмэгтэй Максин Уотерс өөрт нь ийм илгээмж ирсэнд үнэхээр эмзэглэж байгаа ба маш их түгшүүртэй байна хэмээн мэдээлжээ.

Тагнуулын төв газрын дарга асан Жон Бренон твиттер хуудаснаа “Бусдыг буруутгахаасаа өмнө өөрийгөө толинд хар. Бусдыг өдөөн хатгасан, хүчирхийллийн шинжтэй, худал хуурмаг зүйлийг сурталчлах нь гутамшигтай хэрэг” хэмээн жиргэсэн байна.

Флоридад болсон намын үйл ажиллагаан дээр Хилари Клинтон ”Үнэхээр төвөгтэй асуудал үүсч байна. Энэ үйл явдал манай улс хэрхэн хэдэн хэсэг хуваагдсаныг харуулж байна гэж би бодож байна. Бид улс орноо дахин нэгтгэхийн төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэй байна. Үүнийг хийж чадах нэр дэвшигчийг бид сонгох ёстой. Би болон манай гэр бүлийнхэн одоо аюулгүй болж, тайвширсан. Түргэн шуурхай ажилласан Аюулгүйн албаныханд талархсанаа илэрхийлж байна” гэжээ.

ИЛГЭЭМЖИД ЯГ ЮУ БАЙСАН БЭ?

Бор цаасан дугтуйнд гар аргаар хийсэн гуурсан хоолой бүхий жижиг тэсрэх төхөөрөмж байсан ба ТТГ-ынхан зарим илгээмжүүдийг эзэнд нь очихоос өмнө хураан авч аюулгүй болгосон байна. Илгээгчийн нэр дээр Үндэсний ардчилсан хорооны дарга асан Дэби Васермэн Шулцын нэрийг бичсэн байжээ. Гэхдээ түүний нэрийг алдаатай бичсэн байв. Нью-Йорк хотын цагдаагийн газрын төлөөлөгч Жэймс Онэйлийн хэлснээр Жон Бенанд хаягласан CNN рүү илгээсэн дугтуйн дотор тэсрэх бөмбөгнөөс гадна цагаан өнгийн нунтаг зүйл байсан гэв.

 

 

ИЛГЭЭМЖҮҮДИЙГ ХЭН ИЛГЭЭВ?

Энэ бол хамгийн анхаарал татсан асуулт. Зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд одоогийн ерөнхийлөгч Дональд Трампыг уг хэрэгт буруутгасан байна. Учир нь илгээмжүүд бүгд Дональд Трампын өрсөлдөгчид буюу Ардчилсан намынхан болон тэднийг дэмжигчид, Трампыг шүүмжлэгчдэд хаягласан байгаа юм. Харин Трамп уг мэдээллийг хүчтэй эсэргүүцэж “Эцэс төгсгөлгүй дайсагналаа зогсоо. Улс төрд ийм ёс суртахуунгүй үйл явдал байж болохгүй.АНУ-д ийм хүчирхийлэл, заналхийлэл оршин тогтнох зай байхгүй. Энэ бол Ардчилсан намынхны өөрсдийнх нь хийж байгаа үйл ажиллагаа” хэмээн мэдэгдээд байсан бол пүрэв гаригийн өглөө твиттертээ “Энэ бол худал мэдээлэл. Үүнээс болж улс орон даяараа цочролд орж байна. Хэвлэл мэдээллийнхэн ингэж худал мэдээлэл тараахаа хурдан зогсоо” хэмээн бичсэн байна.

Трампын дэмжигчид үүсээд байгаа үйл явдлыг удахгүй болох завсрын сонгуультай холбож байгаа аж. Тэдний үзэж байгаагаар энэ нь завсрын сонгуульд ялахын төлөө эсрэг намын хийж байгаа бохир жүжиг гэж тайлбарлажээ.

Зарим хүмүүс үүний цаана үндсэрхэг, хэт барууны үзэлтнүүд байгаа гэж таамаглаж байгаа юм. Ямартай ч ердөө хоёр долоо хоног орчмын дараа Конгрессын завсрын сонгууль болох гэж байгаа үед ийм хэрэг гарсан нь Америкийн улс төрийн хуваагдлыг улам нэмэгдүүлэх зорилготой байж магадгүй гэж шинжээчид дүгнэж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж