Б.Цэцэг: Би од болохыг хүсдэггүй

Хуучирсан мэдээ: 2018.10.26-нд нийтлэгдсэн

Б.Цэцэг: Би од болохыг хүсдэггүй

Бид энэ удаа хэдийнэ бүсгүйчүүдийн танил болсон, жүжигчин Б.Цэцэгтэй ярилцлаа. Тэрээр “Хадаг” киногоороо “Азийн шилдэг жүжигчин” шагнал авч, Монгол улсынхаа нэрийг олон улсад гаргаж байсан цаг саяхан.  Мөн тэрээр өнгөрөгч долоо хоногт нээлтээ хийсэн “Mongolian connection” уран бүтээлийн гол дүрд тоглож, СТА цолоор шагнуулаад байгаа юм


-Саяхан таны гол дүрд тоглосон “Mongolian connection” уран сайхны кино нээлтээ хийлээ. Кинонд тоглох саналыг хэрхэн хүлээж авсан бэ?

-Юуны түрүүнд энэ кинонд оролцсон, хамтарч ажилласан бүх уран бүтээлчдэдээ баярын мэнд дэвшүүлье. Миний хувьд өнгөрсөн оны намар “Хөх тэнгэрийн хязгаар” хэмээх олон улсын хэмжээний кинонд тоглосон. Тус киноны үеэр жүжигчин Б.Амарсайхан ах маань адал явдалт, драмын кино хийнэ гэж ярьж байсан юм. Тухайн үед би түүний ярианаас сонсоод л дүрийн шалгаруулалтад оролцох юмсан гэж битүүхэндээ бодож явсан. Удалгүй киноны дүрийн шалгаруулалт өрнөхөд би гол дүрээр тодорч кинонд тоглох аз завшаан тохиосон юм. Уг кинонд Азийн шилдэг эрэгтэй дүрийн шагналт Японы жүжигчинтэй хамтран тоглоно гэдэг надад нэр төрийн хэрэг санагдаж билээ. Тус киноны зохиол надад их таалагдсан. Тэр тусмаа нийгэмд болж буй хаалттай сэдвийг кино урлагаар дамжуулж харуулахыг зорьсон нь миний сэтгэлийг хөдөлгөсөн юм болов уу. Хамгийн анх зохиолыг уншихад хүний наймаа, хөшигний цаадах амьдралыг харуулна гэхээр миний сэтгэл рүү “ёонк” гээд л орсон доо.

– Хүний наймаанд өртсөн бүсгүйн дүрийг гаргахад хэцүү байв уу?

-Хулан бол хүний наймааны золиослогдсон бүсгүй. Өнөөдөр бидний дунд хүний наймаанд өртсөн бүсгүйчүүд “чимээгүй” оршин тогтнож байгаа. Эдгээр бүсгүйчүүдийг нийгэмд биеэ үнэлэгч мэтээр хардаг нь хамгийн харамсалтай юм. Гэтэл тэдний биеэ үнэлж буй цаад шалтгааныг нь мэдэхгүйгээр өнгөцхөн дүгнэдэг нь учир дутагдалтай. 2013 оны судалгаагаар Монгол Улсад 500 охид, эмэгтэйчүүд хүний наймааны хохирогч болсон гэх тоо бий. Монгол Улсын хүн ам гуравхан сая атал дээрх тоог сонсоход үнэхээр сэтгэл эмзэглүүштэй. Хулан бол бусадтай адил амьдралаа сайжруулахаар гадагшаа яваад  хүний наймаанд өртсөн, сэтгэл зүрх нь шархалсан бүсгүйн дүр юм. Анх зохиолоо уншихад энэ дүрийг илэрхийлнэ гэж бодохоор л хүнд санагдаж билээ. Нийгэмд ч гэсэн иймэрхүү байдлаар хүний наймааны золиос болсон олон эмэгтэйчүүд байдаг. Тиймээс энэ сэдвийг хөндсөн IFI кино багийнхан болоод Б.Амарсайхан ахдаа маш их талархаж байна. Нийгэм ядуурахад хамгийн түрүүнд эмэгтэй хүн өртдөг гэдэг үг байдаг. Тухайлбал, хашаа байшингаа барьцаанд тавиад өрөө төлөхөөр Хятадад биеэ үнэлж буй жишээ олон байна. Түүнээс гадна хүчирхийлэлд өртөөд хилийн чанадад хүүхдээ төрүүлсэн, хятадуудаас багахан хэмжээний мөнгө зээлснийхээ төлөө биеэ үнэлж байгаа охид бий. Тэднийг бид янхан гэж чичлэхээс илүүтэй энэ аймшигт хэргээс бусдыгаа сэргийлж, хохирогч болгохгүйн тулд анхаарах хэрэгтэй. Ийм олон бодит кейсүүд бидний дунд оршин байхад үүнийг кино урлагаар дамжуулж харуулах нь маш чухал санагдсан. Яагаад бид хүчирхийллийг харсаар байж мэдэлгүй өнгөрөөх ёстой юм.

– Таныг мэргэжлийн жүжигчин биш ч дэлгэцийн урлагтай ойр хүн гэлцдэг. Энэ дүрийг бүтээхэд танаас хэр их ур чадвар шаардав. Өөрийн бүтээсэн дүрдээ сэтгэл хангалуун байгаа юу?

-Энэ дүрд тоглосондоо маш их баярлаж байна. Би олон улсын банк санхүүч мэргэжилтэй. Одоогийн байдлаар миний тоглосон дөрөв дэх уран бүтээл энэ юм. Миний хувьд суралцах зүйл их байгаа. Жүжигчний ур чадварыг бүрэн гүйцэж мэдэхгүй ч гэсэндээ Хулангийн оронд байсан бол яаж хүлээж авах байсан бэ гэдэг айдас төрсөн. Кино зураг авалтын дундуур өөрийн эрхгүй огшоод сэтгэл эмзэглэсэн үе зөндөө тохиолдсон. Хүний наймааны хохирогчид тэр бүр нийгэмд дуу хоолойгоо илэрхийлж чаддаггүй. Үүнийг кино урлагаар дамжуулан нийгэмд цочроо өгөх зорилгоор дэлгэж тавьсан юм болов уу гэж би бодсон. Хэрэвзээ хэвлэлийн талбарт ажилладаг хүн байсан бол ухах кейс  олон байна. Кино зураг авалтын дундуур миний инстагграм хуудсанд “Маш гоё ирээдүй таныг хүлээж байна. Мөнгө олох ажлын санал тавьж байна” гэсэн утга бүхий мессеж танихгүй хаягаас ирсэн. Явуулсан хаягийг нь харвал ОХУ, БНХАУ, биеэ үнэлэгчдийн зураг байсан. Хамгийн харамсалтай нь тэр дунд Монгол охины зураг  байсан. Тухайн үед надад үнэхээр их айдас төрсөн. Хүний наймаа ийм хэлбэрт шилжчихэж гэж бодсон.

-Улаан хивсний ёслолын үеэр Соёлын тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсанд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцвал?

-Тухайн үед би маш их баярласан. Азийн шилдэг жүжигчин цомыг хүртэхэд хүмүүс тэр бүр мэдээгүй. “Хадаг” уран сайхны кино маань олон улсын кино наадмаас 165 шагнал авч, гол дүрийн жүжигчид нь Азийн шилдэг жүжигчнээр тодорч байсан. Тэр хүндтэй цомыг минь хүндэтгээд намайг мялааж байгаа хэлбэр гэж би ойлгож байгаа. Сүүлийн үеийн кино уран бүтээлчид их мундаг болчихжээ. Үүнийг би зориуд тодотгомоор байна. Манай IFI продакшны хамт олон шинэ үеийн киночдыг бэлтгэхэд маш том хөрөнгө оруулалт хийлээ. Сүүлийн нэг жилийн дотор, дэлхий дээр гарч буй техник технологийг нэвтрүүлж байгаад үнэхээр их баярлаж байна. Бидний кино гаднын олон улсын кино фестивальд тавигдах байх.

Үзэгчид таныг хэрхэн хүлээн авсан бэ. Магадгүй таныг санасан хүмүүс олон байсан байх?

-Үзэгчдээс “ахиад дэлгэцээр харах сайхан байлаа”, “мундаг байлаа” гэсэн сэтгэгдлүүд ирж байна. Миний мэргэжил жүжигчин биш ч гэсэн кино урлагаар дамжуулан өөрчлөлтийг бий болгохыг хүсдэг. Урлаг чинь өөрөө агуу шүү дээ. Тиймээс агууламж сайтай чанартай уран бүтээлд тоглохыг хүсдэг дээ. Түүнээс биш  нэр хүнд хөөгөөд, өдөр болгон зурагтаар гарах “өвчин” туссан юм шиг байхыг хүсдэггүй. Би өдөр бүр энэ тогоонд чанагдаж, урлагаар амьсгалж яваа хүн биш учраас өөрийнхөө сонирхлын дагуу сэтгэл дотор нуугдсан зүйлээ илэрхийлсэн төдий билээ.

Одоогоор ямар уран бүтээл дээр ажиллаж байгаа вэ?

-Олон улсын хэмжээний уран бүтээл дээр ажиллаж байна. Дүрийн шалгаруулалтдаа орсон учраас гэрээний дагуу дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байдаг. Харин “Хөх тэнгэрийн хязгаар” кино маань ирэх жил нээлтээ хийнэ. Тэр бол Арт хаус чиглэлийн кино юм.

Кино уран бүтээлээс гадна өдөр тутмын амьдралдаа юу хийж байгаа талаар сонирхуулж болох уу?

-Киноны хажуугаар фитнесс, худалдааны бизнес эрхэлж байна. Саяхнаас өөрийн фэйсбүүкээр эрүүл зөв хооллолтын талаар лайв хийлээ. Бүтэн нэг жил завсарласны эцэст бүсгүйчүүддээ өөрт сурсан мэдсэн зүйлсээ хуваалцсан гэж бодож байна.

Та сошиалд идэвхтэй байдаг хүмүүсийн нэг. Хүмүүсийн магтаал шүүмжлэлийг хэрхэн хүлээн авдаг вэ?

-Би өөрийнхөө зөв гэсэн юм аа хийдэг. Тэр нь бусдыг хохироохгүй байх ёстой. Хүн гэдэг нийгмийн амьтан болохоор намайг хэдэн зуун хүн дагадаг байх нь ерөөсөө сонин биш. Гэхдээ би сошиалд туйлшрахыг хүсдэггүй. Гагцхүү үнэнийг ярихыг хүсдэг. Олон жилийн дунджаас харахад намайг хэзээ дуугардаг гэдгийг мэддэг хүмүүс сошиалд олон бий.

Ингэхэд таныг жүжигчин болоход юу нөлөөлсөн бэ. Танай гэр бүлд урлагийн авьяастай хүн байгаа юу?

-Манай гэр бүлд урлагийн талын хүн байхгүй. Би өөрөө их эмзэг, юманд бодлогоширч үр дүнг нь хайдаг хүн. Жишээлбэл, баримтат уран сайхны кино үзчихээд жинхэнэ эзэн нь ямар хүн байсныг боддог. Энэ мэтчилэн кино урлагт өөрийн эрхгүй татагдсан гэж боддог.

Жингээ барихын  нууц нь юундаа байна вэ. Өдөр тутамдаа та хоолны дэглэм барьдаг уу?

– Эрүүл зөв хооллолтын талаар 2013 оны есдүгээр сараас эхлэн ярьж эхэлсэн. Ер нь өдөр тутамдаа дэглэм барьдаггүй. Идэж буй хоол хүнсэндээ эрүүл, зөвийг нь сонгож хэрэглэхийг хичээдэг. Би гурил, төмс, будааг 15.00 цагаас өмнө иддэг. Бүсгүйчүүдэд зөвлөхөд хүнсний бүтээгдэхүүнээ ухаалгаар зөв сонгоод хэрэглэхэд үр тодорхой үр дүн гарна.

-Ярилцсанд баярлалаа. 

Э.АРИУН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж