АТГ: 60 тэрбумын хэргийн нотлох баримтыг өөрчлөөгүй

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

АТГ: 60 тэрбумын хэргийн нотлох баримтыг өөрчлөөгүй

Авлигатай тэмцэх газрын /АТГ/ сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хурал өнөөдөр боллоо. Хуралд тус газрын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцлоо. Мэдээллийн эхэнд тус газрын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг  дараах мэдээллийг өгсөн юм.

ХУУЛЬ ЗӨРЧСӨН ГУРВАН АЛБАН ТУШААЛТАНД ХАРИУЦЛАГА ТООЦУУЛЖЭЭ

АТГ-ын Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг

Энэ сард иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн мөрөөр хяналт шалгалтын ажиллагаа явуулж, хууль зөрчсөн гурван албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна. Ажилдаа хайхрамжгүй хандаж, эрх бүхий албан тушаалтны шийдвэргүйгээр хандив, санхүүгийн туслалцаа авсан Баянхонгор аймгийн Галуут сумын Засаг дарга С.Баярсайхан, давхар ажил эрхлэлттэй холбоотой хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сонгинохайрхан дүүргийн 105 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Г.Чимгээ албаны мөнгийг охиныхоо компанийн данс руу шилжүүлж хуульд заасан хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн Сэлэнгэ аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албаны дарга Б.Дарихжав нарт цалингийн хэмжээг бууруулах сахилгын шийтгэлийг ногдуулсан.

Энэ сард нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 863 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг АТГ хүлээн авч хянан шийдвэрлэсэн. Дорноговь, Завхан, Баянхонгор аймгийн Мал эмнэлгийн газрын даргаар томилогдохоор тус тус нэр дэвшсэн Ц.Батболд, Б.Нарангэрэл, Ж.Баттөр нарын мэдүүлгийг хянаад илт ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзсэн. Эдгээр хүмүүс нь хувьдаа болон хамаарал бүхий этгээдүүд нь мал эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул нийтийн албыг хашихад ашиг сонирхлын зөрчил үүснэ гэж үзсэн байна.

ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ХҮРГҮҮЛСЭН ЗӨВЛӨМЖИЙН БИЕЛЭЛТ ХАНГАЛТГҮЙ БАЙНА

АТГ-аас төрийн байгууллагуудад өгсөн зөвлөмжийн биелэлт хангалтгүй байна. Энд зарим төрийн байгууллагад илэрсэн зарим зөрчил, дутагдлын талаар товч мэдээлье. Тодруулбал,

  • “Бөртэ” төрийн өмчит, аж ахуйн тооцоот үйлдвэрийн газраас үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилготой 25 нэр төрлийн 46.3 сая төгрөгийн өртөгтэй оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан авсан байна. Ингэхдээ тус үйлдвэрийн өмнөх захирлын хувийн оёдлын цехэд ашиглаж байсан хуучин оёдлын машин, тоног төхөөрөмжийг худалдан  авчээ.
  • Чингэлтэй дүүргийн Засаг дарга нөөц сангийн хөрөнгөнөөс шагнал урамшуулалд нийт 30,8 сая төгрөг зарцуулсан байна. Үүнээс гадна өрхийн эрүүл мэндийн төвүүдтэй байгуулсан гэрээний гүйцэтгэл, уран сайхны кино бүтээх зэрэг арга хэмжээнд нийт 77.5 сая төгрөг, бусад арван удаагийн зардалд 46.4 сая төгрөгийг тус тус зарцуулжээ.
  • Иргэний нисэхийн ерөнхий газрын алба хаагчдад олгосон орон сууцны хөнгөлөлт нь хууль зөрчиж байгаа талаар АТГ анхааруулж, энэ зөрчлийг дахин гаргуулахгүй байхыг зөвлөсөн.

Хүргүүлсэн зөвлөмжийн биелэлт хангалтгүй, энэ төрлийн зөрчил дахин давтагдсаар байна. Тухайлбал, 2017 онд 1,4 тэрбум төгрөгийг орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зарцуулсан байна. Тухайн байгууллагын үндсэн ажилтан биш Зам тээврийн хөгжлийн яамны албан тушаалтан О, М нарт 10-22 сая төгрөгийн дэмжлэг олгожээ. Энэ үйлдэл нь Авлигын эсрэг хуулийн  долдугаар зүйлд заасныг зөрчсөн. Ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн албан хаагчдад шүүхийн шийдвэрийн дагуу ажилгүй байсан хугацааны нөхөн төлбөрийг олгох асуудал тасрахгүй байна. Тухайлбал, Нийгмийн даатгалын ерөнхий газар гурван албан хаагчид нийт 34,2 сая төгрөг, Гэр бүл хүүхэд,залуучуудын хөгжлийн газар дөрвөн  албан хаагчид нийт 7,5 сая төгрөг, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар гурван албан хаагчид 3,2 сая төгрөг тус тус олгосон байгаа нь АТГ-аас хүргүүлсэн Зөвлөмжийг биелүүлээгүй гэж үзэх үндэстэй.

ЭНЭ САРД ХЭРЭГ БҮРТГЭЛТ, МӨРДӨН БАЙЦААЛТЫН 386 ХЭРГИЙГ ШАЛГАСАН

Мөрдөн шалгах хэлтсээс 2018 оны аравдугаар сард гэмт хэргийн шинжтэй 55 гомдол, мэдээлэл хянан үзсэн. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 386 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Тухайлбал, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан нь тус суманд улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжих зураг төслийн ажлыг албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж холбогдох хууль тогтоомжийг зөрчин гэрээ байгуулж бусдад давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн.

“Буянт-Ухаа спортын ордон” төрийн өмчит аж ахуйт тооцооны газрын эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглан өөрийн хамаарал бүхий компанийг  хууль бусаар шалгаруулж давуу байдал бий болгосон гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Төрийн албан тушаалтан Э, Г нар нь хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлснийхээ хариуд бусдаас хахууль авсан гэх хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорын байгууллагад хүргүүлсэн.

Энэ үеэр  мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн комиссар Э.Идэрцог сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга,  эрхэлсэн комиссар Э.Идэрцог

-Өчигдөр 60 тэрбумын асуудлаар иргэн Г.Доржзодов мэдээлэл хийсэн. Энэ үеэр АТГ нотлох баримтыг өөрчилсөн гэж ярьсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу?

 Иргэн Г.Доржзодовын хийсэн мэдэгдэл дээр ганц хоёр мэдээллийг худлаа байсан гэдгийг хэлмээр байна.  2016 онд УИХ-ын сонгуулийн үеэр Ардчилсан нам, МАХН хоёр субъектээс 60 тэрбумын асуудлаар холбогдох дуу дүрсний бичлэгтэй материалуудыг АТГ болон Цагдаагийн байгууллагад зэрэг хандсан байдаг. Хавсаргаж ирсэн материалыг АТГ хүлээж аваад шинжилгээний хүрээлэнд хүргүүлсэн. Түүнээс биш Г.Доржзодовын ярьж байгаа шиг  АТГ хуурамч бичиг баримт бүрдүүлж шинжилгээнд хүргүүлсэн зүйл ерөөсөө байхгүй. Хоёрдугаарт анхнаасаа хоёр минут болон 45 минут орчмын хоёр, гурван бичлэгийн асуудал яригдсан. Сүүлдээ 2017 оны  ерөнхийлөгчийн сонгуулийн  өмнө тухайн бичлэг 90 минут, 162 минут гээд үргэлжлээд явчихсан.

Анхны шинжилгээнд хүргүүлсэн материалууд дээр фото зураг нь гараад доогуур нь хэлж байгаа үг нь текст хэлбэрээр гарч байгааг шүүх шинжилгээний байгууллага эвлүүлэг байна гэж дүгнэсэн. Сүүлд нь гаргаж ирсэн 162 минутын бичлэгийг хоёр минутад багтааж богиносгосон нь эвлүүлэг байна гэж холбогдох байгууллагууд дүгнэсэн. Түүнээс биш хэн нэгний дуу хоолойг өөрчилсөн, эсвэл  хурал зөвлөгөөнд ярьсан яриануудыг хооронд нь Г. Доржзодов эвлүүлчихлээ гэж ерөөсөө дүгнээгүй. Мөрдөх шалгах ажиллагааны дүгнэлт ч гараагүй. Г.Доржзодовт 162 минутын бичлэгээс өөр шалгуулах зүйл байхгүй гэдгийг Тагнуулын ерөнхий газарт /ТЕГ/ мэдүүлсэн байдаг.

Прокурорын хэргийг хаасан тогтоол дээр мөрдөн шалгах чиг үүрэгтэй байгууллагууд хавсаргасан нотлох баримтуудаас харахад тийм уулзалт огт болоогүй байна гэж үзээгүй гэж бичсэн. Мөн тэнд яригдсан асуудалд хэн нэгэн хүнийг яллагчаар татаж шүүхийн шат хүртэл явуулах хууль эрхзүйн орчин тухайн үеийн мөрдөгдөж байсан хуульд байгаагүй гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, хэн нэгэн хүний ярьсан ярианы төлөө Эрүүгийн хариуцлага хүлээлгэж яллагчдаар татах нотлох баримт хангалттай цугларсангүй гэж прокурорын байгууллага үзээд өөрийн эрхийн дагуу 60 тэрбумын хэргийг хаасан. 60 тэрбумын асуудал буюу нэр бүхий хүмүүсийн яриа 2014 онд болсон гэж яригддаг. Сонгуулийн үед удаа дараа цацагдсан. Сүүлд нэмэгдсэн 162 минутын бичлэг дээрх хүмүүсийн дуу хоолойтой харьцуулах шинжилгээг хийлгэх асуудлаар шинжилгээний хүрээлэнгээс  шинжээч томилохыг холбогдох байгууллагад хандсан. Г.Доржзодовын өчигдөр хурлын үеэр харуулаад байсан гар утас,  таблетыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр хурааж авч үзэхэд дотор нь ямар нэгэн бичлэг мэдээлэл байхгүй байна гэдгийг шинжилгээний байгууллага нотолсон. Тэгэхээр заавал эх хувь нь байх юм бол хүмүүсийн дуу хоолойг нь харьцуулж үзье гэж шүүх  шинжилгээний байгууллага дүгнэсэн. Харин нэр бүх хүмүүсийн гадаадад хийлгүүлсэн шинжилгээгээр бол бичлэг дээр гурван хүний дуу байна. Эх хувийг нь шалгаагүй шүү гэж дурдсан байдаг. Гадаадад хийлгүүлсэн дуу хоолойг шалгах шинжилгээ нь  манай байгууллагаас хийгдээгүй буюу хуулийн  хүрээнд хийгдээгүй учраас нотлох баримтаар үнэлэгдэхгүй. Мөн Г.Доржзодов өөрийгөө АТГ-д  шалгуулсан, мөрдөж мөшгүүлсэн гэж ярьсан.  Тийм асуудал огт байхгүй. Өөрөө тоног төхөөрөмж ашиглаж бусдыг мөрдөн мөшгөсөн хэргээр ТЕГ-т шалгагдаж байсан. Харин тэрхүү асуудлыг АТГ-ын үйл ажиллагаа мэт бусдад буруу ойлголт өгсөн. Г.Доржзодовын тухайд ТЕГ-т  2-3 удаа  байцаалт өгсөн ч АТГ-д  байцаалт мэдүүлэг өгөөгүй. Энэ хэрэг асуудлыг хаана шалгах, хэрхэн яаж шийдэх нь бүхэлдээ прокурорын эрх байдаг. Өөрөөр хэлбэл, хэрэг нээх, хаах хүнийг яллагдагчаар татах, харьяаллыг нь тогтоох энэ бүх асуудал прокурорын хэнтэй ч хуваалцахгүй эрхийн асуудал. Энэ утгаараа 60 тэрбумын асуудлыг прокуророос сэргээж хэрэг бүртгэлт нээгээд АТГ-д ажлын хэсгийг нь ахлуулаад Цагдаагийн байгууллага, ТЕГ-тай хамтарсан ажлын  хэсэг байгуулан хэргийг анх шалгасан байдаг.  Мөрдөн шалгах байгууллагуудын хийсэн хэрэг бүртгэлийн хэргийг  тухайн үедээ прокурор хаасан. Саяхан хэргийг сэргээгээд урдын ажилласан ажлын хэсэгт даалгаад явж байна. Хамтарсан байгууллагуудын ажлын хэсэг үргэлжлэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа.  ТЕГ дээр голлон дээрх ажиллаа үргэлжилж байна.

Прокурорууд үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн тухай асуудал яригдаад удаж байна. Шалгалтын явц нь ямар байгаа вэ?

-Прокурортой холбоотой асуудлыг хяналт шалгалтын хэлтэс шалгасан. Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлээд шалгалтын ажиллагаа явагдаж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй.

-Нүүрсний хулгайтай холбогдолтой асуудлууд гараад байна. Шалгалтын явцын талаар мэдээлэл өгнө үү?

-Нүүрсний хулгайн хэргээр УИХ-ын гишүүн Л.Энхболдын гаргасан өргөдлийн дагуу тус хэлтсийн мөрдөн шалгах хэлтэс дээр хэрэг бүртгэл нээж тодорхой тооны нүүрсний тонноос дутсан байна гэх асуудлын талаар хэрэг бүртгэл нээж шалгаж байгаа. Хэрэг шалгагдаж байхад ЗГ-ас томилогдсон ажлын хэсэг очиж ажилласан. Маршейторын компаниудаар үнэлгээ гаргуулаад тоо хэмжээ гаргасан байгаа. Хоёр янзын тоо хэмжээ гарсан байгаа. Үүн дээр хэргийг мухарлах чиглэлээр албан тушаалтнууд холбогдож байна уу гэдэг нь шалгагдаж байгаа.

Улсын хилээр нүүрс ачсан автомашин гарч, түүнийг нь хоосон гарсан гээд бүртгүүлсэн байна гэх хэргийг цагдаагийн байгууллага өөрсдийнхөө эрх хэмжээнийхээ хүрээнд шалгаж байгаа. Цагдаагийн байгууллагаас тодруулна уу.

АМГТГ-ийн хэлтсийн даргын бичлэг задраад байгаа шалгагдаж байгаа. Энэ асуудал юу болсон бэ?

-АМГТГ-ийн хэлтсийн даргын бичлэгтэй холбоотой асуудал шалгагдаж байгаа.

– 179 сая төгрөг зарцуулсан төмөр замын хэрэг юу болсон бэ?

-Төмөр замтай холбоотой асуудал шалгагдаж байна. Мэдээлэл өгөх боломжгүй.

-Нэгдүгээр сургуулийн захирал болон Дулааны сүлжээ ТӨХК-ийн захирлыг авлига авч байхад нь баривчилсан гэсэн. Энэ хэрэг хэрхэн шийдэгдэж байна вэ?

-Нэгдүгээр сургуулийн захирал удаа дараа хахууль авсан хэрэг цагдан хориотой шалгагдаж байна. Хэргийг ойрын үед  дуусгаж прокурор шүүхэд шилжүүлэхээр ажиллаж байна. "Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-н захирал Д.Бямба-Очир албан үүргээ давуулан ашиглаж бусдад давуу эрх олгосон. Бусдаас хахууль авсан хэргээр цагдан хорин шалгагдаж байна. Цахим орчинд 500 сая төгрөг аваад үйлдэл дээрээ баригдлаа гэх мэдээлэл байна. Энэ мөнгөн дүн худлаа. Тодорхой хэмжээний мөнгө хурааж авсан.  Хурааж авсан мөнгөний гарал үүслийг шалгаж байгаа.

-1.3 сая ам.доллар хураасан хэрэгт шүүгч холбоотой гэсэн мэдээлэл яригдаад байгаа. Үүн дээр тайлбар өгөөч?

-Энэ асуудал цахим орчинд олон янзаар бичигдэж байгаа. Цагдаагийн томоохон албан тушаалтан, прокурорын өндөр албан тушаалтан,  шүүгч , УИХ-ын гишүүн холбоотой мэтээр бичигдэж байгаа.  Эдгээр асуудалд дээрх дурдагдсан албан тушаалтнууд ямар ч холбоогүй. Тус газрын мөрдөн шалгах хэлтэс дээр бусдад хахууль өгсөн гэдэг зүйл ангиар яллагдагчаар татаж байгаа этгээдийн өөрийнх нь хөлсөлсөн байрыг олж, тэндээс хурааж авч шалгаж байгаа хэргийн мөнгөн дүн байгаа юм. Үүнд дээрх албан тушаалтны гэрээс хураасан зүйл огт холбогдоогүй.

АТГ-ын сар бүрийн 25-ны өдрийн хэвлэлийн хурал болж байна.

Posted by News.mn on Wednesday, October 24, 2018

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж