УИХ-ын чуулган өндөрлөв
УИХ-ын чуулганы хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбоотой 40 орчим зарчмын зөрүүтэй санал хураахаар Байнгын хорооноос ирүүлжээ. Ингээд зарчмын зөрүүтэй санал хурааж байхад ажлын цаг дууссан тул өнөөдрийн чуулганыг өндөрлүүлэв. Маргааш үргэлжлүүлж санал хураана.
Тээгч эхийг хуулиар зөвшөөрөх төсөл дэмжигдлээ
УИХ-ын чуулганы хуралдаанаар Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж дэмжив. Хуулийн төсөл хэлэлцэх үеэр танхимд цөөхөн гишүүн байсан тул УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “хүний өмнөөс кноп дарахгүй” шүү гэдгийг сануулав. Учир нь намрын чуулган хүний өмнөөс кноп дарахыг хориглосон шинэ дэгээр хуралдаж байгаа билээ.
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл нь үргүйдэл, түүний тусламж үйлчилгээ, нөхөн үржихүйн туслах арга түүний төрөл, үүнийг ямар шаардлага хангасан эмнэлэг ямар нөхцөлд хэрэглэх, уг ажиллагааны нууцлал, тавигдах шаардлага, тээлгэгч эцэг, эх, тээгч эх гэж хэн байх, тэдгээрт тавигдах шаардлага, талуудын хоорондын гэрээнд ямар асуудал тусгах, тээгч эхээс төрсөн хүүхдийг хэрхэн шилжүүлэн өгөх, хүүхдийг төрсний бүртгэлд бүртгэх зэрэг олон харилцааг тусгасан бие даасан хуулийн төсөл юм.
Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл батлагдсанаар:
1.Нөхөн үржихүйн эрүүл мэндийн чиглэлээр үндэсний хөтөлбөр болон төрийн бодлогод үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээний асуудал тусгагдаж, энэ чиглэлээр эрүүл мэндийн байгууллагын үүрэг хариуцлага дээшилснээр иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авах, эмчилгээнд хамрагдах байдал сайжирна.
2.Үргүйдэл нь хүний эрүүл мэндэд шууд нөлөөлж амь насанд аюул учруулдаггүй ч хувь хүний нөхөн үржихүйн эрүүл мэнд, гэр бүлийн тогтвортой байдал, хувь хүний амьдралын чанарт сөрөг нөлөө үзүүлдэг нийгмийн эрүүл мэндийн эмзэг асуудал учир энэ асуудлыг шийдвэрлэх хууль эрх зүйн орчин бүрдсэнээр хувь хүний сэтгэл санаа, гэр бүлийн тогтвортой байдал, улс орны хүн амын өсөлтийн байдал дээшилнэ.
3.Гадаад оронд явж үргүйдэл, түүний оношилгоо, эмчилгээ хийлгэх, үр шилжүүлэн суулгах харилцаа багасч, эх орондоо энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэх, хөрөнгөө хэмнэх, гадагшаа чиглэсэн валютын урсгал хумигдах боломж бүрдэнэ.
4.Үргүйдлийн орчин үеийн нөхөн үржихүйн тусламж үйлчилгээтэй холбоотой асуудал (үр тогтоох, үр шилжүүлэн суулгах, тээгч эхийн харилцааны зохицуулалт, бэлгийн эсийн донор)-ын хууль эрх зүй, бүртгэлийн нэгдсэн орчин бүрдэж, эрүүл мэндийн байгууллагын хяналтын тогтолцоо сайжирна.
Уг хуулийн төсөлтэй холбогдуулан одоо үйлчилж байгаа Гэр бүлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний бүртгэлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай зэрэг гурван хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж.
Ийнхүү дээрх хуулийн төслийг дэмжсэний дараа Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв.
Янданд утаа шүүгч тавих төсвийг хаслаа
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороонд шилжүүллээ.
Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр улсын төсөвт тусгасан таван ажлын зардлыг бууруулах, 13 ажлын зардлыг нэмэгдүүлэхээр болсон. Онцлоход агаарын бохирдлыг бууруулах зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулав. Ингэснээр гэр хорооллын айл өрхийн янданд утаа шүүгч тавих төсөв хасагдаж байна гэсэн үг юм.
Үүний дараа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. Энэ үед асуух асуулттай гишүүн байсангүй. Тиймээс хуулийн төслийг бүхэлд нь батлав.
Дараа нь Нөхөн үржихүйг дэмжих зохицуулалтын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж эхлэв.
Л.Болд: Төсвийг Цэцэд өгнө
УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийж байна.
Өчигдөр Төсвийн байнгын хороо хуралдаад таван ажлын зардлыг бууруулах, 13 ажлын зардлыг нэмэгдүүлэх саналыг УИХ-д ирүүлсэн байна. Үүнээс онцлоход агаарын бохирдлын зардлыг 80 тэрбум төгрөгөөр бууруулах санал багтжээ. Мөн Хан-Уул дүүрэгт төрөх эмнэлэг барих зардлыг хасч, хассан зардлаараа Оюутолгой, Цагаан суваргад ДЦС барих зардлыг 7 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх асуудлыг тусгажээ.
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ:
-Төсвийн ажлын хэсэгт хоёр жил дараалан орсон ч нэг асуудлыг шийдэж чадсангүй. Жижиг тойргийн асуудал хэцүү байгааг ойлгож байгаа ч том асуудлаа авч үзэхгүй бол болохгүй. Сүүлийн 20 гаруй жил соёлын салбарын хөрөнгө оруулалт орхигдлоо. Өнөөдрийг хүртэл музейн нэгдсэн системгүй ганцхан улс боллоо. Монголд 5000 хүн суугаад үзэх театр алга. Улсын төсвөө их наядаар нэмдэг байж соёлын салбарыг орхигдуулж байна.
УИХ-ын гишүүн Л.Болд:
-Гишүүд үг хэлэх эрхгүй боллоо. Ардчиллаас маш том ухралт хийлээ. Өмнөх парламентаар Дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулж байхад Ц.Нямдорж “харж байгаарай та нар энэ үйлдлийнхээ горыг амсана даа” гэж байсан. Өнөөдөр бид амсаад сууж байна. Харин дараагийн парламентын үед та нар амсана даа. Би энэ төсвийг Цэцэд өгнө. Энэ хууль зөрчсөн төсөв болсон.
УИХ-ын чуулган санал хураалтаар үргэлжилж байна.
Ч.Улаан: Тойргийн төсвөөр ялгаварлан гадуурхаж байна
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Энэ үед асуух асуулттай гишүүн байсангүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар санал хураагаад, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэхээр Байнгын хороонд шилжүүлэв.
Үүний дараа Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв. Төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж байхад цайны цаг таарсан тул чуулганыг түр завсарлуулав.
Хуралдааны үеэр гишүүд тойрогтоо хуваарилсан төсөвт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж УИХ-ын гишүүн Л.Болд, Ч.Улаан нараас эхлээд гомдоллож байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ч.Улаан “Би бол хөрөнгө оруулалтыг механикаар нэмээд өгөөч гэсэн санал гаргаагүй. Байгаа боломжтой хөрөнгө оруулалтынхаа хүрээнд оновчтой хийгээрэй, тэгш шударга байдлыг хангаж өгөхийг хүссэн. Үндсэн хуульд аливаа хүнийг ялгаварлан гадуурхах ёсгүй гэж заасан байдаг. Манай тойргийн хөрөнгө оруулалтын хэмжээг Ч.Хүрэлбаатар, Л.Энх-Амгалан нарынхтай харьцуулаад үзээрэй. Харьцангуй өөр нөхцөл байдалтай байгаа” гэв.
Ийнхүү асуулт асуух эрх авсан гишүүдийн цөөн хэд нь үдээс өмнөх чуулганы хуралдаанд байр сууриа илэрхийллээ. Үдээс хойш төсвийн хоёрдугаар хэлэлцүүлэг үргэлжилнэ.
М.Билэгт: Хойч ирээдүйгээ бодоод эдийн засгаа солонгоруулъя
УИХ-ын чуулганы хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцээд хүлээж авах нь зүйтэй гэж үзлээ. Үүний дараа Монгол Улсын нэгдсэн төсвийн 2019 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2020-2021 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, дэмжлээ.
Төсвийн байнгын хороо өчигдөр /2018.10.24/ 21.00 цагийн үед хуралдсан. Байнгын хорооны хурал ямар учраас хойшилсон талаар Төсвийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн тайлбар өглөө. Тэрбээр “Төсвийн ажлын хэсэг хуралдаад, санал хурааж амжаагүй тул байнгын хороо нэлээд хойшилсон. Ингээд өдөр 14.00 цагт товлогдсон хурал 16.00 цаг, 17.30 цаг болж хойшлогдоод бодит байдал дээр 19.00 цагт эхэлсэн. УИХ-ын даргын зөвлөл энэ долоо хоногт төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх гэж чиглэл өгсөн. Даргын зөвлөлийн шийдвэрийг биелүүлэх үүднээс оройтсон ч гэсэн Байнгын хороо хуралдсан” гэдэг тайлбар өгөв.
Ингээд төсвийн хүрээний мэдэгдэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Билэгт:
-Монголын төр эдийн засгаа солонгоруулах бодлогоор сул явж ирсэн. Сүүлийн 20 гаруй жил уул уурхай, газрын доорх баялгаар төсвийн орлого бүрдүүлнэ гэж төсөв боловсруулж байна. Бид нөхөн сэргээгддэг баялгаа түшиглээд амьдарч чадаж байсан. Гэтэл одоо газрын доорх баялгаа ухаж байна. Хойч ирээдүйд минь юу ч болоо билээ. Өнгөрсөн 70,80 жил амьдарч, ажиллаж болоод байсан салбараа одоо яагаад хөгжүүлэхгүй болохгүй гэж.
УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан:
-Нийслэлийн 54 байршилд байрлах орон сууцыг ашиглах боломжгүй гэж мэргэжлийн хяналтын дүгнэлт гаргасан. Дахин барилгажуулах шаардлагатай ганц нэг байршилд төсөвт өртөг суулгах, ангилж харах хэрэгтэй.
Ийнхүү гишүүд байр сууриа илэрхийлсний дараа Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүдтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж эхлэв. Энэ үед асуух асуулттай гишүүн байсангүй. Тиймээс зарчмын зөрүүтэй саналаар санал хурааж байна.
АН-ынхан төсвийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал гаргав
УИХ-ын чуулган хуралдаж эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн Л.Болд, Я.Санжмятав нар төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хойшлуулж өгөхийг хүссэн. Гэвч гишүүдийн олонх нь өнөөдөр төсвийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийх ёстой гэж үзэв. Ийнхүү хуралдаанаар хэлэлцэх асуудлаа батлаад, Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 12 дугаар дүгнэлтийг хэлэлцэж эхэллээ. Энэхүү дүгнэлт нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудал юм.
УИХ-ын чуулган үргэлжилж байна.