ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРЛЫН ИЛГЭЭЛТ
Сайн байцгаана уу, Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид ээ!
Сайхан намаржиж байна уу? Юуны түрүүнд та бүгдэд Ард Даатгалын түүхэн IPO амжилттай явагдсанд баяр хүргэе.
Ард Санхүүгийн Нэгдлийн 3 дугаар улирлын санхүүгийн болон үйл ажиллагааны тайланг хүргүүлж байгаадаа бид бүхэн баяртай байна.
Компанийн нийт хөрөнгө 9 сарын сүүлээр 54.6 тэрбум төгрөгт хүрч өссөн ба ашгийн хэмжээ 3.5 тэрбум төгрөгт хүрлээ. Ард Даатгалын IPO амжилттай болж, Ард Кредитын IPO болон Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг Монголын Хөрөнгийн Биржид бүртгүүлэх ажил он дуусахаас өмнө хийгдсэнээр энэ тоо 8 тэрбум төгрөгт хүрэх боломжтой гэж бид харж байна. Он гарахаас өмнө ТУЗ-өөр батлуулах хэд хэдэн шинэ хэлэлцээрүүд хийгдэж байгаа нь бидний үнэлгээнд мөн эерэг нөлөө үзүүлэх болно. БиДиОу Аудитаас манай 2017 оны үнэлгээг 59.6 тэрбум төгрөгөөр үнэлснийг энд дурьдах нь зүйтэй болов уу.
Санхүүгийн Зохицуулах Хорооны зөвшөөрлийн дагуу 9-р сард Ард Даатгал AIC тикер дор анхдагч зах зээлийн арилжааг амжилттай явууллаа. Хэдийгээр Ард Даатгалын IPO төлөвлөгөөнөөсөө гурван сараар хоцорсон ч энэ IPO маш амжилттай болсон гэж бид дүгнэж байгаа – анхдагч зах зээлийн захиалга нь татан төвлөрүүлэх байсан 5.25 тэрбум төгрөгөөс 33 хувиар давж биелэн нийт 1,358 хүмүүс оролцлоо. Ингэснээр бид хамгийн олон хувьцаа эзэмшигчтэй даатгалын компани болсон байна. Ард Даатгалын хоёрдогч зах зээлийн арилжаа 10 сарын 1-нд албан ёсоор эхэллээ.
Ард Даатгалын IPO амжилттай болсон нь Ард Кредитын IPO-нд эерэгээр нөлөөлөх ба Монгол Шуудантай хэрэгжүүлж буй хамтын ажиллагаа, шинээр нэвтрүүлэх цахим бүтээгдэхүүн, үйлчилгээ нь том түлхэц болно гэж харж байна.
Ард Кредитын IPO хийх хүсэлтийг 9 сарын сүүлийн долоо хоногт МХБ, СЗХ-нд хүргүүлсэн ба бид олон нийтээс компанийн 25 хувь болох 4.90-5.95 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэхээр зорин ажиллаж байна.
Ард Санхүүгийн Нэгдэл Жинст-Увс ХК-тай нэгдэх байдлаар (RTO) МХБ дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компани болох хүсэлтээ 10 сард МХБ болон СЗХ-нд хүргүүлэхээр ажиллаж байна.
Ард Актив болон Ард Лайф нь Ард Кредиттэй нэгэн адил үндсэн банкны системийг нэвтрүүлж харилцагчдынхаа мэдээллийг нэгтгэлээ. Бид банкны үндсэн системийг амжилттай нэвтрүүлснээр цахим банк болох төлөвлөгөөгөө хурдасгаж байна гэж ойлгож болно. Мөн Ард Секюритиз нь харилцагчиддаа интернетээр үнэт цаасны данс нээх, хувьцаа захиалах боломжийг олгосон онлайн арилжааны платформыг нэвтрүүлэн туршиж эхэллээ.
Энэ жил бид ГөүПэй – төвлөрсөн бус крипто түрийвч, Digital Exchange Mongolia – Монголын анхны цахим арилжааны бирж, ЭмИСи Партнерс – онлайн худалдааны платформ зэрэг технологийн компаниудад хөрөнгө оруулалт хийсэн бөгөөд финтек банк болох зорилгын хүрээнд он дуусахаас өмнө хэд хэдэн хэлцэл эцэслэхээр ажиллаж байна.
Хүндэтгэсэн,
Хутагт овогт Чулууны Ганхуяг
Ард Санхүүгийн Нэгдлийн Гүйцэтгэх захирал
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЙЛАН
МОНГОЛ ШУУДАНТАЙ ХАМТАРСАН ШИНЭ САЛБАР
Ард Санхүүгийн Нэгдэл болон Монгол Шуудан анхны хамтарсан салбараа 6 сарын 29-нд Сэнтрал Тауэрын 1 давхарт шинээр нээв. Эрдэнэс Таван Толгой ХХК ногдол ашиг хуваарилах мэдэгдлээс үүдэн салбараар үйлчлүүлэх харилцагчдын тоо 9 дүгээр сард эрс нэмэгдэж, орж ирсэн харилцагчдад үнэт цаасны данс нээх болон Ард Даатгалын IPO-ийн талаар мэдээлэл өгч, хувьцааны захиалга авч ажиллаж байна.
ШИНЭ ХӨТӨЛБӨР – ХУВЬЦААТАЙ ХҮҮХЭД
Үр хүүхэддээ урт хугацаат хөрөнгө оруулалт хийх боломжийг нээх зорилгоор бид Хувьцаатай Хүүхэд Хөтөлбөрийг 7 сараас эхлүүллээ. Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг 100,000 төгрөг эсвэл түүнээс дээш дүнгээр худалдан авсан хүүхэд бүрт 10 ширхэг хувьцаа бэлэглэсэн болно. Энэхүү санаачлагын хүрээнд 300 орчим хүүхэд шинээр хувьцаа эзэмшигч болж үүнийг даган бусад борлуулалт, маркетинг идэвхжсэн ба гол нь ирээдүйн үнэнч үйлчлүүлэгчдийнхээ үндэс суурийг тавьж эхэлсэн юм.
АРД СЕКЮРИТИЗИЙН ОНЛАЙН АРИЛЖААНЫ ПЛАТФОРМ – ДАНС НЭЭХ, ИНТЕРНЕТЭЭР ДАМЖУУЛАН АРИЛЖААНД ОРОЛЦОХ
Ард Секюритиз нь Дижитал Эксчейнж Монголиа ХХК буюу Трэйд.мн-ийн охин компани болох Стандарт Инвестмент брокер, диллер, андеррайтерын компанитай хамтран Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Монголын хөрөнгийн бирж болон клиринг банктай холбогдсон анхны онлайн арилжааны платформыг нэвтрүүлж чадлаа. Ингэснээр харилцагчид интернетээр үнэт цаасны данс нээх боломжтой болж байгаа бөгөөд Үнэт Цаасны Төвлөрсөн Хадгаламжийн Төвөөс хувьцааны үлдэгдлээ шалгах болон анхдагч зах зээл дээр захиалга өгөх боломжтой болж байна. Дараагийн сайжруулалт хийгдсэнээр хоёрдогч зах зээл дээр арилжаа хийх, мөнгө татах үйл ажиллагаа хийгдэх боломжтой болно. Цаашид Ардын Түрийвчтэй энэхүү арилжааны платформоо холбох ажил хийгдэх болно.
САНХҮҮГИЙН ТАЙЛАН
ГҮЙЦЭТГЭЛ
Нийт хөрөнгө 54.6 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны сүүлээс 5 тэрбум төгрөгөөр өссөн бол дансны авлага 1.8 тэрбум төгрөгөөр буурсан байна. Энэ өсөлтийн гол шалтгаан нь богино болон урт хугацааны хөрөнгө оруулалтын үнэ цэнэ 2.5 тэрбум төгрөгөөр өсч, олгосон зээлийн хэмжээ 2.5 тэрбум төгрөгөөс 7.0 тэрбум төгрөг болж өсчээ.
Харин нийт өр төлбөр 1.6 тэрбум төгрөгөөр өсч 8.1 тэрбум төгрөг боллоо. Бид 800 сая төгрөгийн нэмэлт бонд гаргаж, өр төлбөрөө дахин санхүүжүүлэхээс гадна 1.6 тэрбум төгрөгийн урт хугацааны хямд өртөг бүхий зээл авсан байна. Түүнчлэн, 1 тэрбум төгрөгийн төлбөрийг барагдуулав.
Хөрөнгө болон өр төлбөрийн өсөлтийн зөрүү болох 3.5 тэрбум төгрөгөөр эздийн өмч нэмэгдэж хувьцаа эзэмшигчдийн өмч 46.6 тэрбум төгрөгт хүрсэн. Өөрөөр хэлбэл эхний 3 улиралд цэвэр ашиг 1.5 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын үнэлгээний өсөлттэй холбоотой цэвэр орлого 2 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал цэвэр ашиг 443 хувиар, хөрөнгө оруулалтын үнэлгээний өсөлттэй холбоотой орлого нь 400 хувиар тус тус өссөн байна.
Эздийн өмч өссөнөөр компанийн үнэлгээ оны эхнээс 3.1 тэрбум төгрөгөөр өсч 47.6 тэрбум төгрөгт хүрэв. Өсөлтийн гол шалтгаан нь Ард Даатгалын IPO бөгөөд манай эзэмшлийн үнэлгээ 12.25 тэрбум төгрөг болж нэмэгдлээ. Анхдагч зах зээлийн арилжаа амжилттай болсноор Ард Даатгалын үнэлгээ 2.5 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм. Охин компаниудын эзэмшиж буй Ард Санхүүгийн Нэгдлийн хувьцааг эргэлтэнд оруулснаас хойш нэгж хувьцааны үнэ 2,955 төгрөгөөс 4 хувиар буурч 2,830 төгрөг болжээ.
САНХҮҮЖИЛТ
Ард Секюритизээр дамжуулан нийт 4 тэрбум төгрөгийн дүнтэй хоёр төрлийн бонд гаргасан билээ. Хоёр бондын ялгаа нь дуусах хугацаа болон купоны төлбөр юм – 12 сарын хугацаатай бондын купон бодлогын хүү дээр нэмэх 6.5 хувь, 24 сарын хугацаатай бондын купон бодлогын хүү дээр нэмэх 7.0 хувь байна. Бондын хүүг улирал тутамд төлж байна. Нэг сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгийн бондын борлуулалт хийв.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ
3 дугаар улиралд, ТэнГэр Системсд нэмэлт хөрөнгө оруулалт хийж Дижитал Эксчэйнж Монголиа ХХК-ийн 30 хувийг худалдан авав. Мөн Ард Секюритиз андерайтерээр ажилласан Нэт Капиталын богино хугацаат бондод 300 сая төгрөгийг байршуулав. ЭмИСи Партнерс компанид хөрөнгө оруулалтыг мөн хийхээр болов.
АРИЛЖАА
3 дугаар улиралд Монгол Шуудангийн хувьцаа нийт 37 өдөр арилжаалагдаж, нэгж хувьцааны ханш хамгийн ихдээ 620 төгрөг, хамгийн багадаа 540 төгрөг болов. MNP 3 дугаар улирлын эцэст 541.12 төгрөгт хүрч 5.89 хувиар буурсан ба нэг өдрийн арилжааны дундаж хэмжээ 9.65 сая төгрөг байв.
Холбоотой мэдээ