Л.Эрдэнэ-Очир: Би бол алтан дундаж

Хуучирсан мэдээ: 2015.01.23-нд нийтлэгдсэн

Л.Эрдэнэ-Очир: Би бол алтан дундаж

“Гэгээн муза” наадмын шилдэг “Моно” жүжгийн эмэгтэй жүжигчин шагналын эзэн Л.Эрдэнэ-Очиртой уулзаж ярилцлаа. Түүнийг драмын урлаг сонирхогчид “Солиорол” жүжгийг амьдруулснаар нь андахгүй биз ээ.

-“Солиорол” жүжгийн тухай сонсож байхад их олон сонирхолтой зүйлс ажиглагдсан. Уг жүжгийг өөрийн биеэр мэдэрч, амьдруулсан хүний хувьд ямар сэтгэгдэл төрүүлсэн бэ?

-Ер нь их онцлог жүжиг шүү дээ. Хүний сэтгэлийн гүн рүү хэт их өнгийсөн, оюун ухаан доторх зөрчилдөөнийг ил гаргасан жүжиг. “Black box” театрын урын сангийн бодлого ихэвчлэн бэсрэг буюу моно жүжиг рүү чиглэсэн байдаг. Моно жүжгийн маань сонголт 2013 оны хоёрдугаар сард эхэлсэн. Зохиолуудыг харж байхад Сара Кейний “Солиорол” жүжиг гарч ирсэн. Уг жүжгийн зохиолч маань зохиолоо биччихээд амиа хорлосон гэх мэдээлэл байсан. Тэгээд сонирхож уншиж үзээд үнэхээр их таалагдсан л даа. Би өөрөө сэтгэхүйн, филасофийн, хүний дотоод ертөнцийн гайхамшигтай хүүрнэлүүдийн талаар их сонирхож уншдаг учраас их сонирхолтой санагдсан. Тэгээд “Black box”-ын н.Одноо эгчид санал болгосон. Тухайн үед н.Одноо эгч их дурамжхан хүлээж авсан. Яагаад гэхээр энэ жүжиг өөрөө их хүнд жүжиг шүү дээ. Намайг хайрласан учраас, тэр хүнд сэтгэлийн шаналгааг Одноо эгч маань гадарласан учраас надад өгөх дургүй байсан даа. Энэ жүжгийг тавьсны дараах тэр их сэтгэлийн шаналгаа ямар байхыг мэдэж байсан учраас тэр шүү дээ. Тэр үе надад ажиллах зориг, сонирхол байсан учраас “Солиорол” жүжгийг  надад өгсөн. Зохиол маань эхлээд Орос хэл дээр бичигдсэн байлаа. Манай театрынхан ер нь л зохиолоо Англи, Орос хэл дээрээс хөрвүүлж тоглодог. Сар гаруй хугацаанд уг жүжгээ орчуулах гэж нухсан. Бид нар гадаад хэлнээс илүүтэй Монгол хэлээ тийм ч сайн мэддэггүй юм байна шүү дээ. Учир нь тэр үгийн их баялаг, битүү далд утгаар хэлсэн үгнүүдийг оноож хэлэхэд их хүндрэлтэй. Тэгээд орчуулга хийхэд хүндрэлтэй байсан учраас орчуулагч Б.Цацралдаа хандсан. Орчуулагч Б.Цацрал маань үнэхээр “Солирол” жүжгийг чадварлагаар орчуулж, дэлгэж чадсан.

-Сараа Кейнийг солиорч байгаад 4:28 буюу “Солиорол” жүжгээ бичсэн гэж байсан…?

-Сара Кейн гэдэг бүсгүй сэтгэцийн эмнэлэгт хоригдож, эмчлүүлж байхдаа жүжгүүдээ бичсэн байдаг. Ер нь таван жүжиг бичсэн байдаг юм билээ. “Солиорол” бол түүний хамгийн сүүлийн жүжиг байгаа. Түүний жүжгүүдийг харж байхад ихэвчлэн оюун санаан дахь ул мөрүүдийн тухай сэтгэл зүйн нарийн асуудлуудын тухай хөндсөн байдаг. Шүүмжлэгчдийн үзэж байгаагаар зохиолч бүсгүйн зохиолыг оршихуйн филасофи гэж үздэг. Оршихуйн филасофи гэдэг маань юуг хэлдэг вэ гэхээр хүн хэрхэн ахуйн амьдралдаа дарамтлуулж, хэрхэн ахуйн боол болж байгаа тухай хөндөж тавьдаг урсгал гэж хэлж болно. Ахуй гэдэг маань өнөөдрийн бидний амьдарлын нийгэм, өдөр тутмын хэрэглээг хэлж байгаа бус. Өнөөдрийн бидний өөрсдийн гараараа бий болгож байгаа нийгмийг хэрхэн хүн өөрийн сэтгэл зүйгээр, өөрийнхөө оюун бодлоор хариулж байгаа хариултыг харуулж байгаа юм шүү дээ. Техник технологи, нийгэм хөгжихийн хэрээр хүн өөрийнхөө сэтгэл зүйд яаж ганцаардаж байгаа юм бэ?…Жишээ нь хүүхдүүд гэртээ, найзуудтайгаа байхдаа ч утас барьчихдаг, компьютер хараад  суучихдаг болчихсон. Техникээр дамжуулан хоорондоо харилцах нь элбэг болчихсон цаг. Энэ хөгжлийн нөлөөлөл нь хүүхдийн, хүмүүсийн хувьд өөрсдийн сэтгэлийн нарийн дотоод ертөнцөө дэлгэж ярилцах нь ховор болчихсон байна даа. Бие биеэндээ итгэх итгэлгүй, хүний мөс чанар устаж байгаагийн илрэл. Эдгээр зүйлсийг зохиолч бүсгүй маань олж харж эмзэглэсэн учраас зохиолдоо тусгасан юм болов уу гэсэн бодол төрсөн. Зохиол их сонин хэлбэрээр бичигдсэн. Бараг л галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг бичсэн байсан гэвэл буруудахгүй. Гэхдээ миний харж байгаагаар зохиолч бүсгүй сэтгэл зүйн хувьд ямар ч өвчингүй. Харин ч бид нараас илүү зүйлсийг олж харсан, илүү сэтгэдэг, амьдралын мөн чанарыг бид нараас түрүүлж ойлгосон хүн юм болов уу гэж ойлгосон. Зохиолын нэг өгүүлбэрийг л уншихад асар их зүйлсийг ухаж бодохоор бичсэн. Тухайн үеийн нийгэмд хавчигдсан ч давамгайлсан ухаанаараа зоригтой дуугарч байсан учраас солиотой гэдэг онош авсан байх.

-Сара Кейн өөрөө их зөрчилтэй хүн байсан юм шиг санагддаг. Сэтгэл зүйн хувьд шүү дээ. Жүжигчин хүний хувьд энэ хүнд зохиолыг өөртөө шингээж, тэр хүний үзэл бодол, сэтгэл зүйг гаргахад хэцүү байсан болов уу. Жүжигчдийг зарим зохиолдоо орчихоод буцаад жүжгийнхээ дүрээс гарахад хэцүү байдаг гэж сонссон?

-Үнэн худал, зөв буруу гэдэг шиг зохиолч маань хоёр зүйлийн хооронд дэнслэгдэж. Аль нь буруу, зөв болохыг шүүн тунгааж бичсэн зохиол юм болов уу гэж бодож байгаа. Нийгмийн их бухимдал, дарамт хүлээс, тогтсон ёс, хэв журам бүхнийг эсэргүйцэж. Нөгөө талаараа хүний махан бие бус, дотоод ертөнцийн гүнд нуугдаж байгаа би гэж хэн юм бэ. Ер нь хүн гэж юу юм бэ?…

Жүжгэн дунд “Би бол хоёр тэнэгийн дунд хавчуулагдчихсан шилэн хоргон доторх үзэсгэлэнт азсага” гэж өөрийгөө зохиолч маань томъёолсон байдаг. Өөрийгөө “би үгүйсгэлийн хүүхэд”, “Би аавтайгаа адилхан уу гэвэл үгүй би адилхан биш” гэж томъёолсон байдаг.

Бурханыг үзэн яддаг, гэрийнхнийгээ, өөрийгөө ч үзэн яддаг. Тэгсэн мөртлөө амьдралд хайртай, өөрийгөө хайралдаг, гэр бүлээ хайралдаг гэсэн хэдий ч дахиад л амьдралаас уйдаж байгаа, цөхөрч, залхаж байгаагаар гардаг. Хүний дотоод ертөнцийн нарийн учигуудыг гаргаж харуулсан жүжиг. Зохиолчийн хувьд ч мөн их зөрчилтэй хүн.

Тоглоход надад хүнд байсан л даа. Сара Кейн бол өөрийгөө хайж байгаа хүн шүү дээ. Нийгэм дундаас, хорвоо ертөнц дундаас хайж байгаа хүн. Өөрийгөө егүтгэнэ гэдэг зөв юм уу буруу юм уу гэдэг эргэлзээ. Хүмүүс энэ хүнтэй харьцдаггүй, хүмүүстэй өөрөө харьцдаггүй. Үхлээс айж байгаа тэр айдас, нөгөө талаас хаашдаа ирэх зүйлд өөрийгөө бэлтгэсэн тэр зориг бүгд хоорондоо зөрчилдөж байгаа. Энэ их зөрчилдөөн дундаас өөрийгөө хайж байгаа асуултын хариултыг зохиолч бүсгүй маань хайсан болов уу гэж хувьдаа боддог. 1.20 цагийн туршид ганцаараа энэ жүжгийг тоглодог. Жүжгийн туршид инээнэ, уйлна, гансарна, айна. Маш их айх айдас, тэгсэн ч үхэлтэйгээ эвлэрчихсэн байгаа байдал. Өөр хэн нэгэн ирээд үхлээ болиулаач ээ гэж хүсэх гуйлтыг зохиолч маань хүлээж байсан ч байж болно шүү дээ. Хүний толгой дотор юу байдаг вэ, хүний сэтгэл зүйд юу болдог вэ тэр бүгдийг л шингээсэн. Тэр бүгдийг нь жүжигчин хүний хувьд гаргана гэдэг их хэцүү байсан даа. Гэхдээ чадан ядан зохиолч бүсгүйн бодож байсан бодлыг үхэхийнх нь өмнө тэр хүний толгой дотор орж ирж байсан бодол, энэ бүсгүй ямар байдалд байсан бэ гэдгийг харуулахыг хичээж ажилласан.

-Таныг анх жүжигчин болох бодолгүй байж байгаад жүжигчин болчихсон гэж сонссон?

-Үндэсний олон нийтийн телевиз дээр жүжигчин шалгаруулж авч байсан л даа. Тэр шалгаруулалтанд нэг шалгуулчих юмсан гэсэн бодолтой байлаа. Тухайн үед Драмын театрын найруулагч Б.Баатар, Б.Бадар-Ууган асан, СУИС-ын н.Энхжаргал багш нар шалгаж 10 хүүхдийг жүжигчнээр авсан байдаг. Тэр дунд л азаар ч юм уу тэнцэж ороод жүжигчний гараагаа эхэлж байсан. Нилээд олон бүтээлд оролцон тоглосон шүү. Дараа нь СУИС-д шалгалт өгч тэнцэж С.Сугар багшийн удирдлаганд төгссөн. Багшаасаа алтан дундаж гэдэг зүйлийг л ойлгож авсан даа. Дундаж байна гэдэг бол бөөрөнхийлөлт гэсэн үг биш. Алтан гэдэг үг урд нь байдаг нь бүх зүйлийн голдож хэмжээ, бүх зүйлийн хольцийн жин танг тааруулна гэсэн үг юм билээ. Энэ л үгийг бидэнд ойлгуулах гэж хичээж байж дээ гэж боддог юм. Багш маань саяхан талийгаач болсон. Тэгээд хүүхэд залуучуудын театрт орсон. Театраа хаалгыг нь барьтал ажилласан. Харин хаалгаа барьсных нь дараа жүжигчнийхээ ажлыг хийхээ больсон. Яагаад гэхээр жаахан урам зориг мохсон гэдэг юм уу, зах зээлийн нийгэмд шилжсэн нь нөлөөлсөн байж ч болох юм. Хүн бүр наймаа гэдэг байсан үе шүү дээ. Жүжигчнийхээ ажлыг хийлгүй 10 гаруй жилийн дараа “TV” коктейл хамтлагийн “Хоёр ертөнцийн буудал” жүжгээр дахин тайзнаа гарсан даа. Тэрнээс хойш тасралтгүй уран бүтээлийнхээ ажлыг хийгээд гурав дахь жилдээ орж байна. Нэг ч өдөр урлагтаа ажиллаж хөдөлмөрлөж зогсолтгүй ажиллаж байгаадаа баяртай байна.

-Уран бүтээлч хүний амьдрал, эгэл хүмүүсийн амьдралаас хэр ялгаатай вэ?

-Хувь хүн болгон нэг ертөнц гэж би хувьдаа боддог. Хүн бүр хорвоод ганц л хувь бүтээгдсэн. Хоорондоо адилхан усан дусал, цасан ширхэг хүртэл байдаггүй гэх үгтэй адил хүн бүр өөр өөр. Тухайн хүний ертөнцөд хүндэтгэлтэй хандах ёстой гэж боддог. Тийм учраас энэ амьдралаа өөрсдөө цогцлоон бүтээдэг. Амьдрал хувь тавилан хүний өөрийнх нь гарт л байдаг. Магадгүй зарим хүмүүс амьдралыг кино, жүжиг гэж  ойлгодог байж болох юм. Кино, жүжиг гэдэг хоёр зүйл өөрөө амьдралын уруу тусгал юм шүү дээ. Хувь хүн бүр өөрсдийнхөөрөө ойлгож дүгнэдэг байх. Л.Эрдэнэ-Очир гэдэг хүн тэдэн онд төрж тэдэн онд нас баржээ гэдэг. Хэдийгээр дуусч байгаа юм шиг хэрнээ түүх болж үлддэг. Түүх кино, жүжгийн эхлэл болдог юм шүү дээ. Нэг ёсондоо бид энэ амьдралд өөрсдийн гэсэн нэг нэг дүрд тоглож л яваа юм уу даа гэж л боддог юм.

-Та өөрөө хэр зөрчилтэй хүн бэ?

-Би нилээд зөрчилдөнө шүү. Ер нь өөрийнхөө үзэл бодолд үнэнч байх гэж хичээдэг л дээ. Хүмүүстэй харьцах харьцаа, ажил мэргэжилдээ их үнэнч байхыг их хичээдэг дээ.

-Сүүлийн үед залуу үе, ахмад үе гэж их талцах болжээ. Энэ зүйл зөв юм болов уу?

-Хөгжил дэвшилтэй шууд хамааралтай гэж бодож байна л даа. Жаахан ахимаг нас наслаж байгаа хүмүүсийгээ хоцрогдсон гэж цоллох нь бий. Юмыг яаж мэдэх билээ залуучууд өөрсдөө их хоцрогдсон байж болно. Сэтгэл зүй, хүний мөс чанар, амьдралын мөн чанар, эрдэм мэдлэгийн хувьд хоцрогдсон байхыг үгүйсгэхгүй. Гэвч эргээд ахмад үеийнхэн маань залуу үеийнхнээсээ суралцах зүйл их бий шүү дээ. Тийм учраас харилцан ойлголцож чаддаг байх хэрэгтэй. Залуу, хөгшин гэлтгүй алдаа хийдэггүй хүн гэж байхгүй. Биенийгээ алдчихлаа гэж чичлэлгүй, амжилттай байна гэж атаархалгүй дэмжиж байх нь чухал юм шиг санагддаг. Тэгж байж л энэ амьдрал утга учиртай болох юм болов уу.

-Сүүлийн үед тайзны, хошин шогийн гэлтгүй бүх л уран бүтээлчид кино урлагт хошуурах болсон шүү дээ?

-Би өөрөө дэлгэцээс илүү тайзандаа хайртай. Гэхдээ дараагийн төлөвлөгөөнүүдэд дэлгэцийн бүтээлүүд багтсан байгаа. Театр гэдэг бол үзэгч, жүжигчний хооронд шууд амьд харилцаа бий болдог газар. Манай театрын хувьд бүр ч их онцлогтой. Бид нар үзэгчидтэйгээ зэрэгцэж сууж байгаад жүжгээ тоглодог. Миний өөдөөс хараад сууж байгаа үзэгч миний бүтээж байгаа дүрийн дотоод ертөнц рүү шууд нэвтрэх боломжтой байдгаараа “Black box” театр маань онцлогтой. Үүгээрээ ч жүжигчин хүнд өсч хөгжих боломж олгодог. Тиймээс бид нар үзэгчдэд жинхэнэ бодит харилцаа, мэдрэмжийг хүргэдэг болов уу гэж боддог. 

Э.ТЭКҮ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж