Хүмүүс авлигын мэдээлэл, санааг телевиз, фэйсбүүкээс авч байна гэж судлаач Х.Баянмөнх хэлэв. Тиймээс олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр цацагдаж буй мэдээ, мэдээлэлд шүүмжлэлтэй хандаж байх нь зүйтэй аж. Нийгмийн хөгжлийн тулгуур болсон залууст авлигын талаарх ойлголт, мэдлэгийг тогтоох (SPEAK) судалгааны үр дүнг өчигдөр /2018.10.25/ Монгол Улсын Их сургуулийн оюутнуудад танилцуулсан.
Азийн Сан, Сант-Марал сантай хамтран энэ оны гуравдугаар сард арван ес дэх удаагаа аймаг, сум болон нийслэлийн иргэдийн дунд явуулсан судалгаагаар иргэдийн өдөр тутмын амьдралд тулгарах “жижиг” авлигын тохиолдол буурсан дүнтэй гарчээ. Одоогоос 12 жилийн өмнө буюу 2006 оны судалгаанд оролцогчдын 25 хувь нь хээл хахууль өгсөн гэж хэлж байсан бол энэ үзүүлэлт өнгөрсөн онд зургаан хувь, энэ жил дөрвөн хувь болжээ. Судалгаанд оролцогчдын 20 хувь нь авлига өгөх нь бүх зүйлийг шийдэж болно гэж үзсэн байна.
Хэдийгээр авлигын тухай ойлголт, иргэдийн ухамсар дээшилсэн ч тэмцэхгүй зүгээр л ярьж суух нь үр хүүхэд, уламжлалд нөлөөлж болзошгүйг Авлигын эсрэг нэг үйлдэл аяныг санаачлагч Ч.Батцэцэг тодотгов. Тэрбээр “Энэ аянаар бид нийгэмд тулгамдаад байгаа авлигыг соёлжуулах хандлагыг эсэргүүцэж байгаа. Авлигыг хүмүүс байхаас аргагүй зүйл гэж үздэг нь нийтээрээ хавтгайрсан. Ердөө ирээдүйд авлига арилна гэсэн итгэл үнэмшилгүй, тэмцэх сэтгэл зүрхгүй болчихсон. Энэ нь хүүхдүүдийн сэтгэхүй, соёл уламжлал, бидний сэтгэлзүйд гүн шингэж, шударга, хууль бус зүйлээ ялгахаа болиход хүрээд байна” гэв.
Судалгааны үр дүнгээр өндөр дээд түвшний авлига нэмэгдсэн байна. Үүнтэй тэмцэх нь маш нарийн төвөгтэй бөгөөд сонгуулиар шийдэж чадна гэж зарим судлаач үзэж байна. Мөн судалгаанд оролцогчдын гуравны нэг нь ажилгүйдэлийг авлигын гол буруутан гэж үзжээ. Амьжиргааны түвшний үзүүлэлт хэвийн байсан ч ядуурал дөрөвдүгээр байрнаас гуравдугаарт эрэмбэлэгдэж, 6.1 хувиас 8.5 хувь болон өсчээ. Эрчүүдтэй харьцуулбал эмэгтэйчүүд ажилгүйдлийг хамгийн том асуудал гэж үзсэн байна.
Холбоотой мэдээ