УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2018.10.25/ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж байна.
2005 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулиар өмнө нь тус тус бие даасан хуулиар зохицуулагдаж байсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгуулийг зохион байгуулж явуулах журмыг нь хамтад нь нэг хуулиар зохицуулсан байдаг. Энэ нь хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж улмаар сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсоноос үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэдэд ойлгомжгүй байдал бий болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд хүрч байсан удаатай. Тиймээс сонгууль тус бүрийн онцлогт тохирсон тусгайлан бие даасан хууль боловсруулах зорилгоор Сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа юм. Тус хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Улс төрийн намын тухай хуулийн төслийн ажлын хэсгийг С.Бямбацогт гишүүнээр тус тус ахалж байгаа.
УИХ-ын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр намуудын төлөөллийн зүгээс “Сонгуулийн хуульдаа зарчмын өөрчлөлт хийх цаг нь ирээд байна. Сонгуулийн тухай хуулийн төслөөс харахад ямар ч зарчмын өөрчлөлт алга. Гал тогооны жижиг сажиг асуудлууд л байна. Сонгуулийн тухай хууль нэг байна уу, тус тусдаа байх уу гэдэг нь жижиг асуудал. Үүнээс өмнө Засаглалын асуудлаа эргэж харах болсон. Засаглал нь Үндсэн хууль болон Сонгуулийн тухай хуулиас хамаарч байна. Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулах гэж байгаа энэ үед Сонгуулийн хуулиа ярих нь зөв үү. Бид Сонгуулийн тухай хуулиараа дамжуулж үзэл баримтлалаа ярих ёстой. Сонгуулийн хуулийн дор өнөөдөр намуудын засаглал бий болчхоод байна гэдгийг хэлж байлаа.
Хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:
Шинэ үндсэн хууль 1992 онд батлагдсанаас хойш долоон удаагийн сонгууль болсон. Энэ хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн, УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгуулийг долоон удаа зохион байгуулсан. Өнгөрсөн хугацаанд эрх баригч нам өөртөө тохирсон, сонгуульд ялах хувилбарыг ард түмэнд хүчээр тулгах зэрэг нөхцөл байдлууд үүссэн. Бид 26 жилийн хугацаанд сайн, муу аль аль туршлагыг хангалттай хуримтлуулсан. Өмнө нь УИХ-ын сонгууль, болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль тус тусын хуультай явж ирсэн. Өөрөөр хэлбэл, орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль өөрийн гэсэн бие даасан хуулиар, Ерөнхийлөгчийн сонгууль, УИХ-ын сонгууль мөн өөр өөрсдийн бие даасан хуультай байсныг 2005 онд тухайн үед эрх баригч АН дээрх гурван сонгуулийг зөвхөн нэг хуулиар явуулдаг болгох Сонгуулийн тухай хуулийг баталсан. Энэ хуулиар 2016 оны УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулийг хийлээ. Гэвч харамсалтай нь нэг хуулиар гурван өөр сонгуулийг явуулах боломжгүй гэдэг нь амьдрал дээр батлагдлаа. Үндсэн хуульд дээрх гурван сонгуулийг тус тусдаа хуультай, тус тусын журамтайгаар хуульчилсан.
Гэтэл 2005 оны Сонгуулийн тухай хуулиар Үндсэн хууль зөрчсөн Сонгуулийн тухай нэгдсэн хууль хэрэгжсэнээр сонгуулиар маш их маргаан дагуулсан. Зөвхөн 2006 оны сонгуулийн дүнг авч үзэхэд 600 гаруй маргаан гарсан байдаг. Түүнчлэн ард түмний саналаар бус шүүхийн тогтоолоор УИХ-ын гишүүн, орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгч болдог жишээ өмнө нь гарсан. Мөн сонгуулийн тойргийг 2016 онд ямар хэлбэрээр зурсан болохыг бүгд мэдэж байгаа. Нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын тоо зэргийг харгалзан үзэхгүйгээр зөвхөн өөрийнхөө намын нэр дэвшигчийг гаргахын тулд 76 тойргийг зурсан. Намуудын санхүүжилт, нэр дэвшигчдийн санхүүжилт, сонгогчдын саналыг худалдан авдаг явдал, шилжилт хөдөлгөөн, сонгуулийн сурталчилгаа гэх мэт асуудлыг шинээр боловсруулж буй Сонгуулийн тухай хуулиар зохицуулна. Мөн Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн тохиолдолд хариуцлагын асуудлыг чамбай тусгах ёстой. Энэ удаагийн бидний өргөн барьж байгаа хуулийн төсөлд нэгдсэн сонгуулийн хуулийг гурван хэсэг болгож байгаа юм. УИХ-ын болон орон нутгийн ИТХ-ын Төлөөлөгчдийн сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль тус бүрийг өөр өөрийнхөө онцлогт тохирсон хуулиар нь явуулдаг болгох мөн зөвхөн ард түмнээс сонгогддог байх гэсэн гол заалтуудыг тусгаж байгаа. Өөрөөр хэлбэл намын жагсаалтаар орж ирдэг явдлыг хална. Ард түмний хүсээгүй төлөөлөл тооноор орж ирдэг асуудлыг цэгцэлнэ.
УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:
Сонгуулийг шударга, зөв явуулдаг болгох мөн хариуцлагын асуудлыг Сонгуулийн тухай хуульд суулгаж өгөх шаардлага байна. Ард түмний сонголт үнэгүйдэж болохгүй, ард түмэн санал шударгаар гардаг, ард түмнийхээ итгэлийг хүлээсэн хүн сонгогддог байх ёстой. Ингэхийн тулд нэр дэвшигчийн шалгуур нь өндөр, сонгууль нь шударга болдог, буруу зүйл хийвэл хариуцлагаа хүлээдэг байх энэ тогтолцоог суулгах гэж удаа дараа оролдож ирсэн байдаг. Тиймээс энэ удаагийн хуулийн төсөлд энэ бүхнийг тусгаж өгөх нь хуулийн гол зорилго.
Монголын үндэсний эмэгтэйчүүдийн намын дарга Б.Саранцэцэг:
Сонгуулийн тухай хуульд жендерийн асуудал хамгийн чухал. Ингэснээр монголын нийгэмд эмэгтэйчүүдийн эрх үүрэг өөрчлөгдөнө. Эмэгтэй хүн эх орон, газар нутгаа зардаггүй. Шинээр боловсруулж буй Сонгуулийн тухай хуульд эмэгтэйчүүдийн улс төрийн оролцооны асуудал яг өмнөхөөрөө л байгаа.
Иргэний зориг ногоон намын Нарийн бичгийн дарга С.Батбаатар:
Манай намын хуулийн төсөлд тусгуулах хэд хэдэн саналыг өгсөн. Бид Сонгуулийн тухай хуульд сонгуулийн насны иргэд бүгд сонгууль өгдөг болгох заалтыг маш сайтар тусгах ёстой. Цаашлаад Үндсэн хуульд ч оруулах шаардлагатай байна. Төлөөллийн төв байгууллагаа сонгодог нь монгол хүний үүрэг болгож өгөх ёстой. Өнөөдөр шүүмжлээд л байдаг атлаа тэдний ихэнх нь сонгуульд саналаа өгдөггүй учраас Сонгуулийн тухай хуульд үүрэгжүүлэх хэрэгтэй. Жишээ нь хоёр сонгуульд дараалан саналаа өгөөгүй иргэнийг нийгмийн халамж эдлэх эрхийг хязгаарлах эсвэл хилээр гарахыг нь хориглох гэх мэт хариуцлагын асуудлыг нь давхар суулгаж өгвөл сонгуулийн ирц ч сайжирна. Мөн хуулийн төсөлд намуудын саналыг сайтар тусгаасай гэж хүсч байна.
Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Золжаргал сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангах үүднээс дараагийн сонгууль болохоос 12 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол өөрчлөлт оруулдаг босго тогтоох, сонгуулийн сурталчилгааны тэгш бус байдлыг арилгахын тулд бүх нам, эвслээс нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн нэг хэвлэмэл товхимол гаргаж сонгогчдод тараадаг болох, айлын хаалга татаж сурталчилгааны материал тараадаг байдлыг болих шаардлагатай гэсэн саналтай байгаагаа хэлж байв.
Төслүүдийг боловсруулахдаа сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулсан дэд ажлын хэсгийг байгуулан саналыг нь авч сонгууль зохион байгуулахад гардаг хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудтай холбоотой зохион байгуулалтын шинжтэй зохицуулалтуудыг төсөлд тусгажээ. Ажлын хэсгээс дээр дурдсан гурван хуулийн төсөлд санал авахаар улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад 2018 оны 9 сарын 12-ны өдөр урьдчилан хүргүүлсэн. Одоогийн байдлаар улс төрийн 8 нам, төрийн 8 байгууллага, төрийн бус хоёр байгууллага хуулийн төслүүдэд холбогдох саналаа ирүүлээд байгаа аж.
Холбоотой мэдээ