Төрийн соёрхолт, зураач Т.Цэгмидийн охин Ц.Цацралтай ярилцлаа. Тэрээр Германы Берлин хотноо 16 жил амьдарч байна. Аавынхаа мэргэжлийг өвлөсөн бөгөөд Европийн уран зургийн ертөнцөд хөл тавьж, Монголынхоо нэрийг гаргаж яваа уран бүтээлч юм.
-Та Берлинд олон жил амьдарлаа. Уран бүтээлийн олз омог арвин уу. Хүний нутагт холын бүсгүйн сэтгэл, зүрх, мэдрэмжээс ямар уран бүтээл төрж байх юм?
-Монголчууд та бүхэнтэйгээ энэ орон зайд уулзаж байгаадаа баяртай байна. Хамгийн сүүлд эх орондоо “Back to the roots” үзэсгэлэнгээ гаргаж байлаа. Түүнээс хойш бараг гурван жил өнгөрчээ. Мөн Берлинд амьдраад 16 жил боллоо. Цаг хугацаа нисэх мэт хурдалж байна. Эндхийн урлагийн их сургуулийг төгсөөд, дараа нь уран бүтээлээ хийж эхэлсэн. Хэдий би Европын хэв маяг дунд амьдарч байгаа ч сэтгэлгээ маань хэзээ ч өөрчлөгдөөгүй. Нүүдэлчин монгол ахуйгаа санан, тэднийхээ талаар зурж, бүтээлдээ шингээсээр л сууна.
-Монголд их дулаахан сайхан өвөл болж байна. Монголынхоо талаар мэдээллийг байнга авч байгаа биз дээ?
-Тийм ээ. Хүн нэг газарт бараг 20 жил амьдрахаар дасах юм. Берлин бол миний хоёр дахь эх орон. Нэг дэх нь мэдээж Монгол. Энэ үзэл минь мөнх байх болно. Эх орноо хааяа жигтэйхэн их санана. Гэхдээ одоо ч дэлхий жижигхэн болжээ. Олон нийтийн сүлжээгээр Монголынхоо талаар мэдээллийг цаг алдалгүй авч байна. Гэр бүл найз нөхөдтэйгөө дүрсээ хараад ярьчихна. Монгол маань нэг гудамж тойроод л байгаа юм шиг ойрхон санагддаг.
-Европын орныг уран бүтээлчдэд ээлтэй гэдэг. Берлиний уран бүтээлчдэд хандах хандлага их сайхан болов уу гэж төсөөлж байна?
-Тэнд Монгол төдийгүй Азийн уран бүтээлч олон бий. Бүгд л сайхан амьдарч байна. Бид үзэсгэлэн гаргахад байрны түрээс төлдөггүй. Хэрвээ ямар нэгэн галерейн зураач бол байраар хангана. Үзэсгэлэнгээ гаргавал зардлыг хариуцна гээд орчин нөхцөл харьцангуй сайн. Гэхдээ галерейн зураач болох шалгуур өндөр. Галерейтай гэрээ хийсэн бол үзэсгэлэнгээс зарагдсан зурагныхаа орлогыг тэнцүү хувааж авдаг. Энэ мэтчилэн Монголын урлагийн тогтолцооноос өөр зүйл олон бий.
-Хааяа эх орондоо ирээд үзэсгэлэнгээ гаргаж байгаа харагддаг. Та хэний сэтгэлгээнд зориулан бүтээл гаргаж байна вэ. Монголын үзэгчдийн сэтгэлгээ баруунынхнаас магадгүй арай өөр болов уу гэж бодох юм?
-Тийм ээ. Монголын маань уран зураг сонирхогчид ханан дээрээ өлгөж болох бүтээл сонирхдог юм билээ. Би энэ шаардлагыг урьд нь тэр болгон анзаардаггүй байсан юм. Миний сэтгэл дотроос уран бүтээл маань яаж бууж ирнэ яг түүгээр нь буулгадаг. Энэ ондоо багтан тэр л сэтгэлээс буусан бүтээлээрээ Монголдоо үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна. Аавтайгаа хамтран уран бүтээлээ хүргэнэ гэж бодож байгаа.
-Төрийн шагналт Ц.Цэгмид гуайн бүтээлийг их гүн агуулгатай гэдэг юм билээ. Та аавынхаа бүтээлийг хэрхэн дүгнэдэг вэ. Мөн аав тань бүтээлийг тань юу гэх үү?
-Надад аавын маань бүтээл сайхан мэдрэмж өгдөг. Аавыгаа зураг зурахыг харж өссөн болоод ч тэр үү надад будагны үнэр хүртэл дотно санагдана. Одоо зургаа зурж суухдаа аав минь ч гэсэн ингэж байсан байх гэж боддог. Өөрөө эрх чөлөөтэй хүн учраас намайг “Эх орондоо ир” гэх ч юм уу хэзээ ч тэгж барьдаггүй. “Бүх л зүйл чиний хариуцлага чиний сонголт” гэж хэлдэг. Хүмүүс “Цэгмид гуай алдартай зураач учраас чамд зааж өгдөг үү. Зургийг тань засдаг уу” гэж асуудаг. Аав надад юу ч хэлдэггүй. Миний уран бүтээлд хөндлөнгийн нөлөө орчих вий гэж болгоомжилдог байх. Аав бид хоёрын уран бүтээлийн ертөнц өөр.
-Зураачид уран бүтээлээ ямар нэгэн төрлөөр дагнан туурвиж хайрцаглахыг хүсдэггүй гэх юм билээ. Таны тухайд. Өөрийн тань сонирхдог төрөл гэвэл?
– Ер нь аливаа зураг жинхэнэ буюу үнэмшилтэй байх нь Европын урлагийн тавцанд чухал шалгуур байдаг. Би аливаад нээлттэй байж, шинэ зүйл эрэлхийлэхийг хүсдэг. Сүүлийн үеийн бүтээлүүдээ ямар нэгэн изм-ээр төсөөлөхөд бэрх болсон. Миний сонирхдог төрөл бол neo-expressionist юм. Үүнийг орчуулбал сэтгэл хөдлөл илэрхийлэх гэсэн үг юм. Мөн сүүлийн үед Берлинд нэгэн шинэ урсгал бий болсон. Гэхдээ би моод хөөх дургүй. Миний бүтээлүүдэд Монгол хэв маяг л давамгайлдаг даа.
-Тэр хэв маягаараа ч бусад уран бүтээлчдээс ялгардаг байх. Тийм үү?
-Бүтээлийнхээ санаа сэдлийг Монгол нүүдэлчин ахуйгаас авдаг болохоор миний бүтээлийг эндхийн мэргэжилтнүүд өндөр үнэлдэг. Өвөрмөц агаад ид шидийн нууцлагдмал бүтээлтэй гэж хэлэх нь бий.
-Бодолдоо байсан сэдвээ буулгаад бийрээ тавихад нэг сайхан болно биз. Тэр үеийн мэдрэмжийн тухайд?
-Хүний амьдралын хамгийн сайхан зүйл дуртай ажлаа хийх юм болов уу. Тоо бодох дургүй байтлаа толгойгоо өвдтөл бодоод явж байгаа хүн олон байна. Хэцүү л дээ. Сэтгэлийн амар тайвныг мэдэрч чадахгүй. Би уран зурагт хайртай учраас тэр зүйлээс авч болох бүхий л сайн сайхны дээдийг мэдэрдэг. Зураг зурах болгонд амарч байгаа юм шиг санагдана.
– Би тантай яг гурван жилийн өмнө уулзаж байлаа. Тэр үеэс та хэр өөрчлөгдсөн бэ. Сэтгэлгээ, амьдрал гээд л. Ер нь хоёр жил гэдэг хүний амьдралд хэр хугацаа вэ?
-Жаахан байхад цаг хугацаа өнгөрч өгдөггүй байлаа. Гэтэл одоо нүд ирмэхийн зуурт л өнгөрч байна. Цаг хугацаа өнгөрч байгааг хүүхдүүдээ өсөхийг хараад л хамгийн их мэдрэх юм. Гурван жил гэдэг хүний амьдралд их юм уу бага хугацаа байж болно. Гэхдээ зураачийн сэтгэлгээнд цаг хугацаа хамаарахгүй. Бидний хувьд цаг хугацаа гэдэг зүгээр л тоо.
-Хэзээ Монголдоо ирэх вэ. Монголынхоо уран зураг сонирхогчдод зориулан ямар нэгэн уран бүтээл хийв үү?
-Монголдоо очоогүй гурван жил болжээ. Эх орон шиг сайхан зүйл юу байх вэ. Би өндөр хөгжилтэй оронд сайхан амьдарч байгаа харагдана. Гэхдээ сэтгэлдээ эх орноо санан уйлж явдаг юм. Үүнийг би аавдаа ч хэлж байгаагүй. Одоо ерөнхийдөө Германдаа суурьшиж байна. Гэр бүлтэй боллоо. Хүүхдүүдийг ээж болсон. Жил бүр эх орондоо ирж уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргаж сэтгэл зүрхээрээ хамт байхыг хүсдэг.
-Зураачид их өвөрмөц ертөнцтэй хүмүүс байдаг. Хувцаслалт, стил имидж гээд л. Таных их өвөрмөц санагддаг шүү?
-Бид бүгдээрээ л адилхан зүрх сэтгэлтэй хүмүүс. Бүдүүн гинж зүүгээд нүдээ хараар будчихаар өөр хүн болчихгүй. Надад юу таалагдаж байна түүгээр л гоёдог. Бусдын адил амьдралын бэрхшээлтэй тулгарна. Магадгүй миний хувцаслалтыг хараад энэ зохиолын дуу сонсдоггүй байх гэж бодож байна уу. Би аль ч дуунд дуртай. Ер нь хүнийг гаднаас нь харж дүгнэх буруу байх.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: www.polit.mn