Өнгөрсөн долоо хоногоос эхлэн Канад улс хар тамхины хэрэглээг хуулиар зөвшөөрсөн дэлхийн хоёр дахь улс болоод байгаа билээ (Уругвай улс мөн хүлээн зөвшөөрч байсан). Харин Өмнөд Солонгосын холбогдох албаны удирдлагууд Канадад байгаа иргэдээ хар тамхинаас хол байхыг сануулаад, хэрэглэсэн нь нотлогдвол эх орондоо ирснийх нь дараа шийтгэл хүлээлгэхийг анхааруулсан байна.
Өмнөд Солонгосын цагдаагийн газрын хар тамхитай тэмцэх тасгийн ахлагч Юн Се Жүний хэлснээр хар тамхины хэрэглээг зөвшөөрсөн улсад байсан ч гэсэн "өвс" хэрэглэсэн Өмнөд Солонгосын иргэдэд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ. Учир нь Өмнөд Солонгосын хууль нь иргэдийг хаана байгаагаас үл хамааран адил тэгш үйлчлэх учиртай юм.
Өмнөд Солонгосын хуулиар хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн иргэдэд 100 сая хүртэлх төгрөгийн торгууль ноогдуулах эсвэл тав хүртэлх жилийн ял оноодог байна.
Тус улсад хар тамхины хуулийн хэрэгжилт маш сайн байдаг бөгөөд “хар тамхигүй улс”-ыг цогцлоох төслийг өргөн хүрээтэй хэрэгжүүлдэг байна. 2015 онд гэхэд л 50 сая гаруй хүнтэй тус улсад 12 мянган хүнийг хар тамхи хэрэглэсэн хэргээр баривчилсан аж. Харин өнгөрсөн жил энэ тоо 8,887 болж буурсан ажээ.
Гэхдээ одоогийн байдлаар Өмнөд Солонгосын нийт 23 мянган оюутан Канадад сурдаг байна. Тиймээс Канадад байгаа бүх иргэдээ хянах хэцүү болохоор юун түрүүнд Канадаас Өмнөд Солонгост хар тамхи орж ирэн, худалдаалагдахаас сэргийлэх ажилд цагдаагийн газраас илүү анхаарлаа хандуулж байгаа юм.
Тус улсад 1976 онд Пак генералын үед л хар тамхийг хуулиар хориглосон байдаг байна. Түүнээс өмнө эмчилгээний зориулалтаар хар тамхийг хэрэглэдэг байсан төдийгүй 1960, 1970-аад оны үед дуучид, уран бүтээлчид тайзан дээр гарахаасаа өмнө хар тамхи хэрэглэх явдал элбэг байжээ.
Харин энэ үед Англид каннабис буюу олсны ургамлын хэрэглээг хуульчлах тухай засгийн газрын түвшинд яригдаж байгаа юм. Каннабисын хэрэглээг хүлээн зөвшөөрснөөр хар тамхины хууль бус, далд наймаа болон хар тамхины донтолттой тэмцэж чадах эсэхийг одоогоор судлах шатандаа яваа аж.
Эх сурвалж: Independent.co.uk
Холбоотой мэдээ