МАН-ынхны хувааж идсэн “жижигхэн” бялуу

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

ЖДҮХС

МАН-ынхны хувааж идсэн “жижигхэн” бялуу

МАН-ынхны хувааж идсэн “жижигхэн” бялуу

МАН-ынхны хувааж идсэн “жижигхэн” бялуу

Иргэд ууртай байна. “Ажилгүйдэл, ядуурал, амьдралын хүндэд бухимдахын зэрэгцээ нийгмийн шударга ёс алдагдаж, баян хоосны ялгаа туйлдаа хүрч, авлига хээл хахууль газар авч, төрийн нэр хүнд унаж, хүчгүйдэж байгаад ард түмэн уурлаж байна”. Ерөнхий сайд нэгэнтээ ингэж хэлж байв. Харин өнөөдөр иргэд түүнд уурлаж байна.

Ардын засгийн сайдууд, Ардын намын гишүүд сангийн мөнгийг шамшигдуулсанд, шударга ёс алдагдсанд, баян хоосны ялгаа туйлдаа хүрсэнд, авлига хээл хахууль газар авсанд, төрийн нэр хүнд унасаар байгаад иргэд бүр цөхрөлдөө хүрлээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийнхэнд зориулж тавьсан төсвийн мөнгийг МАН-ын томчууд хувааж идсэн тухай баримт шившгээ дэлгэж байна.  Авлига, шударга бусын эсрэг тэмцэх уриатай Ардын засгийн хоёр ч сайд өнөөдөр албан тушаалаа урвуулан ашиглаж, хувийн компанидаа жижиг дундын зээл авснаараа танхимаараа огцорч болзошгүй байдал үүсгэлээ.

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны албан ёсны сайтад “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас санхүүжүүлэх хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлэх төслийг сонгон шалгаруулах түр журам”-ын дагуу 2009-2018 оны  хооронд бараг нэг их наядыг гурван хувийн хүүтэйгээр олгожээ. Гэвч,  энэ мөнгө жинхэнэ жижиг дундчуулдаа биш эрх барьж байгаа намын томчуудын эв найрамдалтайгаар хувааж иддэг бялуу болж олон жил явсан нь өнөөдөр ёстой л "Олон хавар нэгэндээ" болж байна.

“ТЭЭВЭР АЧЛАЛ”

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийн эхнэрийн эзэмшлийн компани. Тодруулбал, Л.Отгонжаргал гэх эмэгтэй уг компанийн 89.94 хувийг эзэмшдэг тухай Хөрөнгийн биржийн мэдээлэлд дурдагджээ. Б.Батзоригийг сайдын эхнэрийг Л.Отгонжаргал гэдэг бөгөөд ЖДҮ-ийн сангийн мэдээлэлд овог нэр регистрийн дугаар нь таарч байгаа болно. Тус компани ЖДҮ-ийн сангийн зээлээс 1.4 тэрбумыг авчээ.

ХХААХҮ-ийн сайд Б.БАТЗОРИГ: Надтай хамааралтай хүний нэр дээр болон надад ямар ч компани байхгүй. Энэ бол гүтгэлэг. “Тээвэр ачлал” компани манай гэр бүлтэй ямар ч холбоогүй. Улс төрийн зорилгоор гүтгэлэг тараахдаа гэр бүл рүү минь чиглүүлж байгаад харамсаж байна. Би энэ асуудлаар хуулийн байгууллагад хандана.

“МОНГОЛ ШААЗАН”

УИХ-ын гишүүн Г.Солтан уг компанийн хувьцааг эзэмшдэг талаараа 2017 он буюу өнгөрсөн оны Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ тусгажээ. ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мэдээлэлд дурдсанаар тус компани 950 сая төгрөгийн зээл авчээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.СОЛТАН: Үүсгэн байгуулагч нь би мөн. Гэхдээ би компанийн удирдлагад ажиллаагүй найман жил болж байна. Хуулийн дагуу компанийн удирдлагууд ажлаа хийж яваа бол би УИХ гишүүн байна ийм зээл авч болохгүй гэж хэлэх эрхгүй.

“ДОРНОД ГУРИЛ”

УИХ-ын гишүүн Х.Болорчулууных гэгддэг тус компани жижиг дунд үйлдвэрлэлийн зээлээс 950 сая төгрөг авчээ. Нэгэнтээ түүний охины Б.Хэрлэнг ИНЕГ-т ажилладаг гэсэн мэдээлэл цацагдахад тэрбээр “Охин маань одоо ч гэсэн “Дорнод гурил” компанидаа ажиллаж байгаа” гэдэг тайлбар хийж байсан билээ.

УИХ-ЫН ГИШҮҮН Х.БОЛОРЧУЛУУН: Өнгөрсөн жил авсан зээл. Ер нь жижиг, дунд үйлдвэрийн зээл худалдаа наймаа, банк санхүү, хадгаламж зээлийн хоршоо гэх мэтийн зүйлд санхүүжилт нь явах ёсгүй. Ийм зориулалтаар явсан тохиолдол байдаг юм билээ. Манайх зөвхөн үйлдвэрийн зориулалтаар авсан. Одоогоор талх, гурил үйлдвэрлээд явж байна. Арилжааны банкны зээлийн хүү өндөр. Мөн өнгөрсөн жил ургац алдсанаас үүдэн төсөл бичээд зээл авсан юм билээ. Ургац алдаж, хүүгийн дарамтад ороод яах аргагүй жижиг, дунд үйлдвэрийн зээлд хамрагдсан. Би зээл авсныг нь сүүлд мэдсэн. Анх удаа л зээл авсан нь энэ.

“ЭПАТО АНАРВААН”

Тус компанийн хувьцаа эзэмшигч гэдгээ УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд Я.Содбаатар 2017 оны Хөрөнгө оруулгын мэдүүлэгтээ бичжээ. Тус компанийг эхнэр нь удирддаг гэсэн мэдээлэл байна. Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас “Эпато анарваан” 1.2 тэрбум төгрөгийн зээл авчээ.

Тэрбээр одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байгаа.

Түүнчлэн Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас олгодог зээлээс УИХ-ын гишүүн А.Сүхбат, Н.Учрал, Ж.Энхбаяр, Барилга хот байгуулалтын дэд сайд Ш.Лхамсүрэн, ТЕГ-ын экс дарга Б.Хурц нарын хүмүүсийн компаниуд зээл авсан тухай зарим хүн жиргэж эхэллээ.

Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл авсан "Газар буудай" нь Ж.Энхбаярын гишүүний хувьцаа эзэмшдэг "Газар" компанийн охин компани гэнэ. "Газар" группын хувьцаа эзэмшдэг талаараа Ж.Энхбаяр гишүүн 2017 оны ХОМ-үүлэгтээ тусгажээ. Харин "Хүннү" нь УИХ-ын гишүүн Н.Учралын аав Н.Ням-Осорынх аж. "Хүннү" нь жижиг дунд үйлдвэр гэх тодотголд багтахааргүй том групп гэдгийг ч бизнесийнхэн хэлж байна. "Хүннү" нь худалдаа үйлчилгээ, хэвлэл мэдээлэл, аялал жуулчлал, зочлох үйлчилгээ, барилга угсралт болон боловсролын салбарт идэвхитэй үйл ажиллагаагаа явуулж буй Монголын ууган группуудын нэг аж. Ийнхүү эрх барьж байгаа намын улстөрчид жижиг дундчуудын нэрээр төсвийн мөнгөнөөс асар хямд хүүтэй зээл авдаг болох нь ийнхүү ил болж байна. Уг нь Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай хуульд зааснаар борлуулалтын орлого нь 1.5 тэрбум хүртлэх аж ахуйн нэгжийг жижиг дунд үйлдвэрт тооцогдог аж.

2017 онд  Эрүүгийн шинэ хуулийг батлахдаа МАН-ынхан  "Нийтийн албан хаагч өөртөө болон эсвэл өөрийн хамаарал бүхий этгээдэд давуу байдал олгуулах зорилгоор өөрөө эсхүл өөрийн удирдлага дор ажилладаг албан тушаалтнаар дамжуулан албаны эрх нөлөөг ашиглан давуу байдал олж авсан эсхүл давуу байдал олгосны улмаас бусдын хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан бол нийтийн албанд ажиллах эрхийг нь хоёр жил хугацаагаар хасах… нэг сараас гурван жил хоёр ял шийтгэнэ" гэсэн 22.2 дугаар зүйл заалтыг хүчингүй болгосноор Ардын намынхны энэ мэт адууны хулгай ил цагаандаа гарсан бололтой.

Тэднийг Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар нарын эдийн засагч ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас авсан хөнгөлөлттэй зээлээ банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулж “мөнгө угааж” байж болзошгүй хэмээн хардан бичиж буй.

Эцэст нь эрх мэдэлтнүүдийн бялуу болсон хуваарилалт нь жинхэнээсээ шог, жинхэнэ эздэдээ огт хүртээлгүй ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРИЙН САНГ ТАТАН БУУЛГАЖ, ЗЭЭЛИЙГ НЬ ЗОГСООЁ

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
БурууБуруу
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж