-Автомашин, мотоциклийн тамирчдын мөрөөдөл болох "Дакар ралли-2015" уралдаанд оролцсон Монголын баг тамирчид маргааш өглөө 07.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд бууна. –
Авто, мотоспортын “олимп” гэгддэг дэлхийн хамгийн нэр хүндтэй уралдаан “Дакар ралли” нэгдүгээр сарын 4-17-нд Аргентин, Чили, Боливи улсыг дамнан нийт 9200 км замд боллоо.
Автомашин, мотоциклийн тамирчдын мөрөөдлийн оргил болох энэхүү уралдаанд энэ жилийн тэмцээнд 86 орны 665 тамирчид мотоцикл, суудлын автомашин, дөрвөн дугуйт мотоцикл болон автомашины төрөлд өрсөлдсөнөөс 200 гаруй нь барианд орсон юм. Тухайлбал мотоциклын төрөлд 196, суудлын автомашинд 135, ачааны машинд 62 тамирчин байсан бол дөрвөн дугуйт мотоциклийн төрөлд 45 тамирчин оролцжээ.
Манай улсаас энэ жилийн уралдаанд 431 дугаартай автомашины жолоочоор ОУХМ Н.Лхамаа, чиглүүлэгчээр Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж, Унгарын 355 дугаартай автомашины чиглүүлэгчээр Д.Жаргалсайхан, 413 дугаартай автомашины чиглүүлэгчээр Ө.Бямбацогт, мотоциклийн ангилалд 83 дугаартай ОУХМ Д.Болдбаатар, 117 дугаартай Ч.Анар нар оролцлоо.
Мотоциклийн төрөлд “Доктор авто сүлжээ” компанийн тамирчин ОУХМ Дамдинхорлоогийн Болдбаатар 65 цаг 39 минут 18 секундийн амжилтаар 45-р байрт, энэ ангилалд анх удаа оролцсон спортын мастер Ч.Анар 149 цаг, 24 минут, 08 секундын амжилтаар 78-р байрт оров. Суудлын автомашины ангилалд уралдсан ОУХМ Н.Лхамаа, Ө.Бямбадэлгэр, Б.Сүрэндорж нарын бүрэлдэхүүнтэй баг 92 цаг, 52 минут, 25 секундын амжилтаар 62 дугаар байрт бариалсан.
Д.Болдбаатар гурав дахь удаагаа Дакарын замд уралдлаа. Анхны жилдээ техникийн эвдрэлийн улмаас замаа дуусгаж чадаагүй бол өнгөрсөн жил 60 дугаарт байрт бариалж, эх орныхоо нэрийг дэлхийн дахинаа гаргасан юм.
Энэ жилийн уралдаанд анх удаа оролцсон Ч.Анарын тухай спортын алдартай сувгууд онцлон мэдээлж байсан юм. Ийнхүү Монголын эрэлхэг хөвгүүд хүнд хүчир замыг амжилттай туулан дэлхийд хүчтэй өрсөлдөгч болохоо дахин харууллаа. Тамирчид маргааш өглөө буюу нэгдүгээр сарын 24-ний өглөө 07.00 цагт "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух юм.
Ч.БОЛОР