Сонгуулийн хуулийн шинэ төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна | News.MN

Сонгуулийн хуулийн шинэ төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хуулийн шинэ төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Сонгуулийн хуулийн шинэ төслүүдийн талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо, Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хууль, тогтоомжийн төслийг боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий Ажлын хэсгээс хамтран зохион байгуулж буй “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг”  өнөөдөр (2018.10.25) Төрийн ордонд болж байна.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Улсын Их Хурлын зарим Байнгын хорооны дарга, намын бүлгийн дарга нар, хуулийн шинэ төслүүдийг боловсруулах үүрэг бүхий Улсын Их Хурлын Ажлын хэсгийн болон Ажлын дэд хэсгийн гишүүд, Сонгуулийн ерөнхий хорооны удирдлагууд, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд,  эрдэмтэн судлаачид оролцож байна.

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлэлцүүлгийг нээж хэлсэн үгэндээ, Монгол Улсад Улсын Их Хурлын ээлжит сонгуулийг 1992, 2005, 2011 онуудад батлагдсан Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулиар, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийг 1993, 2012 онд батлагдсан хуулиар, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийг 1996, 2007, 2012 онд батлагдсан хуулиар тус тус зохион байгуулж ирсэн. Харин 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Сонгуулийн тухай хууль батлагдаж, уг хуулиар Улсын Их Хурлын сонгуулийн төдийгүй Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуультай холбоотой бүхий л харилцааг нэг хуулиар зохицуулах болсон. Сонгуулийн тухай энэхүү нэгдсэн хуулиар Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулийг тус тус зохион байгуулж явуулсан.

Гэвч эдгээр сонгуулийг зохион байгуулж явуулах явцад Сонгуулийн тухай хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх тухайд болон хууль хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсэж байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгууль зохион байгуулалтын үйл ажиллагаанд хуулиар үүрэг хүлээн оролцдог төрийн байгууллагууд, сонгогчид, нэр дэвшигчид, сонгуульд оролцсон нам, эвслүүдээс удаа дараа илэрхийлж байсан.

Иймээс Монгол Улсын улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралын хөгжлийн хурдац, үүнээс үүдэн гарсан нөхцөл байдал, хууль тогтоомжийн чанарыг сайжруулах шаардлагыг харгалзан сонгуулийн тогтолцоо, үндсэн зарчим, журмыг улам бүр тодорхой болгох, хуулийн тогтвортой байдлыг хангах, сонгууль тус бүрийн онцлогт тохирсон тусгайлсан бие даасан хууль боловсруулах, Үндсэн хуульд заасан иргэний сонгох эрхийг хангах, түүнчлэн сонгуулийг зохион байгуулж явуулах удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн орчныг сайжруулах зэргээр сонгуулийн үйл ажиллагаатай холбогдсон харилцааг бүхэлд нь эргэн харж боловсронгуй болгох шаардлагатай гэж үзэж байгаа. Энэ үндсэн дээр Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулан байгуулсан. Ажлын хэсгийн гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг, Л.Болд, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Ж.Мөнхбат, З.Нарантуяа, Д.Оюунхорол, Л.Оюун-Эрдэнэ, Я.Содбаатар, Д.Тогтохсүрэн, Б.Энх-Амгалан нар томилогдон ажиллаж байгаа.

Энэ үндсэн дээр Төрийн байгуулалтын байнгын хороо, Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгээс Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг тус тус боловсруулаад байна. Хуулийн төслүүдийг боловсруулахдаа одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулийн ерөнхий зарчмыг барьж ажилласан гэдгийг онцоллоо.

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаар танилцуулга хийсэн юм.

Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулгадаа, Монгол Улсын Үндсэн хуульд төрийн эрх барих дээд байгуулага бол Улсын Их Хурал бөгөөд Улсын Их Хурлын гишүүнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, Монгол Улсын төрийн тэргүүн Ерөнхийлөгчийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно, нутгийн өөрөө удирдах байгууллага болох аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж тус тус заасан. Мөн Улсын Их Хурлын сонгуулийн болон Ерөнхийлөгчийн сонгуулийн журмыг, түүнчлэн орон нутгийн ИТХ-ын төлөөлөгчийг сонгох журмыг хуулиар тогтооно гэж зааснаас үзэхэд гурван өөр субьектийг сонгох сонгуулийн хуулиуд нь зайлшгүй тус тусдаа байх шаардлагатайг илэрхийлж байна.

Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусдаа зохион байгуулалтын онцлог шинж чанартай, процессын үйл ажиллагаатай бөгөөд ялангуяа сонгуулийн зохион байгуулалтын бүхий л үйл ажиллагаа нь тухайн сонгуулийн онцлогт тохирсон хуулийн зохицуулалттай байх шаардлагатай байдаг.

Гэтэл эдгээр онцлог бүхий сонгуулийн харилцааг нэг хуулиар зохицуулсан нь хууль хэрэглээний хувьд хүндрэл үүсгэж, улмаар сонгуулийн тухай хуулийн зарим зүйл, заалтыг сонгуулийн харилцаанд оролцогчид өөр өөрийнхөөрөө тайлбарлаж хэрэглэх, зарим харилцаанд хуулийн зохицуулалт орхигдсон зэргээс үүдэн сонгуульд оролцогч талуудын хооронд маргаан үүсэх, иргэд сонгогчдод ойлгомжгүй байдал бий болох зэрэг хүндрэлтэй нөхцөл байдалд хүргэж байна.

Иймээс Улсын Их Хурлын даргын 2017 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн 195 тоот захирамжаар байгууагдсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх үүрэг бүхий ажлын хэсэг Монгол Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төсөл, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийг одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай нэгдсэн хуулийн ерөнхий зарчмыг баримтлан боловсруулсан. Ингэхдээ сонгууль тус бүрийн онцлогийг тусгаж өгсөн.

Мөн төслүүдийг боловсруулахдаа сонгуулийг зохион байгуулах үйл ажиллагаанд оролцдог төрийн байгууллагууд болох Сонгуулийн ерөнхий хороо, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яам, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар зэрэг байгууллагуудын мэргэжлийн төлөөллүүдийг оролцуулсан дэд ажлын хэсгийг байгуулан саналыг нь авч сонгууль зохион байгуулахад гардаг хүндрэл, бэрхшээлтэй асуудлуудтай холбоотой зохион байгуулалтын шинжтэй зохицуулалтуудыг төсөлд тусгаад байна.

Ажлын хэсгээс дээр дурдсан гурван хуулийн төсөлд санал авахаар улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад 2018 оны 9 сарын 12-ны өдөр урьдчилан хүргүүлсэн. Одоогийн байдлаар улс төрийн 8 нам, төрийн 8 байгууллага, төрийн бус хоёр байгууллага хуулийн төслүүдэд холбогдох саналаа ирүүлээд байгааг Улсын Их Хурлын дэд дарга танилцуулгадаа дурдаад энэ удаагийн хэлэлцүүлгийг Улсын дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн нийт 28 нам, холбогдох төрийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагуудын нийт 120 орчим төлөөллийг оролцуулан зохион байгуулж байгааг онцлов. Түүнчлэн хэлэлцүүлгийн явцад гаргасан саналуудыг Ажлын хэсэг нэгтгэн судалж үзсэний үндсэн дээр эхний байдлаар боловсруулсан хуулийн төслийн үзэл баримтлал, төслүүдийг улам боловсронгуй болгон сайжруулж, улмаар Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр төлөвлөж байна гэдгийг хэллээ.

Дараа нь Сонгуулийн ерөнхий хорооны Хууль, эрх зүйн хэлтсийн ахлах референт Д.Бат-Эрдэнэ Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.

Тэрээр танилцуулгадаа, 2015 онд батлагдсан Сонгуулийн тухай хуулийн дагуу Улсын Их Хурлын болон Аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны сонгуулийг зохион байгуулж явуулсан. Мөн Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуулиудыг тус тус зохион байгуулсан. Эдгээр сонгуулийг Сонгуулийн тухай хуулийн дагуу зохион байгуулж явуулах явцад хуулийг нэг мөр, зөв ойлгож хэрэглэх, сонгуулийн зохион байгуулалт, хуулиар зохицуулаагүй харилцааны зарим асуудал,  мөн хуулийн давхардсан, зөрүүтэй зохицуулалтууд зэргээс үүдэлтэйгээр хуулийн хэрэглээний олон төрлийн хүндрэл үүсч байсныг сонгууль зохион байгуулж явуулсан бүх шатны сонгуулийн байгууллага, сонгогч, нэр дэвшигч, сонгуульд оролцсон нам, эвслээс илэрхийлж байсан болно.

Иймээс одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуультай харьцуулсан байдлаар ажлын хэсгээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан. Хуулийн төсөл нь 12 бүлэг, 90 зүйлтэй бөгөөд одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Сонгуулийн тухай хуулиар 2016 онд зохион байгуулж явуулсан Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн явцад хууль хэрэгжүүлэх шатанд гарч байсан хуулийн зүйл, заалтын давхардал, зөрчил, нэр томьёо, агуулгын ойлгомжгүй байдал, хуулийг нэг мөр зөв ойлгож хэрэгжүүлэхэд гарч байсан эргэлзээг засаж сайжруулах үүднээс шинэ төслийг боловсруулсан талаар хуулийн тодорхой зүйл, заалтад үндэслэн танилцуулсан юм.

Хуулийн төслийн танилцуулгатай холбогдуулан хэлэлцүүлэгт оролцогчид асуулт асууж тодруулан саналаа хэлж байр сууриа илэрхийллээ. Тухайлбал, Монголын социал демократ намын дарга А.Ганбаатар Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудал яригдаж нийгэмд хүлээлт үүсгээд байгаа ийм үед засаглалын асуудлаа тодорхой болгож байж сонгуулийн хуулиа ярилцах нь зүйтэй юм гэсэн байр суурьтай байгаагаа хэлсэн бол Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намын дарга Ш.Төмөрсүх сонгогчдын шилжилт хөдөлгөөнийг сонгуулийн жилийн эхнээс зогсоох, төрийн албан хаагч сонгуульд нэр дэвших бол сонгуулийг товлон зарласан өдрөөс эхлэн ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдөх, мөн МҮОНРТ-ээр нэр дэвшигч бүрт сурталчилгааны цаг өгдөг байдлыг болиулж сонгуульд оролцож байгаа улс төрийн нам, эвсэлд нь тодорхой цаг өгдаг байх нь зүйтэй гэсэн санал хэллээ.

Мөн хуулийн зүйл, заалтууд биш гол нь хуулийн төслийн үзэл баримтлалд анхаарлаа хандуулж ярилцмаар байна, энэ хуулийн төслийн гол зорилт нь улс төрийн намууд, иргэд сонгогчдод адил тэгш үйлчлэхэд чиглэсэн байх учиртай, намууд нэр дэвшигчдээсээ хандив авдаг байдлыг зогсоох, хууль зөрчсөн этгээдийг хөдөлмөрийн хөлсний доод түвшинг тодорхой хэмжээгээр өсгөсөн мөнгөн дүнгээр торгоод өнгөрөх биш нэр дэвшигчдийг эгүүлэн татдаг, төрийн албан хаагчдад хатуу чанга хариуцлага хүлээлгэдэг байх нь зөв юм гэсэн Монголын уламжлалын нэгдсэн намын дарга Б.Батболдтой санал нэг байгаагаа Бүгд найрамдах намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо илэрхийлж байв. Түүнчлэн Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Золжаргал сонгуулийн хуулийн тогтвортой байдлыг хангах үүднээс дараагийн сонгууль болохоос 12 сарын өмнө хуульд өөрчлөлт оруулах, ингэхдээ Улсын Их Хурлын гишүүдийн гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол өөрчлөлт оруулдаг босго тогтоох, сонгуулийн сурталчилгааны тэгш бус байдлыг арилгахын тулд бүх нам, эвслээс нэр дэвшигчдийн сурталчилгааны нэгдсэн нэг хэвлэмэл товхимол гаргаж сонгогчдод тараадаг болох, айлын хаалга татаж сурталчилгааны материал тараадаг байдлыг болих шаардлагатай гэсэн саналтай байгаагаа хэлж байв. Түүнчлэн улс төрийн бусад намууд, иргэний ниймгмийн карим байгууллагын төлөөллүүд хуулийн төсөлтэй холбогдуулан саналаа хэлж, байр сууриа илэрхийлсэн юм. Санал хэлсэн хүмүүсийн ихэнх нь энэ удаагийн хэлэлцүүлгээс гарсан саналуудыг хуулийн төсөлд нэмж тусгасны дараа дахин хэлэлцүүлэг өрнүүлэх шаардлагатайг ажлын хэсэгт санал болгож байв.

Хэлэлцүүлэгт оролцогчдын зарим асуултад Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн ахлагч Л.Энх-Амгалан, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан, Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтнууд хариулт өгч, нэмэлт тайлбар, тодруулга хийсэн юм.

Хэлэлцүүлэг үдээс хойши үргэлжилж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай, Аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг сонсож, хэлэлцүүлэг өрнүүлнэ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Санал 2018-10-25 202.9.40.230

Мэдээж тойрог хол – ойр, хүн ам ихтэй – ихгүй гээд байгаа. Тэрэнд нь таарсан мөнгөний хэмжээг нь зааж өгөөд сонгуульд нэр дэвшигчийн хөрөнгө орлогын мэдүүлэг, хандивыг л ил болгоод тавьчих. Тэгээд л болоо өөр юу ч хэрэггүй. Дөрвөн жил сонгууль-мөнгө хүлээж хэвтдэг байдал арилна биз дээ. Мөнгөний бус улс орноо гэх залуучууд нь гарч ирэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж