“Ub Comedy Night” бол Америк маягийн тайзан дээрх хошигнол. Хамгийн энгийнээр тайлбарлавал тайзан дээр байгаа залуу үзэгчдийн толгойд төсөөлөл өгөх төдий түүх, эсвэл ямар нэг зүйлийг дүрслэн шүүмж, хошигнол ярьж ирсэн зочдоо инээлгэх явдал юм. “Ub Comedy“ клубын залуус ам бүл 12-уулаа. “Энэхүү клубыг үүсгэн байгуулагч Б.Батбилэг 2014 оноос эхлэн эл үйл ажиллагааг зохион байгуулжээ. Тэдэнд анх тоглолтоо хийдэг тогтсон нэг газар байдаггүй байсан бол одоо хотын төвд Сөүлийн гудамжид төвлөрөн ажиллаж байна. Мэргэжлийн жүжигчид биш хэдий ч өөрсдийн авьяас, мэдрэмжээрээ давгүй хошигнож хүнд инээд бэлэглэж чаддаг нь тэдний давуу тал гэлтэй. Тэдний нэг нь Н.Амаржин юм. Түүний хувьд тус клубын отгон гишүүн.
–Та хэрхэн UB comedy клубтэй холбогдсон бэ?
-Хэд хэдэн үйл ажиллагаан дээр “Ub Comedy” клубыг үүсгэн байгуулагч Б.Батбилэгтэй таараад комеди хийх талаар ярилцаж байсан. Тэгээд тус клубт ороод өөрийгөө сориод үзье гэхэд клубын гишүүд маань бүгд л найрсгаар хүлээж авсан. Тэд маань тэгж сайхан хүлээж аваагүй байсан бол би цааш өөртөө итгэж үргэлжлүүлэхгүй байсан байх.
–Үзvvлж буй комедигоороо vзэгчдэд ямар мессеж егөхийг зорьдог вэ?
-Яг үнэндээ өөрөө дуртай зүйлээ хийгээд л, бусдыг инээлгэхэд л оршино. Бусад комеди хийдэг нөхдийгөө бодвол тэдний түвшинд хүрэх ч болоогүй л дээ. Ер нь хүн бодит зүйлсэд л инээдэг. Тиймээс амьдралтай ойрхон, нийгмийн тулгамдсан асуудлуудыг хөнгөхөн инээдтэйгээр хөндөж чадвал хүмүүст ч илүү хүрдэг байх гэж боддог.
–"Авьяаслаг Монголчууд" шоунд оролцож байгаа шүү дээ. Энэ талаараа дурдвал?
-Комеди хийж байхдаа нэг согтуу нөхөрт хараалгуулж байснаа мартдаггүй юм. Хэдийгээр эр хүн ч гэсэн тухайн үедээ их л хүнд тусаж байсан. Их эмзгийг ч хэлэх үү/ инээв/. Гэхдээ манайхны туулсан замыг бодвол минийх ч харьцангуй дардан байна. Энэ хэдийнхээ буянд бүхэл бүтэн “Авьяаслаг Монголчууд” шоунд хүртэл орлоо. Залуу насан дээр юу эсийг үзэх үү ёстой өөрийгөө сориод үзье гэж л бодсон. Гурван минутын турш шүүгээд сууж байгаа хүмүүсийн урд ярина гэдэг бас овоо том сорилт юм билээ. Ямартаа ч тэнцсэндээ их баяртай байгаа шүү.
–Таныг гадаадад сургуулиа төгссөн гэж сонсч байсан юм байна?
-Би 2012 онд Колорадо мужийн их сургуулийг улс төрийн шинжлэх ухаан, эдийн засгийн чиглэлээр давхар мэргэжлээр төгссөн. Улс төрийн мэргэжлийг сонгосон нь хүүхэд байхаасаа л АНУ-ын ерөнхийлөгчдийн намтар түүхийг их сонирхож уншдаг байсантай холбоотой байсан. Тухайлбал, 1962 онд 16 настай Билл Клинтон 35 дахь ерөнхийлөгч Ж.Кеннедитэй гар барьсныхаа дараа улс төрөөр сурна гэж шийдсэн юм билээ. Би дагаад адилхан шийдвэр гаргасан ч улс төрд огт сонирхолгүйгээ сургуулиа төгссөнийхөө дараа мэдсэн. Одоо Юниверсалд гээд Англи хэлний төв ажиллуулж байна даа.
-Тэгвэл чөлөөт цагаараа юу хийдэг вэ?
-Одоо цаг л гарвал охинтойгоо цагийг өнгөрөөх дуртай. Мөн төрөл бүрийн ном унших их дуртай. Тэр дундаа хүний сэтгэл зүйтэй холбоотой ном сонирхолтой санагддаг. Би өөрөө багш хүн учраас ном уншиж байж сурагчдадаа үлгэрлэнэ шүү дээ. Тийм болохоор сурагчдадаа ямагт ном унших, түүнээс гарах эерэг үр дагаврын талаар ярьж өгдөг. Би спортын улаан хоббитой. Тэр тусмаа NBA-ийн талаар хийж байгаа зүйлээ орхиод хэзээ ч, хаана ч, хэнтэй ч ярьж чадна./инээв/
-Таны бодлоор аз жаргал гэж юу вэ?
-О.Дашбалбар гуай нэг хэлсэн байдаг даа. Би хүний аз жаргалыг сэтгэлийн галаар төсөөлдөг гээд. Тэр их үнэн үг шиг санагддаг. Гэр бүл минь элэг бүтэн эцэг эх, намайг өсгөсөн эмээ минь амьд сэрүүн, эрүүл саруул байна. Эхнэр хүүхэдтэйгээ юугаар ч дутахгүй аз жаргалтай амьдарч байна. Охин минь л сэтгэл дүүрэн нүүр бардам энэ хорвоог туулах тийм л амьдралыг өгөхсөн гэж боддог. Ер нь би өөрийгөө хамгийн сэтгэлийн галтай, аз жаргалтай хүн гэж боддог шүү.
–Монгол залуус ямар байгаасай гэж та боддог вэ?
-Миний эх орондоо ирсэн шалтгаан бол монгол залуусыгаа дэлхийн боловсролтой болгоход өчүүхэн ч гэсэн хувь нэмэр оруулъя, өөртөө олдсон боломжийг бусдад олгохыг хичээе гэсэн ганц л зорилготой ирсэн. Үүнийхээ төлөө уйгагүй тэмцэхийг хүсч байна. Сурагчдынхаа цээжинд гал асаахыг л бодож явдаг. Өөрсдийгөө хаана ч голохгүй аугаа их хүсэл эрмэлзэл өвөртлөөд амьдралынхаа дараагийн шатандаа аз жаргалтай, өндөр мэдлэг боловсролтой дэлхийн хүн болохын төлөө олон хүүхдүүд эрмэлзэж байвал миний зорилго биелсэнд тооцогдоно.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ