Хориг хэрэгжиж эхэлмэгц Налайхын уурхай зогсоно | News.MN

Хориг хэрэгжиж эхэлмэгц Налайхын уурхай зогсоно

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Хориг хэрэгжиж эхэлмэгц Налайхын уурхай зогсоно

Хориг хэрэгжиж эхэлмэгц Налайхын уурхай зогсоно

Ирэх хавраас нийслэлд түүхий нүүрс хэрэглэхгүй. агаарын бохирдлыг бууруулахын тулд гаргасан эл шийдвэр Улаанбаатарын иргэдийн түлш, нүүрсний хэрэглээг эрс өөрчилнө. Мөн нийслэлийн гэр хорооллын 216 мянган өрхийг жилд 1.1 сая тонн нүүрсээр хангадаг нүүрсний компаниудын борлуулалт, зах зээлд ч өөрчлөлт гарахаар байна. Улаанбаатар хотыг “Шарын гол”, “Багануур”, “Шивээ-Овоо”, “Адуунчулуун”, “Тавантолгой” болон Налайхын уурхайн цооногууд нүүрсээр хангадаг. Олборлогчид түүхий нүүрсний хоригтой холбоотойгоор үйл ажиллагаа, бодлогодоо ямар өөрчлөлт хийхээр зэхэж буйг сонирхлоо.

ТОМ КОМПАНИУДАД ТҮҮХИЙ НҮҮРСНИЙ ХОРИГ НӨЛӨӨЛӨХГҮЙ

Хотын захын түлээ, нүүрс зарах цэгүүдэд “Багануур”-ын шар шуудайтай нүүрс харьцангуй хямд үнэтэй зарагддаг, борлуулалт ч сайтай. Гэхдээ тус компанийн гол зах зээл нь нийслэлийн гэр хорооллын худалдан авагчид биш. Тус компани жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог. Эдгээрийн 95-97 хувийг дулааны цахилгаан станцуудад нийлүүлж буй. Харин үлдсэн 3-5 хувийг нь л Улаанбаатар болон зүүн аймгуудын төв, суурин газруудад борлуулдаг аж. Тиймээс нийслэлд түүхий нүүрс оруулахгүй байлаа ч тус компанийн үйл ажиллагаа, бодлогод төдийлэн нөлөөлөхгүй гэж үзэж байна. “Багануур” ХК-ийн Санхүү, хөрөнгө оруулалт, төсөв хариуцсан дэд захирал Б.Ганзориг “Зах зээлийн 3-5 хувь бол мэдрэмж муутай хэсэг. Тиймээс хоригоос шалтгаалж манай компанийн борлуулалт муудаж, мөнгөн урсгал саатах асуудал гарахгүй. Харин бид дулааны цахилгаан станцуудаа бүрэн, найдвартай хангахаас гадна нүүрсээ экспортод гаргахаар зорьж байгаа. Хүчин чадлаа нэмэхээр хөгжлийн банктай хэлэлцээд явж байгаа” гэлээ. Тус компани төмөр замын дэд бүтэцтэй давуу талаа ашиглан ирэх оноос БНХАУ-ын хилийн мужууд болон ОХУ-д экспорт хийхээр төлөвлөжээ. Нийслэлийн гэр хорооллын нүүрсний хэрэглээний тодорхой хувийг хангадаг “Шивээ-Овоо” ХК ч мөн дээрхтэй адил байр суурь илэрхийллээ. Тус компани нийслэлийн II, III, IV дулааны станцад нүүрс нийлүүлдэг. Харин өвлийн улиралд өрхийн хэрэгцээнд тун бага хэмжээтэйг борлуулдаг бөгөөд нийслэлд борлуулах цэг нь ч байрладаггүй юм байна. “Шивээ-Овоо” ХК-ийн хуулийн зөвлөх Э.Мандахнаран “Манайх жилд 1.9 сая тонн нүүрс Улаанбаатарт нийлүүлдэг. Гэхдээ айл өрхийн хэрэглээнд тун бага хэсэг нь очдог. Тиймээс жижиглэн худалдаанд гарах энэ өөрчлөлт манай компанид ямар нэг сөрөг нөлөө үзүүлэхгүй” гэж тайлбарлалаа.

НАЛАЙХЧУУД "СААЛИЙН ҮНЭЭ"-ГҮЙ БОЛНО

Дотоодын нүүрсний томоохон компаниуд ийнхүү нүүрсний хоригт төдийлэн санаа зовохгүй байна. Харин илч сайтай, тортог багатай учраас гэр хорооллын иргэдийн дунд эрэлттэй байдаг Налайхын нүүрс олборлогчдын хувьд байдал өөр. Жижиг компани, хувь хүмүүс л нүүрс олборлож, зардаг Налайхын уурхайд энэ хоригийн буулт нь хамгийн хүнд тусахаар байгаа юм. Налайхын уурхай 35 сая тонн нүүрсний нөөцтэй. Хэдийгээр олборлогчид 1990 оноос хойш нийслэл рүү зөөж байгаа ч энэ нөөц тогтоосон хэсэгт буюу 100-200 метрийн гүнд хүрээгүй байгаа. Жижиг компани, хувь хүмүүс техник муутай учраас газрын гүнээс доош хэдхэн метрт л ухаж, амьжиргаагаа залгуулсаар ирсэн. Харин өнөөдрийн байдлаар тус уурхайд 4-5 ам л ажиллаж байна. Ихэнх амууд нь ажиллахгүй байгаа учраас олдоц нь муудаж, уурхайн ам дээр урт дараалал үүсчээ. Үүнийг дагаад үнэ нь ч нэмэгдсэн байна. Өнгөрсөн жилийн өдийд нэг Портер машин нүүрс 250-280 мянган төгрөгийн үнэтэй байсан. Харин энэ намар үнэ нь нэмэгдэж 330-350 мянган төгрөгт хүрчээ. Жижиглэнгийн буюу нэг шуудай нүүрсний үнэ өмнөх жилүүдэд хамгийн ихдээ 3000 төгрөг хүрч байсан нь 500 төгрөгөөр өссөн байна. Налайхын нүүрс ийнхүү ховордсон нь олон шалтгаантай. Нэгд, хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор олон жил үйл ажиллагаа явуулсан компаниудад хүндрэл учраад байгаа. Ашигт малтмал, газрын тосны газраас 25 га-гаас дээш газартай компаниудын ТЭЗҮ-г баталдаг болсон. Гэтэл энэ хуулийн өөрчлөлтөөс өмнө зөвшөөрөл авсан компаниудын олонх нь 4-5 га буюу маш жижиг газар эзэмшдэг учраас ТЭЗҮ-г нь баталж, олборлолт хийх зөвшөөрөл өгөхгүй байгаа аж. Үүнтэй холбоотойгоор ашиглах зөвшөөрөлтэй 30 гаруй компанийн ганц, хоёр нь л албан ёсны зөвшөөрөлтэйгээр нүүрс гаргаж байна. Хоёрт, тус уурхайд ихэнхдээ хувь хүмүүс ажиллаж байгаа учраас аюулгүй байдлаа хангаж чадалгүй амь насаа алдах тохиолдол гарсаар байгаа. 1992-2017 онд энд 735 хүн осолд өртөж, 234 хүн нас баржээ. Ийнхүү Налайхын уурхайн олборлолт буурч, үйл ажиллагаа нь бага багаар царцаж байгаа бол 2019 оны хавраас нийслэл рүү түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэр хэрэгжиж эхэлмэгц тэр чигтээ зогсохоор байна. Налайхын уурхайгаас нүүрс олборлох зөвшөөрөлтэй “Баялагоч” компаниас энэ талаар тодруулахад “Манай компани сүүлийн үед нүүрс олборлоогүй. улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг хориглосон болохоор цаашид үйл ажиллагааныхаа чиглэлийг өөрчлөх бодолтой байна. Нүүрс олборлож байсан газар дээрээ өөр үйл ажиллагаа явуулахаар төлөвлөж байгаа” гэв. Мөн хувиараа олборлогч ш.алтангэрэл “Өмнө нь нийслэлд нүүрсний хэрэгцээ байсан учраас уурхайнууд ажиллаад байсан. Харин хэрэгцээ байхгүй болчихвол хүссэн, хүсээгүй олборлолт зогсож таарах байх. Аж ахуйн нэгж ч тэр, гар аргаар ухдаг хувь хүмүүс ч тэр ганцхан энэ өвөл л ажиллах хугацаа үлдсэнийг ойлгож байгаа” гэлээ.

  • Жижиглэн худалдаанд гарах өөрчлөлт “Багануур”, “Шивээ-Овоо” компаниудад нөлөөлөхгүй.
  • Аж ахуйн нэгж ч тэр, гар аргаар ухдаг хувь хүмүүс ч тэр ганцхан энэ өвөл л уурхайд ажиллах хугацаа үлдсэнийг ойлгож байгаа.
  • Шилжээд орох өөр ажлын байр байхгүй учраас иргэд улам л ядуурах нь.

Гэхдээ Налайхын нүүрсний амууд хаагдана гэдэг хэдхэн компани, “нинжа” нарын асуудал биш. Осол, эндэгдэл их гардаг учраас тус уурхайн амуудыг хаах талаар салбарынхан байнга ярьдаг. Гэвч өнгөрсөн хавар УУХҮЯ-наас хийсэн судалгаагаар энд ажиллаж буй хүмүүсийн дийлэнх нь Налайхад амьдардаг бөгөөд ар гэрээ тэжээдэг гэсэн дүн гарчээ. Тодруулбал, уурхайг хаавал олон мянган өрх орлогын эх үүсвэргүй болох аж. Тиймээс яамнаас уурхайг хаах шийдвэр гаргаж түвдэхгүй байгаа юм. Харин нүүрсний хориг хэрэгжиж эхэлбэл хүссэн, хүсээгүй Налайхын уурхайн олборлолт зогсоно. “2019 он гараад Налайхын иргэдийн амьдралд том өөрчлөлт гарах нь. Нэг талаас замбараагүй олборлолт зогсож байгаа нь сайн хэрэг. Гэхдээ нөгөө талаас харвал Налайхын 30 гаруй мянган хүнийг тэжээж байгаа саалийн үнээ байхгүй болно гэсэн үг. Шилжээд орох өөр ажлын байр байхгүй учраас иргэд улам л ядуурна гэсэн үг” гэж Налайх дүүргийн тамгын газрын мэргэжилтэн, үйлдвэрлэл, уул уурхайн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Пүрэв-Очир хэллээ. Улаанбаатарын агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсийг хориглох шийдвэр ийнхүү дотоодын нүүрсний жижиглэн худалдааны зах зээлийн тоглогчдыг шахан гаргаж байна. Том компаниуд зах зээл, “бай”-гаа өөрчлөхөөр төлөвлөсөн бол нийслэлийн хаяаг түшсэн налайхчууд ажлын байрны хомсдолд орохоор байна. Налайхын нүүрсний хэрэглээг орлох сайжруулсан түлшний түүхий эдийг “Энержи ресурс”, “Тавантолгой” компаниуд үнэгүй хангахаар болсон. Тиймээс Налайхын уурхайчид ирэх хавар энэ зах зээлээс бүрмөсөн шахагдах нь.

Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2018-10-25 203.91.115.38

НАЛАЙХАД НҮҮРСНЭЭС ХАМААГҮЙ АШИГТАЙ,ОЛОН МЯНГАН ХҮНИЙГ АЖЛЫН БАЙРААР ХАНГАХ ХҮЧИН ЧАДАЛТАЙ АЖ ҮЙЛДВЭРИЙН ЦОГЦОЛБОР БАРИГДАЖ БАЙГАА НАЛАЙХЧУУДАА ГУТРАХ БОЛООГҮЙ ШҮҮ

Avatar

Jagaa 2018-10-25 103.10.21.111

uneheer muu medee bna. ug ni uataanii asuudliig chiidej bui bolovch 30.000 ger buliin orlogo ajiliin bair gedeg bol tom too chuu. muu ZG iim shiidver gargaj bna. oor garts olj harj chadahgui bna

Avatar

Зочин 2018-10-25 202.9.43.187

Муу нүүрсээ хэрэглээд хордоцгоо гэр хорооллынхон. Сайн нүүсийг чинь бид нар хятад ахдаа зарна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж