Дуурийн театрын хамт олон нэгдүгээр сарын 24,25-нд вальс хөгжмийн хаан гэгддэг Австрийн алдарт хөгжмийн зохиолч И.Штраусын 15 хөгжмийн бүтээлүүдийг нэгтгэсэн “Оргилуун дарс” нэртэй шинэ балетыг дэглэн тоглуулах гэж байна. “Оргилуун дарс” балет нь нэгэн үзэсгэлэнт бүсгүйн сэтгэлд ургасан төсөөлөл, түүний баяр баяслаар дамжуулан залуу хүний дотоод ертөнц, амьдралын сайхан талыг орчин үеийн сонгодог бүжиг болон вальс бүжгийн гайхамшигт хослолоор харуулахыг зорьж байгаагаараа онцлог гэнэ.
И.Штраус нь зургаан настайдаа анхны вальсын хөгжмөө бичсэн бөгөөд 74 насалснаас 55 жилийг уран бүтээлдээ зориулсан байдаг. И.Штраус бүжгийн нийт 500 орчим хөгжим бичсэний тэн хагас нь вальсын аялгуу байдаг ажээ. Түүний “Цэнхэр дунай”, Венийн шугуйн үлгэр”, “Жүжигчний амьдрал”, “Хаврын дуун” зэрэг олон бүтээл нь дэлхий дахинаа алдаршиж, бүх улс үндэстний сонгодог хөгжмийн урын санд бүртгэгдсэн байдаг.
“Оргилуун дарс” балетын цомнол найруулга дэглэлтийг Дуурийн театрын ерөнхий балетмейстр Д.Дашлхагва хийж, симфони найрал хөгжмийг ерөнхий удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Туулайхүү удирдан тоглуулах юм. Гол дүрүүдэд гоцлооч Б.Саруул, А.Эрдэнэболд, А.Билгүдэ, О.Анужин зэрэг залуу бүжигчид тоглоно.
Сонирхуулахад Оргилуун дарс бүжгийн жүжгийн зохион байгуулагчид уг тоглолтод ирэхдээ хар цагаан өнгийн хувцсаар гоёхыг анхааруулсан юм.
Э.ТЭКҮ