Гэнэтийн шинж чанартай, санамсар болгоомжгүй байдлаас үүссэн, хохирол нь мөнгөөр илэрхийлэгдэх боломжтой эрсдэлийг даатгагдах эрсдэл гэж нэрлэдэг. Ийм эрсдэлийг шилжүүлж авдаг бизнес нь даатгал.
Эрсдэл бол хэзээ ч, хэнд ч учирч болно. Хүний амьдралд учирч болох тааламжгүй үйл явдлын эрсдэлийг бууруулах, учрах хохирлыг хамгийн богино хугацаанд арилгах үр дүнтэй санхүүгийн арга бол даатгал.
Дэлхийн хүн бүр өөрийн гэсэн өмч хөрөнгөтэй байх энгийн хэрэгцээ байдаг бол түүнийг эрсдэлээс хамгаалах арга болох даатгал хүний өөрийнх нь туулж өнгөрүүлсэн бодит амьдралын хэрэгцээнээс үүссэн юм.
Монголын даатгалын салбар шинэ тутам хөгжиж яваа. Хөгжингүй орнуудад даатгалын салбар нь ДНБ-ий 10 хувийг, хөгжиж байгаа орнуудад 4-5 хувийг эзэлдэг бол манай улсад энэ үзүүлэлт 0.5 хувьтай байна.
Эдийн засаг жилд ойролцоогоор 6-8 хувиар өсөж байгаа энэ үед даатгалын салбар мөн адил ийм хэмжээний өсөлт үзүүлэх боломжтой гэж мэргэжлийн байгууллагууд үздэг. ДНБ-ий өсөлт цаашид энэ хэвээр тогтвортой байвал даатгалын салбар 10 дахин өсөхөөр байгаа юм.
Даатгуулагч нь эрсдэл учирч болох бүх зүйлээ даатгалын компани буюу даатгагчид даатгуулж болно. Тухайлбал, эд хөрөнгө, хариуцлага, эрүүл мэнд, орлогоо даатгуулах боломжтой. Товчхондоо, даатгал нь гэрээний бизнес.
Энэ төрлийн бизнес өдгөө эрхэлж буй ердийн даатгалын 15, урт хугацааны даатгалын нэг, давхар даатгалын хоёр, даатгалын зуучлагч 46, хохирол үнэлэгч 28 компани Монгол Улсад бүртгэлтэй байна.
Санхүүгийн зохицуулах хорооноос танилцуулсан энэ оны хоёрдугаар улирлын байдлаар даатгалын болон давхар даатгалын компаниудын нийт хөрөнгө 282.2 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 32.8 тэрбумаар өссөн байна.
Өндөр хөгжсөн орнуудад даатгал айл өрх, албан байгууллага, хүн бүрийн нэн чухал хэрэгцээ болж чадсан байдаг. Өрхийн төсөв, хувийн санхүүгийн төлөвлөгөө зохиохдоо заавал оруулдаг зардлын нэг зүйл болсон.
Орлогоо ухаалгаар зарцуулах нэг хэрэгсэл нь даатгал юм. Энэ нь учирч болох аливаа эрсдэлийг хохирол багатай даван туулахад чиглэсэн хөрөнгө оруулалт юм. Даатгал нь үндсэндээ хэн нэгэнд учрах санхүүгийн эрсдэлийг олон хүнд тархаан байршуулдаг нийгмийн нэг арга хэрэгсэл.
Монгол Улсын Даатгалын тухай хууль анх 1997 онд гарч, дараа нь 2004 онд шинэчлэгдсэн. Даатгалын компаниудын нийт хөрөнгийн салбарын хэмжээнд эзлэх хувийг авч үзвэл ердийн даатгалын компаниудын хөрөнгө 80.4 хувь, давхар даатгалын компанийн хөрөнгө 16.57 хувь, урт хугацааны даатгалын компанийн хөрөнгө 3.03 хувийг тус тус эзэлж байна.
Монголын даатгалын салбараас энэ онд хоёр компани анх удаа дотоодын хөрөнгийн зах зээлд гарч, хувьцаагаа олон нийтэд өмчлүүлсэн. Түүний нэг нь Ард Даатгал ХК. Тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал энэ оны 12 дугаар сарын 1-нд болох гэж байна.
Хурлаар компанийн ТУЗ-ийг сонгож, компанийн дүрмийг хэлэлцэж, батлах юм байна. Мөн дүрмийн сангаа нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх аж. Монголын даатгалын салбарт Ард Даатгал анхдагчдын нэг билээ.
Тус компанийн хувьцааг хоёрдогч зах зээлийн арилжаагаар сонирхсон хөрөнгө оруулагч худалдан авах боломжтой юм.
Хоёрдогч зах зээлийн арилжаагаа энэ сараас эхлүүлсэн Ард Даатгал нийт хувьцааныхаа 30 хувийг олон нийтэд санал болгож, 5.2 тэрбум төгрөгийг олон нийтээс татаж чадсан юм. Анхдагч зах зээлийн арилжааны захиалга олон нийтэд санал болгосон дүнгээс даруй 32.7 хувиар давж биелсэн нь Монголын даатгалын салбарын “супер потенциал”-ийг илтгэсэн үйл явдал болсон юм.
Хөрөнгийн зах зээл өндөр түвшинд хөгжсөн орнуудад хөрөнгө оруулагчдын багц дотор даатгалын компанийн хувьцаа багагүй хувийг эзэлж байна. Энэ нь хамгийн өгөөжтэй үнэт цаасны тоонд ордог төдийгүй хуримтлалын хамгийн ашигтай санхүүгийн хэрэгсэлд тооцогддог байна.
З.АРИУНБОЛОР