Баянгол дүүргийн прокурорын газраас гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр шат дараалсан сургалтуудыг зохион байгуулж байна.
Монгол Улсын Прокурорын байгууллагаас 2018 онд дэвшүүлсэн “Авлига, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баянгол дүүргийн Прокурорын газраас дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, сургуультай хамтран гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирогч болохгүй байх талаар яриа таниулга сургалт зохион байгуулан ажиллаж байна.
Энэ талаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагватай уулзаж ярилцлаа.
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнөөдрийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр МҮИС-ийн багш, оюутнуудад хийсэн сургалт амжилттай болсон байна. Та энэ сургалтын талаар товч мэдээлэл өгнө үү?
-Монгол Улсын Прокурорын байгууллагаас 2018 онд “Авлига, албан тушаал, мансууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх, гэмт хэргийн улмаас хохирсон бага насны хүүхдийн эрх ашгийг хамгаалахад прокурорын хяналтыг чиглүүлж, энэ ажилд хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулах” гэсэн зорилтыг дэвшүүлэн ажиллаж байна.
Энэ зорилтын хүрээнд Баянгол дүүргийн Прокурорын газраас шат дараалсан арга хэмжээг авч, дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл болон Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага, сургуулиудтай хамтран ажиллаж дээр дурдсан гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирогч болохгүй байх талаар яриа таниулга сургалт зохион байгуулж, гарын авлага, тараах материал гаргаж ажиллаж байна.
Өнөөдрийн сургалтын хувьд дээрх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Дүүргийн ерөнхий прокуророос нийт прокуроруудыг чиглэл чиглэлээр баг болгон хувааж удирдамж батлан үүний дагуу хяналтын прокурор Б.Батнасан “Цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь”, Г.Ганхөлөг “Залилах гэмт хэргийн төрөл, түүнээс урьдчилан сэргийлэх нь”, М.Нямжав “Зөрчлийн тухай хуулийн онцлох заалтуудаас” тус тус сургалт явууллаа.
Миний хувьд УЕПГ, ШЕЗ, ЦЕГ, Олон Улсын эрх зүйн хөгжлийн байгууллага IDLO хамтран хэрэгжүүлж буй “Жендерт суурилсан гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэхэд хууль сахиулах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” сэдэвт төсөлд хамрагдан мэргэшин сургагч багшаар ажилладаг учир Баянгол Дүүргийн ерөнхий прокурорын тушаалаар гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, өсвөр насны хүүхдээс үйлдсэн гэмт хэрэгт хяналт тавьдаг. Ингэж прокурорыг томилон мэргэшүүлэн ажиллуулж байгаа нь дээрх төрлийн гэмт хэргийг түргэн шуурхай шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тэднийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой байна.
-Энэ арга хэмжээнд нийт хэчнээн хүн хамрагдсан бэ?
-Өнөөдрийн байдлаар Техникийн үндэсний их сургуулийн 150, Монголын Үндэсний их сургуулийн 250 орчим оюутан, багш нарт гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр сургалт явуулаад байна. Ирэх 7 хоногт Барилгын коллежийн багш, оюутнуудад сургалт явуулахаар төлөвлөсөн байгаа.
-Танай дүүргийн хувьд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийллийн гэмт хэргийн гаралт ямар байдаг вэ?
-Баянгол дүүрэг нь хүн ам, баар, цэнгээний газар ихтэй дүүргийн тоонд ордог. 2018 оны эхний 9 сарын байдлаар хүүхдийн эсрэг гэмт хэрэг нийт 46, хүчирхийллийн гэмт хэрэг 1272 тус тус бүртгэгдэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байна. Эдгээр гэмт хэрэг нь голдуу ахуйн хүрээнд үйлдэгддэг болох нь судалгаанаас харагдаж байна.
Прокурорын байгууллага нь гэмт хэрэг гарсан хойно биш гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлж хууль, эрх зүйн талаас нь иргэдэд ойлголт, мэдээлэл өгч ажиллахыг гол зорилго болгон ажиллаж байна. Энэ ажлын маань үр дүн ч гарч байгаа гэж бодож байна.
-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.
Холбоотой мэдээ