Нутгийн баруун аймгуудаар өчигдөр /2018.10.24/ шөнөөс эхлэн их хэмжээний нойтон цас орж, цасан шуурга шууран, замын хөдөлгөөний нөхцөл байдал хүндэрсэн билээ. Үүнтэй холбоотойгоор Булган аймгийн нутаг Их болон Багаа хөшөөтийн давааны зам, Эрдэнэт, Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөний түр хугацаагаар хаасан бол өнөөдөр 07.30 цагаас эхлэн замыг нээжээ.
Өнөөдрийн байдлаар /2018.10.25/ хаагдсан зам, даваа байхгүй байгаа хэдий ч замын гадаргуу мөстсөн, халтиргаа гулгаа ихтэй байгааг орон нутгуудаас мэдээлж байна. Түүнчлэн нийслэл хотын хэмжээнд цас орж, халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор тээврийн хэрэгслийн хурд удааширч, хөдөлгөөний ачаалал нэмэгдэх, зам тээврийн ослын дуудлага мэдээлэл нэмэгдэх хандлагатай байгаа хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.
14.00 цагийн байдлаар гэхэд тээврийн цагдаагийн албанд нийт 177 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 155 дуудлагыг хүлээн авч шалгаж байна. Дийлэнх дуудлага мэдээлэл нь мөргөлдөх хэлбэрээр гарсан байх бөгөөд тээврийн хэрэгсэл хоорондын зай бариагүй, зуны дугуйтай хөдөлгөөнд оролцсоноос шалтгаалж байна. Зуны дугуй нь хүйтнийг тэсвэрлэх чадвар муутай ба хөлдөх явдал гардаг аж. Ингэснээр дугуйн хий сулрах, замтай харьцах чадвар алдагдсанаас осол гарах шалтгаан болоод байна.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ