“Сайхан зүйл ярьж төсөл хэрэгжүүлдэг ч үр дүнгүй байна”

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Live“Сайхан зүйл ярьж төсөл хэрэгжүүлдэг ч үр дүнгүй байна”

“Сайхан зүйл ярьж төсөл хэрэгжүүлдэг ч үр дүнгүй байна”
16 : 21
2018-10-26

“Сайхан зүйл ярьж төсөл хэрэгжүүлдэг ч үр дүн нь харагдахгүй байна”

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос Монгол Улсын Ерөнхий сайдад хандан Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар асуусан асуулгын хариуг  Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа. 

Тэрбээр танилцуулгадаа “Гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж байгаа нийт 59 төсөл хэрэгжүүлэгч нэгж  байгуулсан байна. Эдгээр төсөл хэрэгжүүлэх нэгжээс гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээс санхүүждэг  53 төсөл, улсын төсвийн санхүүждэг зургаан төсөл хэрэгжүүлэгч нэгж тус тус байгаа бөгөөд нийт 468 төслийн ажилтантай, үйл ажиллагааны зардал нь дунджаар  24 тэрбум орчим төгрөгийг зарцуулж байна. Монгол Улсын Засгийн газар хөгжлийн түншүүдээс авч байгаа хөнгөлөлттэй зээл тусламжийн эх үүсвэрээр хэрэгжүүлж буй төсөл арга хэмжээнүүдийн дийлэнх нь нийгмийн өгөөжтэй, нэн ялангуяа төсвөөс санхүүжүүлэн хэрэгжүүлэхэд эх үүсвэр хүрэлцдэггүй дэд бүтэц, автозам, эрчим хүчний салбарт хэрэгжиж байна.

Манай улс 1991 оноос хөгжлийн албан ёсны тусламжийн хүрээнд түншлэгч орон, олон улсын байгууллагуудаас хөнгөлөлттэй  нөхцөлтэй зээл, буцалтгүй тусламжийг авч хэрэгжүүлж ирсэн. гадаадын зээл тусламжийн эх үүсвэрээр  санхүүжүүлэн хэрэгжүүлэх төсөл арга хэмжээг 2015 он хүртэлх хугацаанд гадаадын зээл тусламжийг  зохицуулах тухай хууль түүнийг дагалдан гарсан эрхзүйн актаар зохицуулагдаж байсан. 2015 онд батлагдсан Өрийн удирдлагын тухай хуулиар  10 гаруй салангид  хууль тогтоомжоор зохицуулагдаж ирсэн харилцааг энэ хуулиар нэгтгэн зохицуулж байна” гэлээ.

Асуулгатай холбогдуулан гишүүд асуулт асуусан юм. Тухайлбал гаднын томоохон төслүүд хөрөнгө оруулалт, зээл тусламжийн гацаа байсаар л байгаа” гэсэн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “ Хүлээгдэж байгаа төслүүдэд асуудал байгаа нь үнэн. Хоёр талдаа л асуудал байна. 2018 онд үүссэн асуудал  бол 2018 оны төсөв батлагдахдаа гадаадын зээл тусламжаар санхүүжүүлдэг төслийг 134 тэрбум төгрөгөөр  хассан. Энэ хэмжээгээр эргээд  төслүүдийн үйл ажиллагаанд нөлөөлсөн. Энэ жил 2019 оны төслийн төсөлд гадаадын зээл тусламжаар  санхүүжигдэх төслөөс дахин 120 тэрбум гаруй төгрөг хассан. Энэ эргээд л төслийн хэрэгжилтийн үр дүнд сөргөөр нөлөөлдөг. Төслийн нэгжүүдийн буруутай үйл ажиллагаатай  холбон тайлбарлахад ярвигтай.  Мөн төслийн хүмүүсийг сольдог эсвэл бүх зүйл нь шийдэгдээд эхлэхэд газрын маргаан гардаг тал бий. Төслийн хэрэгжилтийг яаж үр дүнтэй болгох уу гэдгийг тал бүрээс нь бодсоны эцэст 2019 оны төсөвт Сангийн сайдын багцад оруулсан байгаа. Ингэснээр дээрх асуудлууд цэгцлэгдэнэ гэж харж байгаа. Санхүүжилтэй холбоотой хүндрэл бэрхшээл 2019 онд бага гарна гэж хэлмээр байна” гэлээ.

Түүнчлэн гадаадын зээл, буцалтгүй тусламж болон техникийн тусламжаар БСШУСЯ-д нийт нийт 23 төсөл хэрэгжиж байгаа аж. Үүнээс 11 нь буцалтгүй тусламж. 12 нь хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж байна. Азийн хөгжлийн банкнаас тус яамд зургаан төсөл хэрэгжиж байгаа гэнэ. 

УИХ-ын гишүүдийн зүгээс үр ашиггүй олон төсөл хэрэгжиж байгааг шүүмжиллээ. Мөн төслүүдийн хяналтыг сайжруулах, гадаадын зээл тусламжаар хэрэгжиж байгаа үйл ажиллагааны судалгаа бодитой байх ёстой гэдгийг сануулсан юм.

УИХ-ын гишүүн О.Батнасан:

Төслийн нэгж гэдэг байгууллага бол төслийг үр дүнтэй ажиллуулах ёстой байгууллага. Гэтэл энэ байгууллагуудыг хараад байхад  урьдчилаад төслийн нэгжийг байгуулчихдаг атлаа төсөл хэрэгжихээ больчихдог тал бий. Төслийн нэгжийг түрүүлээд байгуулчихаар урсгал зардал нэлээд гардаг. Тухайлбал, Хилийн үйлчилгээг сайжруулах бүс нутгийн хөгжил төсөл байна. Энэ нэгж нь Сангийн яаманд байдаг. Үүнийг болиулж бодлогын яамандаа харьяалагдаж болдоггүй юм уу. Сангийн яам төвлөрүүлэх шаардлагагүй гэж харж байна. Хэрэв бодлогын яамдаа байвал ядаж салбарын бодлогоо сайжруулахад тус болно.  Мөн БНХАУ-ын 1 тэрбум ам.долларын зээлд хамрагдсан  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслийн явц ямар байгаа вэ.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

Тухайн төсөл нь батлагдсаны дараа төслийн нэгж нь байгуулагддаг. Төсөл нь батлагдаагүй байхад нэгж байгуулах хууль эрхзүйн үндэслэл бүрддэггүй. Хил орчмын үйлчилгээг сайжруулах бүс нутгийн хөгжил  төсөл нь боомттой холбоотой асуудал учраас манай яаманд байгаа. Учир нь Сангийн сайд Боомтын үндэсний зөвлөлийн дарга нь байдаг. Боомттой холбоотой асуудал яригдаж байгаа учраас Сангийн яамд байгаа. Хятадын 1 тэрбум ам.долларын зээлийг хөөцөлдөж байгаа. 2019 онд нилээд олон ажил хийгдчих болов уу гэсэн хүлээлттэй байна. Хятадын талаас хэрэгжиж байгаа төсөл дээрээ журмаа өөрчилсөн. Хуучин холбогдох байгууллагууд нь журмаа баталдаг байсан бол одоо өөр болсон. Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төсөлд асуудалгүй хариу нь ирнэ. 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

Би уг нь  Монгол Улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төслийн нэгжүүдийн талаар асуулга асуусан боловч гадаад, дотоодын зээл тусламжаар хэрэгжиж байгаа нийт төслүүдийн хариулт ирсэн. өгсөн хариултуудаас тодорхой мэдээллүүдийг харлаа.  Өнөөдөр манай улсад гадаад, дотоодын зээл тусламжийн хүрээнд нийтдээ 47 төсөл хэрэгжиж байгаагаас 400 гаруй хүн ажиллаж байгаа юм байна. Засгийн газрын шийдвэрээр улсын төсвийн хөрөнгөөр олон төслийн нэгжүүд байгуулагдаж байгаа. Төслийн нэгж нь байгуулагдчихаад төсөл нь хэрэгждэггүй нь үнэн. Жишээ нь Эгийн голын усан цахилгаан станц. Нэлээд их хөрөнгөөр төслийн нэгжийг байгуулсан атал өнөөг хүртэл үр дүн байхгүй. Тиймээс цаашид энэ асуудалд анхаарах ёстой. Саяны хэлсэнчлэн Дээд боловсролын шинэчлэлийн төсөл амжилттай хэрэгжиж байгаа гэлээ. Амжилттай хэрэгжиж байгаа юм бол яагаад цагаан захтай ажилгүйчүүд олон байгаа юм бэ. Яагаад мэргэжлийн боловсролын салбар хөгжихгүй байгаа юм бэ. Мөн гэр хорооллыг хөгжүүлэх зорилгоор Германаас 50 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг аваад зарцуулчихсан. Гэтэл утаа алга болсонгүй. Гэр хорооллыг хөгжүүлэх тодорхой бодлого чиглэл гарсангүй. Мөн эрчим хүчийг сайжруулах чиглэлээр Германаас төсөл хэрэгжүүлсэн. Тус төслийн 55 хувь нь буцаад зөвлөх үйлчилгээний зардалд зарцуулагдсан. Ийм байдлаар төслүүдийн үр өгөөж нь харагдахгүй байна. Төсөл хэрэгжихээс өмнө их сайхан зүйл ярьдаг. Гэтэл бодит байдалд үр дүн байдаггүй. Японоос 80 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр экспортыг дэмжих төсөл хэрэгжүүлж байгаа.  Гэтэл 5700 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнээс хэд нь өнөөдөр экспортод татваргүй гарч байна вэ. Төслийн нэгжүүд хэр хангалттай ажиллаж байна вэ гэдэг хяналт байна уу.

Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:

С.Бямбацогт гишүүний хэлж байгаа зарим зүйлтэй санал нэг байна. Зарим төсөл  үр дүнгүй байгаа нь үнэн. Анх төсөл авахдаа их гоё гоё зүйл бичигддэг. Гэтэл замын дундаа бэрхшээл учирсан шалтгаанаар төслийн үр өгөөж нь  буурдаг тал бий. Үүнийг цаашид бууруулж, зээл гэдэг зүйлийг багасгаж хөрөнгө оруулалтыг дэмждэг орчин руу оръё гэсэн бодлогыг Засгийн газар барьж ажиллаж байгаа. Хэрэгтэй, хэрэггүй олон төслүүдээс залхаж байна. Цаашид үүнийг багасгаж хувийн хэвшил амжилттай хийчих боломжтой зүйлийг хувийн хэвшил нь өөрсдөө хийг. Эгийн голын усан цахилгаан станцыг анх Хятадын зээлээр хийнэ гээд эхлүүлсэн боловч зогссон. Төслийн үр ашгийг нэмэгдүүлэх чиглэлээр Засгийн газар, УИХ анхаарч ажиллах ёстой. Аль болох зээлийг бага авах ёстой юм билээ.

Ингээд гишүүд үг хэлж дууссанаар баасан гаригийн чуулганыг өндөрлүүллээ.

12 : 55
2018-10-26

Польш улсад ажилласан иргэдийн жилийг тооцож, тэтгэвэр олгоно

УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хооронд байгуулсан “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь-II төсөл”-ийн Санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг баталъя гэсэн томьёоллоор санал хураахад  79.7 хувиар гишүүд дэмжлээ.

УИХ-ын гишүүн А.Ундраа:

-Уур амьсгалын өөрчлөлтөд манай улс хамгийн өртөмхий байгаа. Мөн сүүлийн жилүүдэд газар  хөдлөлтийн давтамж, цунами, хар салхи зэрэг байгалийн онцгой үзэгдлүүдийн давтамж дэлхий нийтэд нэмэгдэж байна. Манай улс өнгөрсөн жил үер ус элбэгтэй байлаа. Мөн сүүлийн хэдэн жил ган гачиг болж газрын гадаргуу хатах, гол мөрөн ширгэх зэрэг байгаль цаг уурын олон асуудал тулгамдаж байна. Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь  зэрлэг ан амьтан, ургамал, мал хүн бүхэнд хамааралтай. Төслийн үр өгөөжийг  Герман улсын тал сайн болсон гэж дүгнэсэн нь сайшаалтай хэрэг. 28-хан мазаалай үлдсэн.  Мазаалайг хамгаалах чиглэлээр юу хийж байна вэ. Мөн цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдаж байгаа газар нутгуудад тухайн газар нутгийн онцлогт нь тохирсон ямар арга хэмжээг авч байна вэ. Цаашид төслийн үр өгөөжийг хэрхэн нэмэгдүүлэх вэ.

БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат:

-Мазаалай хамгаалах чиглэлд  БНХАУ-ын буцалтгүй тусламжаар төсөл хэрэгжиж байгаа. Мөн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн төлөөлөл судалгааны чиглэлээр  хамтран ажиллах санал тавьсан.

Үүний дараа Нийгмийн хамгааллын тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбогдуулан  гишүүд байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

-Бүгд Найрамдах Польш Улсад манай улсын хэчнээн иргэн ажиллаж, амьдарч байгаа вэ. Нийгмийн хамгааллын баталгаа нь хангагдахгүй байгаа хэчнээн иргэн байна вэ. Гаднын улсад ажиллаж амьдарч байгаа иргэдийнхээ эрхийг хамгаалах мөн нийгмийн хамгааллын асуудлыг нь баталгаажуулах тал дээр санаачилгатай ажиллаж байгаад баяртай байна. Уг хэлэлцээр байгуулагдсанаар Бүгд Найрамдах Польш Улсад мөн эх орондоо ажиллаж байсан хугацаагаар тэтгэвэр тогтоолгох боломж үүснэ гэж ойлголоо. Энэ тухай тодруулж хэлнэ үү. Мөн эрүүл мэндийн даатгалын асуудал нь шийдэгдэх үү. Тухайн улсын нийгмийн хамгааллын чиглэлээр авч хэрэгжүүлж байгаа бодлого чиглэлд нь манай улсын иргэд хамрагдаж чадах эрх үүсэх үү.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

-Элчин сайдын яамдтай хамтарч гаргасан судалгаагаар Бүгд Найрамдах Польш Улсад манай улсын 940 иргэн ажиллаж амьдардаг гэсэн судалгаа гарсан. Бүгд Найрамдах Польш Улсад амьдарч байгаа монголын иргэд  эрүүл мэндийн даатгалаа төлдөг. Нийгмийн даатгалын шимтгэлээ Польш улсад төлж байгаа хэдий ч тус улсын хуулийн дагуу нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж авах эрх нь үүсдэггүй.  Монголдоо нийгмийн даатгал, шимтгэлээ төлөөгүй учраас Монгол Улсаасаа нийгмийн даатгал хүртэх эрх нь мөн  хязгаарлагдмал байгаа. Монгол Улс, Бүгд Найрамдах Польш Улс хооронд байгуулсан  нийгэм хамгааллын тухай хэлэлцээрийн дагуу тус улсад ажилласан жил төлсөн нийгмийн даатгалын шимтгэл, Монгол Улсад ажилласан жилийн нийгмийн даатгалын шимтгэлээ нэгтгэж Польш улсад ажилласан. Тухайлбал, Польш улсад ажилласан жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн жилд оногдох тэтгэврээ Польш Улсын талаас харин Монгол Улсад ажиллаж нийгмийн даатгал, шимтгэлээ төлсөн жилдээ оногдох тэтгэврээ монголынхоо нийгмийн даатгалын сангаас авах эрх нь үүсэх юм. Мөн тэтгэмжүүд авах эрх бий болно. Одоогоор Унгар, БНСУ-тай нийгмийн хамгааллын чиглэлээр хэлэлцээр байгуулаад ажиллаж байна.

Ингээд гишүүд үг хэлж дууссаны дараа тус хуулийн төслийг гишүүдийн олонх дэмжиж, баталсан юм.

Үүгээр үдээс өмнөх чуулганы хуралдаан завсарлалаа. Үдээс хойш чуулганы хуралдаан гишүүдийн асуулгын хариуг сонсоно. 

12 : 04
2018-10-26

Зургаан иргэн Казахстан улсад ял эдэлж байна

Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн батлахыг гишүүдийн 71.1 хувь дэмжлээ.

Өнөөдрийн байдлаар хилийн чанадад 174 монгол иргэн тухайн улсынхаа шүүхийн шийдвэрээр ял эдэлж байгаа бол гадаадын 19 иргэн шүүхийн шийдвэрийн дагуу Монгол Улсад хорих ял эдэлж байгаа аж.  Үүнээс Бүгд Найрамдах Казахстан Улсад манай улсын зургаан иргэн ял эдэлж байгаа. Гэхдээ тус улс руу зорчих Монгол Улсын иргэдийн хөдөлгөөн сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа бөгөөд дээрх төрлийн хэлэлцээрийг улс орнуудтай байгуулах нь монгол иргэдийн эрх ашгийг хилийн чанадад хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг  хууль санаачлагч онцоллоо.

УИХ-ын гишүүн Н.Оюундарь:

Уг хуулийн төслийг дэмжиж байна. Аль аль тал нь өөрийн улсдаа ялаа эдлэх нь зөв. Манай улсаас  Бүгд Найрамдах Казахстан Улсад ял эдэлж байгаа зургаан иргэн байгаа. Тэгвэл Монгол Улсад Казахстан Улсын хэчнээн иргэн ял эдэлж байгаа вэ.

Ажлын хэсэг:

 Монгол Улсад Казахстан Улсаас ял эдэлж байгаа иргэн байхгүй. Манай улсын зургаан иргэн Казахстан улсад ял эдэлж байгаа. Нэг иргэн Монгол Улс руугаа шилжих хүсэлт тавьсан. Уг хүсэлтийн дагуу бид ажиллаж байна.

11 : 33
2018-10-26

С.Чинзориг: Бичил бизнес эрхлэгчдийг ЖДҮ-ийг дэмжих сан руу татаж болохгүй

Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал хураалт явагдаж байна.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Жижиг дунд үйлдвэрийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагууд чиг үүрэгт нь нэмж өгмөөр  нэг асуудал байгаа юм. Жижиг дунд бизнес эрхлэгчид бүтээгдэхүүнээ харьцангуй үйлдвэрлээд сурчихсан. Хамгийн гол нь бүтээгдэхүүний борлуулалт худалдан авалтын асуудал тулгамдаж байна. Тиймээс энэ асуудлыг төрийн захиргааны байгууллагууд нь үүрэгдүүлж өгмөөр байна.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Хуулийн төслийг дэмжиж байна. ААНОАТ тушаадаг 93 мянган аж ахуй нэгж бий. Үүнээс яг энэ хуулийн төсөлд хамаарагдах 91 мянган аж ахуй нэгж байгаа. Нэг болгоомжилж байгаа зүйл нь татварын шинэчилсэн хуулиар татварт оногдох орлогын хэмжээ нь 6 тэрбум төгрөгөөс доош бол 10 хувьдаа үлдэж байгаа. Энэ нь татварт орж ирэх бааз суурь нь багасаад байгаа юм л даа. Татварын бүрдэлтэд эрсдэл үүсэх вий гэж харж байна.

ХНХ-ын сайд С.Чинзориг:

Жижиг, дунд үйлдвэрийн сангаас жижиг зээл олгохтой холбоотой асуудлыг 2016 онд хуулийн зохицуулалтаар зааглаж өгсөн. 50 хүртэлх сая төгрөгийн борлуулалтын орлоготой бол бичил бизнес эрхлэгч  гэж үзэн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дэмжих сангаас жижиг зээл олгодог болсон. Би  Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төслийг дэмжиж байгаа. Гэхдээ бид хоёр нэг асуудал дээр зөрчилдөөд байгаа юм. Бичил бизнес эрхлэгчид нь  Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан дэмжих сангаас жижиг зээлээ аваад явж байя л даа. Бүх зээлийг Жижиг, дунд үйлдвэр  рүү татаж болохгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зөвхөн иргэнд л жижиг зээл олгох болно. Харин жижиг аж ахуй нэгж буюу нөхөрлөл, хоршоодод хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас жижиг зээл олгож болохгүй юм. Тиймээс энэ хоёрын ялгаа заагийг  би 2015 онд ХНХ-ын сайд байхдаа зааглуулсан. Тиймээс үүнийг хэвээр нь үлдээж өгөхийг гишүүдээсээ хүсч байна. Ж.Ганбаатар гишүүнээ та зөвхөн жижиг дунд үйлдвэрийн асуудлыг ярь. Бичил бизнес эрхлэгчдийг ЖДҮ-ийг дэмжих сан руу татаж болохгүй.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

С.Чинзориг сайдтай санал нэг байна. Хөрөнгөгүй, дөнгөж амь амьжиргаагаа залгуулж ажил үйлчилгээ эрхлэх гэсэн тийм иргэдэд хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас зээл олгодог юм. Гэтэл үүнийг нь ЖДҮ-ийг дэмжих сан руу оруулж болохгүй. Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн төсөл бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан хууль. Тийм учраас бичил гэдэг үгийг хасах хэрэгтэй.

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан бол зөвхөн хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийг дэмждэг хууль. С.Чинзориг сайд та өөрөө хуулиа зөрчих гээд байна. Бичил гэдэг үг зөвхөн манай хуульд орсон. Хэрэв энэ үгийг авчихвал хуулийн төсөл тэр чигээрээ өөрчлөгдөнө.

Ингээд Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй саналууд гарсан учир АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа.

Эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засаг захиргааны онцгой бүс Хонконгийн Засгийн газар хооронд байгуулсан хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр үг хэлэх, асуулт асуух гишүүн байгаагүй учир уг хэлэлцээрийг гишүүдийн 77.2 хувь нь дэмжлээ.

Үргэлжлүүлэн Ялтан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс хооронд байгуулсан гэрээг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ.

10 : 33
2018-10-26

Чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Баасан гаригийн чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд  Жижиг, дунд үйлдвэр үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн "Сум, аймаг, нийслэл, дүүрэгт жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх дэд сантай байх боломжийг энэ хуулиар нээж өгөх ёстой. Аймаг, сумд сантай болъё гэхээр эрхзүйн үндэс нь бүрдээгүй учир болдоггүй. Сангийн хөрөнгийг гадаад, дотоодын эх үүсвэрээр бүрдүүлэх боломжтой. Тухайлбал, Өмнөговь аймаг уул уурхайн компаниудаасаа хөрөнгийн эх үүсвэр босгох боломжтой.

УИХ-ын гишүүн Н.Амарзаяа “Д.Тогтохсүрэн гишүүний саналыг дэмжиж байна. Аймаг, сум бүр жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сантай баймаар байна. Төсвөөс хараат бус аж ахуй нэгж байгууллага, уул уурхайн компаниуд  нь энэ сандаа хөрөнгө төвлөрүүлж  бие даан хөрөнгө санхүүгээ шийдвэрлээд явах эрхзүйн зохицуулалтыг уг хуулийн төсөлд цогцоор нь суулгаж өгмөөр байна” гэдэг саналыг хэлсэн бол УИХ-ын гишүүн М.Билэгт “Чухал хууль орж ирж байна. Гишүүдийн хэлж байгаатай санал нийлж байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сан хөдөөд бараг хүрдэггүй. Эндээс  нь хэсэг бүлэг хүмүүс аваад бүр  сурчихсан. Хөдөө орон нутагт сангийн хүртээмжийг бий болгомоор байна” гэв.

Тус  хуулийн төсөлтэй холбоотой зарчмын зөрүүтэй санал хураалт явагдаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж