Нийслэлийн 379 жил, нийслэлд Архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойг тохиолдуулан төрийн архивын үйл ажиллагааг сурталчлах, архивын лавлагаа, үйлчилгээг иргэдэд хөнгөн шуурхай хүргэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч газар дээр нь шийдвэрлэх зорилгоор нийслэлийн Архивын газраас энэ сарын 19-нд “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг зохион байгууллаа.
Өдөрлөгт дүүрэг, хороодын архивын ажилтан, зохион байгуулагчид болон О.Галбадрах багштай “Тэнгэр дээд сургууль”, Ш.Чанагнянгар, Э.Хонгорзул багштай “Хангай дээд сургууль”, Б.Алтанцэцэг багштай “Шинэ иргэншил дээд сургууль”-ийн дэргэдэх “Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв”-ийн төлөөлөл 50 оюутан болон иргэд оролцсон байна.
Өдөрлөгийн үеэр Архивын онлайн лавлагааг сурталчлан цахим системийн танилцуулга хийж, “Олноо алдартай Улаанбаатар”, “Өнөөгийн Улаанбаатар”, киног дэлгэцээр үзүүлж, Улаанбаатар хотын бүтээн байгуулалтын холбогдолтой гэрэл зургаар бичил үзэсгэлэн гаргажээ.
Өдөрлөгийн арга хэмжээнд 280 гаруй иргэн оролцсоноос 94 иргэнд архивын лавлагаа үнэ төлбөргүй олгож, 39 иргэнтэй биечлэн уулзаж зөвлөгөө, мэдээлэл өгч, 150 гаруй иргэнд гарын авлага тараах материал тарааж ажилласан байна.
Тус өдөрлөгийн хүрээнд иргэдэд архивын лавлагаа, хуулбарыг үнэ төлбөргүй олгохын зэрэгцээ бүх төрлийн лавлагааг цахим мэдээллийн сангаас 3-10 минутанд шуурхай олгож байсан.
Мөн Архивын газарт хадгалагдаж буй татан буугдсан зарим байгууллагын хөдөлмөрийн дэвтрийг иргэд олон нийтэд сурталчилж, нэг иргэнд хөдөлмөрийн дэвтэр, хувийн хэргийг нь олгосон байна гэж нийслэлийн Архивын газраас мэдээлэв.
Холбоотой мэдээ