Г.Доржзодов “тэсрэх бөмбөг” үү, хорын ерөндөг үү?

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Г.Доржзодов “тэсрэх бөмбөг” үү, хорын ерөндөг үү?

-60 тэрбумын хэрэгт биш Г.Доржзодовт зовинох цаг ирлээ-

Г.Доржзодов “тэсрэх бөмбөг” үү, хорын ерөндөг үү?

Эхлээд “60 тэрбумын хэрэг”-ээ эцэслэн шийдчихье, хэдүүлээ. Араас нь нууц бичлэг, ЖДҮ гээд үнэн худал нь эцэслэн шийдэгдээгүй ч заавал шийдэх ёстой асуудал олон байна. Хэрэв “60 тэрбумын хэрэг” гэмт хэрэг мөн бол хуулийн байгууллага энэ талаар хэтэрхий олон удаа няцаалт хийлээ. Нөгөөтэйгүүр яг 60 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй хэрэг үү гэдэг нотлох баримт нүдэнд үзэгдэж, гарт баригдахгүй байгааг анхаараарай.

Энэ бол “улс төр” юм гэнэ. Гэтэл үүний цаана шударга ёс, гэмт хэрэг, хүний эрх гээд чухал асуудлууд хөндөгдөж байна. Тиймээс заавал эцэслэх ёстой.

Энэ талаар УИХ-ын дарга М.Энхболдын хамгийн тодорхой хийсэн тайлбар нь 2018 оны зургадугаар сарын 27-нд УИХ-ын нэгдсэн чуулган дээр “60 тэрбумын асуудалтай холбоотой өөрт байсан материалуудыг би Л.Оюун-Эрдэнэ гишүүнд хүргүүлсэн. Энэ асуудал бол ганцхан АТГ-ын шалгасан шийдвэр биш ТЕГ, ЦЕГ, АТГ-ууд хамтарч шалгаад, Прокурорын байгууллага хянаж үзээд хэрэгсэхгүй болсон. Энэ бүх бичиг баримтыг өгсөн. Энэ бичгүүдээ үзээд УИХ-ын дэг журамд яаж таарч байна. Сонсгол хийх боломжтой юу гэдгээ шийднэ биз. Ер нь бол төрийн алба хаагчдыг ажил төрлийг амгалан тайван хийлгэх, ажлыг нь хэвийн явуулах талаасаа ч энэ асуудлыг нэг мөр шийдэх нь чухал. Тэгэхгүй бол 2016 оны сонгуулиас хойш томилогдсон бүх хүнийг хардсан, сэрдсэн ийм байдал нийгэмд бий болсон. Энийг төрийн ажил албанд сөргөөр нөлөөлж байгаа гэж ойлгож байна. Би 2016 сонгуулийн өмнө буюу сүүлд намын даргаар ажиллаж байсан. Би хэн нэгэн хүнээс ямар нэгэн төлбөр тооцоо мөнгө авч нэр дэвшүүлэх, албан тушаалд томилох ийм ажил огт хийгээгүй гэдгээ өмнө хэлж байсан одоо ч энэ асуудал хөндөгдөж байгаа учраас хэлчихье” гэсэн юм.

Хэрэв 60 тэрбумын хэрэг үнэн бол яах вэ. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авсан, төрийн албан тушаалыг намын лангуун дээр худалдсан гэхчлэн буруутгах шалтгаан асар олон. Харин худлаа бол, гүтгэлэг, олон нийтийн сэтгэл санааг үймүүлэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашигласан гэхчлэн үндэслэл “олдоно”.

"Үнэн гэдэг чамд таалагдсан худал зүйл" гэж Ф.Гельдерлин хэмээх ухаантан хэлсэн байдаг. Товчхондоо “60 тэрбумын хэрэг” гэгч байсан эсэхийг мэдэхгүй хүмүүс үнэн гэж бодож байгаа. Харин жинхэнэ үнэнийг мэдэж байгаа хүмүүс л худлаа гэдгийг мэднэ.

Одоогоор “60 тэрбумын” хэргийг үнэн гэж боддог талд “Цаг нь болохоор дэлгэх бичлэг” л гол “зэвсэг” нь бололтой харагдаж байна. Хамгийн сүүлд хоёр хоногийн өмнө /2018.10.24/ Г.Доржзодов хэвлэлийн бага хурал зарлалаа. Энэ удаад тэрбээр “60 тэрбумын асуудал бол авлигын хэрэг биш. Харин үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой" гэж мэдэгдсэн юм. Өнгөрсөн хугацаанд хууль хяналтын байгууллагад найман удаа тайлбар, мэдүүлэг өгсөн гэнэ. Нотлох баримт гэдэг нь бичлэг хийсэн гар утас юм байна. Гэтэл түүнийг нь хурааж авчихаад хоёр хоногийн дараа эвдчихээд буцааж өгсөн гэж байна. Хэдийгээр үнэнийг илчлэх гэсээр “Iphone 5” гар утсаараа хохирсон ч нотлох баримт нь байгаа хэвээрээ, цагаа болохоор зарлана гэх алдарт үгээ хэлэв. Харин яагаад хэвлэлийн бага хурлын эхэнд аюулгүй байдалтай холбоотой хэрэг байснаа сүүлдээ “айфон”-ы хохирол болоод дууссаны цаана “мартагдахгүй байх” гэдэг нэг зорилго байх шиг. Ердөө маргааш нь /2018.10.25/ -нд АТГ-аас мэдээлэл хийв. Онцлоход өмнөх хэвлэлийн бага хурал, өөрийн нийтлэлдээ хавтаст хэргийг дурдахдаа тэмдэглэлийн дэвтрээсээ харж байгаа мэт ярьдаг нь хэвээрээ. Энэ ноцтой асуудал биш гэж үү.

Г.Доржзодовын мэдэгдлээс болоогүй л дээ, сар бүрийн 25-нд хэн, ямар хэргээр АТГ-т шалгагдаж, тус байгууллага яаж ажиллаж байгаа талаар мэдээлдэг болоод байгаа. Энэ удаад “Г.Доржзодовын ярьж байгаа шиг  АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Анх хоёр минут болон 45 минут орчмын хоёр, гурван бичлэгийн асуудал яригдсан. Сүүлдээ 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө тухайн бичлэг 90 минут, 162 минут гээд үргэлжлээд явчихсан. Анхны шинжилгээнд хүргүүлсэн материалууд дээр фото зураг нь гараад доогуур нь хэлж байгаа үг нь текст хэлбэрээр гарч байгааг шүүх шинжилгээний байгууллага эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Сүүлд нь гаргаж ирсэн 162 минутын бичлэгийг хоёр минутад багтааж богиносгосон нь эвлүүлэг байна гэж холбогдох байгууллагууд дүгнэсэн. Түүнээс биш хэн нэгний дуу хоолойг өөрчилсөн, эсвэл  хурал зөвлөгөөнд ярьсан яриануудыг хооронд нь Г.Доржзодов эвлүүлчихлээ гэж ерөөсөө дүгнээгүй. Мөрдөх шалгах ажиллагааны дүгнэлт ч гараагүй. Г.Доржзодовт 162 минутын бичлэгээс өөр шалгуулах зүйл байхгүй гэдгийг Тагнуулын ерөнхий газарт /ТЕГ/ мэдүүлсэн байдаг” гэсэн тайлбар хийв.

Ер нь энэ хэргийг хаана, хэн шалгах, хэргийг хэзээ “хааж, нээх” эрх прокурорт л байдаг аж. Хэн нэгэн хүний ярьсан ярианы төлөө Эрүүгийн хариуцлага хүлээлгэж яллагчдаар татах нотлох баримт хангалттай цугларсангүй гэж прокурорын байгууллага үзээд өөрийн эрхийн дагуу 60 тэрбумын хэргийг хаасан гэдгийг дахин хэллээ. Мөн Г.Доржзодов өөрийгөө АТГ-т шалгуулсан, мөрдөж мөшгүүлсэн гэж ярьсан. Тийм асуудал огт байхгүй гэдгийг АТГ тайлбарлалаа. Саяхнаас  хэргийг сэргээгээд урдын ажилласан ажлын хэсэгт даалгаад явж байна. Хамтарсан байгууллагуудын ажлын хэсэг үргэлжлэн мөрдөн шалгах ажиллагаа ТЕГ дээр голлон үргэлжилж байна гэв.

Итгэх ёстой субъект ингэж тайлбарлаж эрхийнхээ дагуу Г.Доржзодов “бичлэг бий” гэж хашхирсаар хэтэрхий хол явчихжээ. Бодит үнэн үү, утга зохиол уу. Эцсийн хариу хэрэгтэй байна. Хуулиа дагая гэх үү, эрх баригч биш иргэн учраас Г.Доржзодов оо дэмжье гээд хэзээ нэгэн цагт гаргаж ирэх бичлэгийг нь шүтээд хүлээж байх уу. Хэрэв Г.Доржзодовын дэлгэсэн бичлэг чин үнэн бол яагаад илүү ч үгүй, дутуу ч үгүй 60 тэрбум гэж. Бичлэг үнэн, бас 80 тэрбум, 100 тэрбумын хэрэг тэнд нуугдаж яваа бол яах вэ. Үүнийг зүгээр л “Жаран цагаан хонь” гэдэг шиг цээжлүүлэх зорилготой юм уу. Эсвэл албан тушаалын наймаа болон “Үндэсний аюулгүй байдалд хамаарах” хэргийн тухай яриад байна уу.

“Олон хэлбэл улиг. Цөөн хэлбэл билэг” гэдэг. Одоо Г.Доржзодов оо, цаг нь болохоор дэлгэх баримтаа үзүүлээч. Наад бичлэг чинь “хоол” юм бол муудаж, багаж зэвсэг” юм бол “түүхэн” үүргээ биелүүлчихлээ. Цаашид төрийн нэр хүндийг гутаах, олон нийтийг талцуулах, өс хонзон тайлах хор л болж үлдэх нь. Харин хорын ерөндөг нь Г.Доржзодов та өөрөө болчихоод байна. Олон хүн Таны төлөө санаа зовинож байна. Энэ асуудал Үндсэн хуулийн Цэц хүртэл явчихаад, замдаа улс төрийн халаа, сэлгээ, элдэв бүлэглэлүүдийн ашиг хонжооны наймааны хэрэгсэл болсон. Магадгүй зарим нь “60 тэрбумын хэрэг гэгч үнэн ч бай, худлаа ч бай, миний амьдралд хамаагүй” гэх байх. Харин Та эцэст нь “үнэн ч бай, худлаа ч бай” ямар нэг хэлбэрээр  хохирч үлдэнэ. Та хэрэгслээсээ болоод хэрэгсэл болчихож. Эцсийн байдлаар яаж ч шийдсэн золиос болчихож. Золиосны золгүй тавилан бол ерөөсөө л хохирч үлддэг. Одоо аль нь дийлэх вэ биш яавал бага хохирох вэ гэдэг талаар бодож эхлэх учиртай баймаар. Магадгүй түүнд “эздийнхээ эсрэг дэлгэх”, цаг нь болохоор задлах бичлэг байж л таарна. Тиймээс аль ч тохиолдолд Г.Доржзодов өөрөө “тэсрэх бөмбөг”, “хорын ерөндөг”. Ах нар аль хэдийн гар бариад эхэлчихэж. Тэгэхээр эр зоригт, эх оронч залуу эрийн төлөө санаа зовинохгүй байх арга алга. Хэдэн ч Засгийн газар солилоо гэсэн Г.Доржзодовт шинэ нөхцөл байдал хамаагүй учраас тэр шүү дээ.

Ц.ОРХОН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж