МУГЖ Т.Ариунаа: Т.Бархүү дуулах авьяастайгаа нотолсон

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

МУГЖ Т.Ариунаа: Т.Бархүү дуулах авьяастайгаа нотолсон

"Чамдаа уусна" дуугаар Т.Бархүү маань нийгэмд тодорхой хүлээлт үүсгэсэн авьяаслаг уран бүтээлч гэдгийг нотолсон

МУГЖ Т.Ариунаа: Т.Бархүү дуулах авьяастайгаа нотолсон

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн “ад”-тай оролцогч “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү Монгол Улсын гавьяат жүжигчин Т.Ариунаатай хамтран дуулсан “Чамдаа уусна” нэртэй шинэ уран бүтээл цацагдаж эхэлснээс хойш үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ аваад байна.

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Балхжав хөгжмийг зохиосон бол “Болор цом”-ын эзэн Ж.Мөнхбат шүлгийг нь бичжээ. Энэ дуу нь жүжигчин Т.Бархүүгийн анхны уран бүтээл бол гавьяат дуучин Т.Ариунаагийн долоо дахь бие даасан “Тэнгэр шиг бай” цомогт багтжээ. Энэ талаар Монгол Улсын гавьяат жүжигчин дуучин Т.Ариунаагаас тодруулахаар утас цохилоо.

-Сайн байна уу,  танд энэ өдрийн мэнд хүргэе. Уран бүтээлийн олз омог арвин уу. Таны жүжигчин Т.Бархүүтэй хамтран “Чамдаа уусна” дууны клип олны анхаарлыг татаж, басхүү өндөр үнэлгээ аваад байгаа. Уянгын хайрыг өгүүлсэн энэ бүтээл дээр жүжигчин Т.Бархүүтэй хамтран ажиллах болсон нь хүмүүст их сонирхолтой санагдаж байгаа байх?

“Яг түүн шиг-2” шоуны зочин шүүгчээр оролцох үед Т.Бархүүг дуулах авьяастай хүүхэд юм байна гэдгийг олж харсан. Тийм болохоор “Чамдаа уусна” дууны хөгжмийн найруулга, арга техник зэрэг дээр Т.Бархүү дүүдээ зөвлөмж өгч хамтран ажилласан. Дууныхаа клипийг цацсанаас хойш  цахим сүлжээ, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үзэгч, сонсогчдоос өндөр үнэлгээ авч байгаа нь Т.Бархүү маань бас нийгэмд тодорхой хүлээлт үүсгэсэн авьяаслаг уран бүтээлч гэдгийг нотолсон байх. Фэйсбүүкт  гурван хоногийн дотор 10 мянган хүн бусадтай хуваалцаж байх жишээтэй. “Чамдаа уусна” дуу бол өнөөгийн нийгмийн сөрөг хандлага, стресс бухимдлын эсрэг гэгээлэг бүхнийг уран бүтээлээрээ хүргэхийг зорьсон чанартай уран бүтээлийн нэг юм. Уран бүтээлч хүний аз жаргал бол сайн дуу бүтээж, хүмүүст хүрдэгт байдаг.

-Таны хувьд “Жонон” хамтлагтай хамтран Махатма Гандийн дурсгалд зориулж “Вайжнава жана тө” залбирлыг хинди хэлээр дуулсан нь  анх удаа билүү?

-Өнгөрсөн наймдугаар сард Энэтхэгийн Элчин сайдын яаманд бясалгалын өдөрлөг болсон. Энэ үеэр Элчин сайд нь надад Махатма Гандийн дурсгалд зориулж дуу дуулж өгөхийг санал болгосны дагуу “Вайжнава жана тө” хэмээх залбирлыг анх удаа дууллаа. Тэр хүний мунхгаас ангижирч гэгээлэг сайн сайхан бүхнийг хүссэн утга агуулгатай залбирлыг дуулах үед надад их сайхан санагдсан. Энэ залбирлыг олон хувилбараар дуулсан байдаг. Тэдгээрээс судалж байгаад өөрт тохирсон хувилбарыг сонгож дуулсан нь Энэтхэгийн ард түмэнд хүрч, том гүрний Ерөнхий сайд Нарендра Моди твиттер хуудастаа хуваалцсан нь Монгол Улсын нэр гарч байгаад миний хувьд их баяртай байна.

-Хинди хэлээр дуулахад танд хэр ойр байв. Хэдийгээр өөр улсын хэлээр дуулсан ч монгол уламжлал, хэв маягийг харуулсан байсан?

-Хинди хэл биднээс хол юм билээ. Дуунууд нь хангинасан нарийхан, ойр ойрхон зай авдаг. Бид гурван хоногт бичлэгээ авч дууссан. Хинди хэлээр дуулсан залбирал ч гэсэн заавал Энэтхэг улсыг дуурайлгүй, өөрсдийнхөөрөө хөгжмийн аялгуу, зохиол, бичлэгт монгол хэв маягийг агуулсан.

-“Харанга”, “Чингис хаан” “Хонх” , “Никитон” зэрэг хамтлагийн дууг хүмүүс одоо ч сонсох дуртай. Гэвч рок поп, хөгжмийн урсгалд тэсрэлт хийсэн хөгжмийн хамтлаг шинээр төрөн гарсангүй. Урлагийн зам дардан байдаггүй гэдэг. Дуулах дуртай, хөгжимд хайртай залуусын хувьд замынхаа талд шантраад байна уу. Эсвэл өөр шалтгаан бий юу. Энэ тал дээр та ямар байр суурьтай байдаг вэ?

Олон зүйлийг ажиглаж харж байхад рок поп урсгал, хөгжмийн салбар нь эдийн засагтай холбоотой. Тодорхой хэмжээний мөнгө, санхүүгийн боломжгүй бол уран бүтээл, тоглолт хийх боломжгүй. Урлагийн салбар өөрөө гоо зүйн мэдрэмж, ёс зүйн боловсрол олгож байдаг. Монголд уран бүтээлчид нь шинэ бүтээл, тоглолт хиймээр байдаг. Гэвч бүх зардлаа өөрсдөө гаргах болдог. Тоглолтоос олсон ашгийн ихэнх хувийг зардалдаа өгөөд л өөрөө сайхан мэдрэмж аваад л үлддэг. Миний хувьд есөн жил тоглолтоо хийсэнгүй. Хамгийн сүүлд Соёлын төв өргөөнд тоглолтоо 150 сая төгрөгөөр хийсэн. Ямар ч ашиггүй, сайхан мэдрэмж аваад л үлдсэн. Гэтэл Өмнөд Солонгост яагаад К-Поп урсгал дэлхий даяар эрчээ авч, олон шинэ залуу хамтлаг тэсрэлт хийгээд байна вэ гэхээр санхүүжилт, төрийн дэмжлэг бодлоготой холбоотой.

Монголд залуусыг дэмжих бодлого, санхүүжилт алга. Хэдэн продакшинууд нь хөл дээрээ бат зогсож амжаагүй байхад шинэ уран бүтээлчдийг санхүүжүүлэхэд хэцүү.

Сүүлийн үед “Авъяслаг монголчууд”, “The Voice Mongolia”, “Universt best Songs” гээд шоу нэвтрүүлэг тодорхой хэмжээнд дэмжиж байна. Ингээд шинэ залуу уран бүтээлчидтэй таван жилийн гэрээ байгуулдаг. Дараа нь юу болсон нь мэдэгддэггүй.  Бидний хувьд зах зээл гайгүй байх үед гарч ирсэн болов уу гэж боддог. Ард түмэн хуучны дуунуудыг сонсох дуртай ч уран бүтээлч хүн үргэлж шинийг эрэлхийлж, шинэ уран бүтээл хийж байх ёстой.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж