“Улс төрд шинэ манлайлагч” зорилтот ТВ төсөлд Увс аймгаас оролцогч Х.Дашзэвэгтэй ярилцлаа.
-Дашзэвэг гэж хэн бэ?
-Би Увс аймгийн Хяргас суманд Хүдэрийн отгон хүү болж мэндэлсэн. Улаангом сумандаа эхнэр, хүүгийн хамт амьдардаг. Хяргас сумд М.Парчны нэрэмжит 8 жилийн дунд сургууль, Улаангом сумд 10 жилийн 2-р сургуулийг төгсөөд ЭМШУИС-ийн Нийгмийн эрүүл мэндийн сургуулийг дүүргэсэн. Сүүлд сургуулийнхаа АНУ-ын Жорж Вашингтоны сургуультай хамтарсан хөтөлбөрөөр магистрын зэрэг хамгаалсан.
-Ажил эрхлэлтийн тухайд?
-Аймгийн ЭМГ-т долоон жил ажиллахдаа дөрвөн жил мэргэжилтэн, гурван жил хэлтсийн даргаар ажилласан. Дадлага хийгээд гүйж явахдаа заавар зөвлөгөө авч байсан олон мэргэжилтэн ах эгч нарынхаа даргаар ажиллаж энэ салбарт богино хугацаад өөрийн гэсэн зүйлс хийхийг оролдсон. Энэ хугацаанд аймгийн ЭМ-ийн системийн шилдэг удирдах ажилтнаар шалгарч байлаа. Мөн Увс аймгийн эрүүл мэндийн салбарт ажиллаж байсан цорын ганц нийгмийн эрүүл мэндийн магистр гэдгээрээ бахархаж явдаг. Мөн энэ хугацаанд АНУ-ын хэд хэдэн мужид туршлага судалсан гэх мэтээр богино хугацаанд үр дүнтэй, амжилттай ажилласан. Харин одоо “Хүн нэг бүрийг хөгжлийг дэмжих төв” гээд ТББ –ын тэргүүнээр ажиллаж байгаа. Төслийн дараабайгууллагынхаа залуустай хамтран орон нутагтаазалууст чиглэсэн олон ажил хийхээр төлөвлөсөн.
-Одоо “Улс төрд шинэ манлайлагч” төслийн шилдэг 30 оролцогчийн нэг болоод байна. Энэ бол мэдээж амжилт, нууц нь юунд байв?
-Энэ бол сохор аз бишээ. Идэвх, оролцоо, зориг, тэвчээр хатуужил бага зэрэг золиос ч бий. Төслийн хувьд өнөөдөр залуусын дуу хоолойг сонсож сум, орон нутгийнхаа хөгжлийн төлөө бодож, зорьж явдаг шийдлийг нь олон нийтэд хүргэх гүүр нь болсноороо том онцлогтой. Төслийн аль аль шатанд шалгарсан залуусын хувьд энэ бол боломж бас бахархал. Хоёрдугаар шатанд шилдэг 90 оролцогчоор шалгараад удирдлагын академийн багш нараар улс төр, төрийн удирдлага, орон нутгийн төсөв, санхүү гээд олон төрлийн сонирхолтой хичээл заалгаж, гэрийн даалгавар гүйцэтгэж бодит ур чадвараа сайжруулсан. Залуусыг ингэж нээж хөгжүүлсэн төсөл өмнө нь манай улсад байгаагүй шүү дээ. Өнөөгийн нийгэмд үндэсний хэмжээний том уралдаан байтугай сум, хорооны түвшинд зохиогдсон уралдаанд л ар өврийн хаалга, танил тал, татлаа, түлхээ яригддаг ш дээ. Харин энэ төсөлд тийм зүйл байхгүй нь маш их таалагдаж байна. Хамгийн гол нь оролцогч залууст “Чи хэн бэ?” гэдгийг нь мэдрүүлж өгсөн төслөөс хүртэж буй үр өгөөж юм.
-Таныхаар манлайлагч гэж хэн бэ?
-Манлайлагч хүн гэдэг бол бусдыг буруу, бүтэхгүй зүйлд уруу татах, намайг дагаач би та нарыг янзын болгоод өгнө гэж хэлээд өөрийнхөө зорилгодоо хүрэх хэрэгсэл болгодог хүн огт биш. Энгийнээр хэлэхэд өөрийгөө өөрчилж, өөрийгөө бүрэн таних чадвар. Мэдээж өөрийгөө өөрчлөөгүй хүн бусдыг өөрчлөлтөд уриалан дуудна гэдэг юу л бол. Бусдын дунд мэдлэг чадвар, зан харилцаа, биеэ авч явж буй байдал гэх мэт маш олон зүйлээр бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн хүнийг манлайлагч хүн гэж ойлгосон.
-Өнгөрсөн хугацаанд та бүхэн улс төрийн тодорхой ойлголт, мэдлэг, мэдээлэлтэй болсон. Харин цаашдаа…?
-Би алхам тутамдаа хичээж яваа. Мөн улс төрч болно гэж шийдсэн. Орон нутагт шийдлээ хүлээсэн асуудал хорхой идсэн шүд шиг иргэдийн амьдралыг өвтгөж байна. Асуудлыг шийдвэрлэх нь зүгээр нэг байгууллагын мэргэжилтний хийх ажил биш. Хүмүүсийн төлөө ихийг хийх хүсэл эрмэлзлэл, санал, санаачлага минь нэг байгууллагын даргын өрөөгөөр төгсгөл болох учиргүй гэж боддог. Дээр нь төрийн албаны тухай хууль бол амны хаалт л гэсэн үг. Орон нутагт зөв бодлого хэрэгтэй, бодлогын судалгааг сайн хийж хөгжлийн чиглэл болгож явах ёстой. Түүнээс биш тухайн цаг үеийн цуу яриа, сэтгэл хөдлөл дээр явахгүй. Би улс төрд үнэхээр сайн ажиллаж болдог юм байна гэдгийг харуулмаар байна. Орон нутагтаа олон төрлийн дэвшлийг бий болгохын тулд сурч, мэдсэн бүхнээ дайчилж, олон залуустайгаа хөгжил, дэвшил ярьж иргэдийн нуруунаас томоохон ачааг хуу татаж хаях хүсэл тэмүүлэлд улам бүр хөтлөгдөж явна.
-Танай аймагт бодлого дутагдаж шийдлээ хүлээж байгаа асуудал гэвэл?
-Би аймгийн эрүүл мэндийн салбарт ихийг хийх хүсэлтэй хүн. Иргэдийн дунд хавдрын өвчлөл, нас баралт бол үнэхээр том асуудал болсоор. Бөөрний өвчлөл мөн осол гэмтэл гээд ярьвал их зүйл байна. Мөн боловсролын салбарт эндээс дутахааргүй асуудал олон асуудал бий. Хүүхдүүд огт чармайлтгүй явж байгаад л дуртай дээд сургуульдаа ордог. Энэ бол асуудал. Хүн сурах эрхтэй бүгд дээд боловсрол эзэмшиж байвал маш сайн хэрэг. Гэхдээ энд зохицуулалт дутагдаж байгаа. Ажил хайж байгаа 300 гаруй багш мэргэжилтэй хүн байхад багш болохоор жил бүр 100 гаруй хүүхэд УБ-ыг зорьж байгаа нь юу гэсэн үг вэ?. Хайран 4 жил, хайран эцэг эхийн хөлс хүч гээд бодохоор яаралтай оновчтой шийдэл хэрэгтэй. Энэ зохицуулалтыг төрийн байгууллага хийж өгөх ёстой. Миний анхны шийдэл бол том л доо. Аймагтаа техник, технологийн чиглэрээр их сургууль бий болгохоор төсөлд орсон. Үүнийгээ цаашид орхихгүй. Увсаас Ховд аймагт сурах, Улаабаатарт сурах хоёр зардлын хувьд тэмээ, ямаа шиг ялгаатай. Мэдээж аймагтаа сурвал бүр л хэмнэлттэй. Энэ бол оюутны хөлд нэрвэгдэж буй өрх, гэр бүлийн төлөө маш том бодлогын асуудал юм.
-Увс нутгийнханы дэмжлэгийг хир хүртэж байна?
-Аймгийн эрүүл мэндийн салбарын мөр зэрэгцэн ажиллаж байсан сайн найз, нөхөд, ах, эгч, дүү нар минь бий. Энэ төсөлд орж амжаагүй шилдэг найзууд минь ч бас олон. Төсөлд анх шалгарахад Facebook найз 300 байсан бол одооесдахин нэмэгдчихэж. Аймгийн Хаан банкны захирал, удирдлагууд болон “Увс софт” ХХК-ний захирал Р.Итгэл ах маань дэмжиж байгаа. Би аймгийнхаа шилдэг залуусаа төлөөлөн төсөлд өөрийн дуу хоолойгоо гаргаж яваадаа баяртай байна.
-Ярилцсанд баярлалаа.
Эх сурвалж: www.manlailagch.mn