Ангараг гаригийн хөрсөн доорх давстай ус манай дэлхий дээр хэдэн сая жилийн өмнө бий болсон шиг микроб амьдрахад хангалттай хүчилтөрөгчийг агуулж байх боломжтой гэж судлаачид тогтоожээ. “Nature Geosciences” сэтгүүлд бичсэнээр зарим газар хувалз мэтийн олон эст амьтдад амьсгалах хангалттай хүчил төрөгч байхыг үгүйсгэхгүй хэмээн судлаачид дүгнэж байна.
АНУ-ын онолын физикч Влада Стаменковичийн хэлснээр, энэхүү нээлт нь Ангараг гариг дээрх амьдралын тухай бидний ойлголтыг бүрэн өөрчилж байгаа юм. Өнөөг хүртэл Ангараг гариг дээр илрүүлсэн хүчилтөрөгчийн ул мөр микроб зэрэг амьд биет амьдрахад хангалтгүй гэж үздэг байв. Энэ гаригийн агаар мандал дахь хүчилтөрөгчийн агууламж 0,14 хувьтай байдаг. Харин бидний амьсгалж буй агаар дахь хүчилтөрөгчийн агууламж 21 хувьтай байдаг. Манай гариг дээрх хүчилтөрөгчгүй далайн ёроол, буцамтгай халуун рашааны орчинд микроб амьдарсаар л байдаг. Тиймээс судлаачид хүчилтөрөгчгүй орчин дахь амьдрал бий эсэх талаар судалгаа явуулсан гэж Стаменкович ярьжээ.
Их хэмжээний хүчилтөрөгчөөр үүсдэг химийн нэгдэл болох манганы хүчилтөрөгчийг “НАСА” агентлаг Ангараг гариг дээр нээсний дараа дээрх судалгааг эхлүүлжээ. Усан дахь давсны өндөр агууламж усыг шингэн хэлбэрт байлгаж, бага температурт хүчилтөрөгчийг уснаас гадагшлуулдаг байна. Тухайн бүс, улирал, өдрийн цагаас шалтгаалан Улаан гариг дээрх температур цельсийн -195-аас -20 градусын хооронд хэлбэлздэг гэнэ. Хэдий тийм ч энэхүү судалгааны үр дүн Ангараг гариг дээр амьдрал байна гэж нотолсон хэрэг биш юм гэж Стаменкович анхааруулаад судалгаа зөвхөн тус гариг дээрх орчинд хүчилтөрөгчийн нөлөөлөл бий гэдгийг л харуулсан гэлээ.
Эх сурвалж: phys.org
Холбоотой мэдээ