Цас нийтийн тээврийнхний өвлийн бэлтгэлийг шалгалаа.
Улаанбаатар хотод өнөөдөр /2018.10.25/ үүрээс эхлэн цас хаялж, авто замд хялмаа тогтох төдийд тээврийн хэрэгслүүдийн дугуй хий эргэж, мөлхөхөөс аргагүй болов.
Толгойтоос вокзал руу зорчиж явсан автобус өглөө эвдэрч, зорчигчдоо Геологийн төв лаборатори орчимд буулгав. Зорчигчид нэг буудал гаруй газар алхаж “Монгол хьюндай” –гийн автобусны буудалд ирэхэд нийтийн тээвэр хүлээсэн иргэд бужигнаж байлаа. Автомашинуудын цуваа уртаас урт үргэлжлэх ч төгсгөл нь хаана байгааг харах аргагүй аж. Таван шар, 21 дүгээр хороолол, нэгдүгээр хороолол тэр чигтээ битүү автомашины түгжрэл.
Нэгдүгээр эгнээгээр зөвхөн нийтийн тээвэр зорчих ёстой ч автомашинууд тэр чигтээ байршлыг нь эзэлжээ. Өглөө 07.00 цагт л хөдөлгөөн зохицуулаад зогсож байдаг замын цагдаа хүйтнээс жийрхсэн үү, бараа сураггүй. Уг нь ийм үед л журмаа хэрэгжүүлээд нэгдүгээр эгнээгээр зөвхөн автобусуудыг явуулахаар зохицуулалт хийсэн бол арай ч ингэтлээ таг гацахгүй ч байсан юм билүү.
Унаа хүлээн 30-аад минут зогссоны дараа урт хөх автобус хиншүү хярвас үнэртүүлсээр, арайхийн явсаар ирж зогсов. Хаалга нээгдэхэд хянагч бололтой эмэгтэй “Цасанд явдаггүй, хий эргээд” гэж учирлав.
Жолооч зорчигчид руу хандан суухыг хүссэн ч халгаад орсонгүй. Хянагч эмэгтэй дуугаа өндөрсгөн “Автобусанд маань суугаад өгөөч. Хойшоо сууж болохгүй, урагшаа суугаарай” гэж учирласнаар 40 орчим хүн уг автобус руу оров. Утаа суунаглуулан арайхийн хөдлөхөд араас нь автобусууд шилээ даран ирж, зорчигчид ч дуу шуутай сууцгаалаа. Гэхдээ л хүүхдээ цэцэрлэг, сургуульд нь цагт нь багтаан хүргэж өгч чадаагүйдээ гэмшсэн, харууссан хүн хэдэн арваараа. Зарим нэг нь “Машины буруу талын дугуй гацаад, хөдөлгөж чадсангүй. Одоо автобусаар явж байна. Машиныхаа дугуйг яах ёстой вэ. Засагдах уу” гэхчлэн гар утсаараа найз нөхдөөсөө зөвлөгөө авна.
Автобус мөлхсөөр хагас буудал хэрээтэй газар явбал өмнө хөдөлсөн урт цэнхэр автобус нам зогсож, зорчигчид нь буун, алхаж яваа дүр зураг буув. Уг автобусыг харсан зорчигчид “Цастай өдрөөр явуулмааргүй унаа байна. Автобусны зам хаагаад” гэхчлэн ам булаалдав. Зам ч бас амаргүй байлаа.
Уг нь автобус компаниуд өвлийн бэлтгэлээ сайтар хангасан бол тээврийн хэрэгслүүд нь хялмаа цасанд хальтирч, сууж, эвдэрч зорчигчдыг чирэгдүүлэхгүй л байсан болов уу.
Улаанбаатар хотын хэмжээнд өдөр бүр 800 гаруй том оврын автобус нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг. Эдгээр автобус техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж байна уу гэдгийг холбогдох газар нь шалгахгүй бол өнөөдрийнхөөс ч их цас цаашид ороход таг зогсохгүй гэх баталгаа алга.
Нийслэлийн Тохижилт үйлчилгээний газар энэ өвлийг давахад зориулж хальтиргаа гулгааг арилгах зориулалтын бодис 900 тонн, давс 500 тонныг нөөцөлсөн гэсэн ч өнөөдөр түүнийгээ цацсангүй.
Авто зам хальтиргаатайн улмаас Улаанчулуутын эцсийн буудлаас 07.25 цагт хөдөлсөн автобус 10.25 цагт буюу гурван цаг явж байж Спортын төв ордны баруун талын буудалд ирж, хөдөлсөн. Энэ янзаар өвлийг давна гэвэл нийслэлчүүд их л хүндхэн зутруу өвөлжихөөр байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ