Дэд сайд нарыг цомхотгохгүй болов

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Дэд сайд нарыг цомхотгохгүй болов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай, Төрийн албаны тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай болон Авлигын эсрэг хуулиудад өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, гишүүдийн 70 гаруй хувийн саналаар Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг хүлээж авлаа. Ингэснээр дэд сайдууд хэвээр үлдэх болж байна.

УИХ өчигдрийн нэгдсэн хуралдаанаараа Монгол Улсын 2015 оны төсвийн тодотголын хоёрдугаар хэлэлцүүлгийг хийх шатанд УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын санаачилсан дэд сайд нарыг чөлөөлье гэсэн саналыг дэмжсэн нь хуулийн зөрчил үүсгэсэн юм.

Үүнтэй холбоотойгоор УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр хуралдаж, дээрх хуулийн төслүүдийг хэлэлцээд “Хуулийн төслүүдийг хэлэлцэх шаардлагагүй” хэмээн үзсэнийг УИХ ийнхүү хүлээн авч байна. Мөн УИХ-ын гишүүн С.Ганбаатар нарын дэд сайд нарыг чөлөөлье гэсэн саналыг дэмжих боломжгүй гэдгээр санал хураалгаж, гишүүдийн 60 гаруй хувийн саналаар баталлаа. 

Харин дээрх саналыг гаргасан УИХ-ын гишүүн С.Ганбаатар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейг Үндсэн хуулийн цэцэд өгнө гэсэн юм.

А.Бакей дарга “Би бол хууль зөрчөөгүй, хуулийн дагуу явж байгаа. Хуулиа уншаагүй байж хүн рүү дайрч болохгүй, цэцэд очиж болно. Бид ч очиж болно, сонгогчдод таалагдах гэж телевизийн өмнө өөрийнхөө мэдэхгүй хуулиар тайлбар хийх нь буруу шүү” гэв.

Одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж