Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас сар бүр зохиодог “Ил тод уул уурхай” хэвлэлийн бага хурлыг өнөөдөр зохион байгуулж, цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Мэдээллийн эхэнд уул уурхайн салбарын тоон мэдээллийг өглөө.
2018 оны эхний есөн сарын байдлаар:
- 33.5 сая тонн нүүрс
- 979.4 мянган тонн зэсийн баяжмал
- 14.5 тонн алт
- 4.0 мянган тонн молибдений баяжмал
- 2.5 сая тонн төмрийн хүдрийн баяжмал
- 57.1 мянган тонн хайлуур жоншны баяжмал
- 62.6 мянган тонн цайрын баяжмал
- 5.0 сая баррел газрын тос
- 10.5 мянган тонн катодын зэс үйлдвэрлэсэн байна.
Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад:
- зэсийн баяжмал 16.0 (1.7%) мянган тонн
- хайлуур жоншны баяжмал 19.2 (50.7%) мянган тонн
- цайрын баяжмал 2.0 (3.3%) мянган тонноор тус тус өссөн байна.
- нүүрс 2.7 (7.5%) сая тонн
- молибдены баяжмал 294.5 (6.8%) тонн
- алт 248.0 (1.7%) кг
- төмрийн хүдрийн баяжмал 179.6 (6.7%) мян.тн
- газрын тос 710.4 (12.4%) мянган баррел
- катодын зэс 481.8 (4.4%) тонноор тус тус буурсан байна.
2018 оны эхний есөн сарын байдлаар Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 11.2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.7 (18.8 хувь) их наяд төгрөгөөр өслөө. Үүнд, уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 8.1 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1.2 (16.9 хувь) их наяд төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 858.5 (46.5 хувь) тэрбум төгрөг, металлын хүдэр олборлолт 169.3 (3.9 хувь) тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлсөн. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлд Уул уурхай, олборлох салбар 72.1 хувийг эзэлж байна гэж мэдээлэл өглөө.
2018 оны эхний есөн сарын байдлаар Гадаад худалдааны нийт бараа эргэлт 9,633.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,920.2 (24.9 хувь) сая ам.доллараар өссөн байна. Экспорт импортоос давамгайлж экспорт, импортын зөрүү 931.7 сая ам.доллараар эерэг гарсан байна. Экспорт 5,282.8 сая ам.долларт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 699.9 (15.3 хувь) сая ам.доллараар өссөн байна. Төмрийн хүдэр, чулуун нүүрс, зэсийн баяжмал, цайрын баяжмал, жонш, молибдений баяжмал, боловсруулаагүй нефть зэрэг уул уурхайн бүтээгдэхүүн нь эрдэс бүтээгдэхүүний экспортын 98.5 хувь буюу нийт экспортын 84.6 хувийг эзэлж байна.
Засгийн газраас Тавантолгой IPO гаргах хөрөнгийн биржүүдийг сонгож, бэлтгэл ажлуудыг эхлүүлээд байгаа. Энэ талаар салбарын сайд Д.Сумъяабазар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр, IPO бэлтгэх олон улсын зөвлөхүүдийн сонгон шалгаруулах ажил хийгдэж байна. Ирэх сарын дундуур сонгон шалгаруулалтын эхний шатны шалгаруулалтыг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд оролцогчдын талаар хуулиар хориотой учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна. Гадаад зах зээл дээрх IPO сонирхол маш өөдрөг байгаа, уул уурхайн хөрөнгө оруулагчид уулздаг уулзалтуудад оролцож, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. Бид удахгүй Австрали, Англид болох томоохон уулзалтуудад оролцохоор бэлтгэлээ базааж байна. Мөн Хөгжлийн банк сая бонд гаргасан нь уул уурхайн салбарыг хөрөнгө оруулагчид сонирхож байгаа нь мэдэгдэж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн IPO гаргах ажил графикийн дагуу үргэлжилж байна. Үүний тулд юуны өмнө компанийн дотоод зохион байгуулалтыг өөрчлөх шаардлагатай. Өчигдөр компанийн ТУЗ хуралдан, шинэ даргаа томиллоо. Үүний өмнө тус компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит бус хурал болсон. Хувьцааг олон улсын биржид худалдах бэлтгэл ажилд энэ салбарт мэргэшсэн, гадаад хэлний өндөр мэдлэгтэй залуус оролцон ажиллаж байна.
Дээрх мэдэгдлийг хийсний дараа УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар сэтгүүлчдийн асуултад хариулт өгөв.
-Шатахууны үнийг бууруулах, тогтвортой байлгах тал дээр ойрын хугацаанд бодлогын арга хэмжээ авах ямар боломж байна вэ. "Роснефть"-тэй хэлэлцээ хийсний дараа үнийг буулгах боломж бүрдэх үү?
-Шатахууны үнийн өсөлт түүнийг дагалдах бараа бүтээгдэхүүний өсөлтөд Засгийн газар санаа зовж байна. Үнийн зөвлөлийг хуралдуулж, аж ахуй нэгжүүдтэй уулзахад дэлхийн зах зээл дээрх үнийн өсөлттэй холбож тайлбарладаг, одоо харьцангуй олон улсын бирж дээр үнэ буурсан үзүүлэлттэй харагдаж байна. Шатахууны үнийг богино хугацаанд бууруулах санхүүгийн боломж бидэнд байхгүй. Энэ бол Сангийн яаман дээр яригддаг, мөн онцгой албан татвар зэрэг бусад татвар Сангийн яаманд харьяалагдаж байна. ОХУ-ын "Роснефть" компанитай хамтарсан ажлын хэсгийг хоёр талаас байгуулсан. Тус компанийн бүх захирал энэ ажлын хэсэгт багтсан. Манай талаас “Эрдэнэт” үйлдвэрийн дарга асан Х.Наранхүү сайдын зөвлөхөөр ажиллаж, ажлын хэсгийг ахалж байна. Бид тус компаниас худалдан авдаг газрын тосны бүтээгдэхүүний үнийг бууруулах, тогтвортой байлгах, газрын тосны үйлдвэр байгуулах, газрын тосны нөөц хангамж болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун нийлүүлэлт, газрын тосны хоолой барих гэсэн асуудлуудад хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцэж байна. Онгоцны түлшний үнэ буурвал тийзний үнэ ч мөн буурах боломжтой. Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар энэ ажлын хэсгийн явцыг мэдээлсэн. Ирэх сарын 15-ны дотор ажлыг хэсэг үр дүнд хүрэх үүрэг авсан. Учир нь, газрын тосны үйлдвэр ашиглалтад ороход газрын тос дамжуулах хоолой бэлэн болчихсон байх ёстой.
-Ирэх жилийн төсөвт 42 сая тонн нүүрс экспортолно гэж тооцоолсон. Энэ хэр бодитой төсөөлөл вэ?
-Нүүрсний борлуулалтыг ирэх жил 42 сая тонн гэж тооцоолсон. Энэ бол боломжтой гэж харж байгаа. Одоогийн нүүрсний гаралтыг 1700 хүргэх чиглэлээр ажиллаж, тэдний хүсч байгаа нүүрсний квот олгох ажлыг дэмжих зарчмаар ярилцаж байна. Хүмүүс 42 сая тонн гэдэг дээр эргэлзэж байх шиг байна. Бид бол итгэлтэй байна. “Эрдэнэс Тавантолгой” компанид зориулсан нэг гарцыг бий болгох асуудлыг ярьж байна.
–Уул уурхайн салбартай аймаг, орон нутгийн удирдлагуудын хувьд орон нутагт оруулах төсвийн асуудал дээр маргаан үүсгэх тохиолдол байна. Энэ асуудлыг хэрхэн зохицуулах юм бэ?
-Ер нь уул уурхайн салбар орон нутгаа дэмжиж, ойлголцохгүйгээр урагшаа явахгүй. Орон нутгийн иргэдийн сонирхол, байгаль орчинтой холбоотой, ажлын байр, амьжиргааны түвшин дээшлүүлэх зэрэг уул уурхайн салбарт цохилт болж ирдэг. Түүний нэг нь Дорнод аймгийн газрын тосны тээвэрлэлтийг зогсоох шийдвэрийг аймгийн ИТХ гаргасан. Энэ нь хэтэрхий улстөржсөн шийдвэр гэж харж байна. Бид холбооны улс биш, нэгдмэл улс. Улсын орлого олох хэсгийг ингэж гацааж байгаад шүүмжлэлтэй хандаж байгаа. БНХАУ-тай тогтвортой хөгжлийн гэрээ хийгээд л олон хамтын ажиллагаанд сөрөг үр дагавар болж байна. Энэ асуудал нь нүүрсний экспорт, борлуулалттай шууд холбоотой. Тэгэхээр зарим хүмүүс улс оронд ямар хор хохиролтой зүйл хийж байгаагаа ойлгомоор байгаа юм. Ялангуяа орон нутгийн удирдлагууд. Хэмжээндээ, хуульдаа захирагдах хэрэгтэй. Дорнод аймгийн удирдлагууд төсвийн орлогыг тасалдуулж, улс өдөрт 770 сая төгрөгийн хохирол амсч байна. Яг өнөөдрийн байдлаар өдөрт 770 сая сард 23 тэрбум төгрөгийн төсвийн алдагдал үүсээд байна. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуудал үүсч байна. Ийм асуудлыг санаатайгаар зогсоож, мөнгө нэхэж болохгүй. Уул уурхайн салбарт хүндрэл гаргаж байгаа нэг асуудал бол орон нутгийн удирдлагуудын улстөржилт байна.
Ш.ЧИМЭГ
Холбоотой мэдээ