Машины хүйтэн суудалд суух нь түрүү булчирхайд муугаар нөлөөлнө

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Машины хүйтэн суудалд суух нь түрүү булчирхайд муугаар нөлөөлнө

Машины хүйтэн суудалд суух нь түрүү булчирхайд муугаар нөлөөлнө

Цас хаялж, хүйтний эрч чангарч хүн бүрийг жиндүүлж байна. Жаахан хүү, охины аав, ирээдүйд аав болох монгол эрэгтэй та энэ үед хэр дулаан явна вэ. Давхар өмд өмссөн үү, ер нь өөртөө хэр анхаарч байна даа. Бэлгийн замын халдварт өвчин (БЗХӨ)-өөс өөрийгөө хэрхэн хамгаалдаг вэ. Эдгээр асуултын хариултыг монгол эрчүүдээс авлаа.

Учир нь, “Эрүүл монгол эрэгтэйн эрэлд” цувралаар энэ удаад эрэгтэйчүүдийн хоёр дахь “зүрх” гэгддэг түрүү булчирхайн асуудлыг хөндөж байна.

Даарах, шүд цоорох, бэлгийн замын халдварт өвчин, давсаг, бөөрний үрэвсэл зэрэг бүх өвчний үед зэрэгцэж өвчилдөг нь түрүү булчирхай. Гэтэл эрчүүдийн олонх нь үүнийг мэддэггүйгээс болж өвчнөө хүндрүүлдэг. Түрүү булчирхай үрийн шингэнийг дамжуулж, таныг эрүүл хүүхэдтэй аав болоход хамгийн чухал үүрэгтэй эрхтэн юм. Мөн дур тавилт, бэлгийн чалх зэрэгт нөлөөлдөг юм.

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙГАА САЙН ХАМГААЛДАГ

Иргэн Б.Буянтогтох

Түрүү булчирхай нь эрэгтэй хүний хамгийн чухал эрхтэн. Түүнийгээ сайн хамгаалдаг. Дулаан хувцасласан болохоор даарахгүй байна. Шүд маань үүргээ сайн биелүүлж байгаа. Зүй бус бэлгийн харьцаанд ордоггүй. Тиймээс түрүү булчирхай маань эрүүл гэдэгт бүрэн итгэлтэй байна.

ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ТАЛААР САЙН МЭДЭХГҮЙ

Иргэн О.Мөнхсүлд

Гадаа их хүйтэн байгаа ч дулаан хувцасласан болохоор даарах нь гайгүй байна. Шүд маань бүгд эрүүл, бэлгийн замын халдварт өвчин үүсгэх эрсдэлтэй зүйлд ордоггүй. Түрүү булчирхайн талаар сайн мэдэхгүй ч энэ бүхнээс өөрийгөө дүгнэхэд харьцангуй эрүүл гэж бодож байна.

ЭРҮҮЛ ГЭДЭГТ 100 ХУВЬ ИТГЭЛТЭЙ БАЙНА

Иргэн Б.Буянтогтох

Даарахгүй байна. Цоорхой шүд одоогоор алга. Цоорсон байсныг нь авхуулсан. Бэлгэвч ашиглаж бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлдэг. Түрүү булчирхайгаа эрүүл гэдэгт 100 хувь итгэлтэй байна.

ҮРГҮЙДЛИЙН 50 ХУВЬ НЬ ТҮРҮҮ БУЛЧИРХАЙН ӨВЧЛӨЛӨӨС ШАЛТГААЛДАГ

Ингээд эрчүүдийн хоёр дахь зүрх болсон түрүү булчирхайн тухай, хэрхэн хамгаалах талаар “Гарьд манлай” эрэгтэйчүүдийн эмнэлгийн захирал З.Цэгмидтэй ярилцлаа.   

-Түрүү булчирхай ямар үүрэгтэй эрхтэн бэ. Яагаад эр хүний хоёр дахь “зүрх” гэдэг юм бол?   

-Эрэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтэн дотор түрүү булчирхай маш чухал үүрэгтэй. Давсгийн доод хэсэгт шээсний сүвийг ороон байрладаг. Түрүү булчирхайн уутанцарт төмсгөнд боловсорсон бэлгийн эс хадгалагдаж, бэлгийн  ажлын үед үрийн шингэнийг цацах үүрэгтэй байдаг. Хэрэв түрүү булчирхай үрэвсэлтэй байвал эр бэлгийн эсийг хадгалж чадахгүй, үхүүлнэ. Түрүү булчирхай үрэвсвэл нэгдүгээрт, үргүйдэл болно. Хоёрт, шээсний сүвийг ороосон байдаг булчирхай үрэвсч хавдвал  шээс хаагдах аюултай. Шээс гарахгүй удсанаар шээсэндээ хордоно.

Түрүү булчирхай үрэвсэхэд хүчтэй өвдөлт мэдрэгддэггүй дүлий эрхтэн гэдэг. Энэ өвчний шинж тэмдэг, зовиур хэрхэн илрэх вэ?

-Далд болон ил гэсэн хоёр хэсэгт хуваагдана. Шээс салаа гарвал түрүү булчирхай өвчилсний ил шинж тэмдэг. Бүр хүндэрвэл шээс гарахгүй, эсвэл шөнө босч шээхэд хүргэдэг.

-Гэтэл ахимаг насны хүн шөнө босч шээхийг хэвийн үзэгдэл гэж үзэх нь бий. Ихэвчлэн хэдэн насныхан түрүү булчирхайгаар өвчилж байна вэ. Шалтгаан нь юу вэ?

-Хүн шөнө босч шээх ёсгүй. Хэрэв ингэж байвал түрүү булчирхай өвчлөөд дунд хэлбэр рүү орсны шинж. Түрүү булчирхайгаар өвчилж байгаа шалтгаан нь бэлгийн замын халдварт өвчин. Мөн түрүү булчирхай нь даарах, шүд цоорох, ханиад хүрэх, халуурах зэрэгт автоматаар өвддөг. Яагаад гэвэл бактер нь шээсээр ялгардаг. Түрүү булчирхай шээсний сүвийг ороосон байдаг тул халдварлах эрсдэлтэй. Түрүү булчирхайн өвчлөлд хөгшин залуугүй нэрвэгдэнэ.  Ямар нэгэн шалтгааны улмаас үрэвссэн түрүү булчирхай нас ахих тусам, гормон багасах үед мэдрэг болдог.

-Хэрхэн оношилж, эмчилж байна вэ?

– Орчин үед хамгийн чухал оношилгоо нь ЭХО болсон. Хоёрт, шулуун гэдсээр массаж хийх замаар түрүү булчирхайн шүүрлийг шахаж гаргаад оношилдог. Хурц үрэвсэлтэй байвал хамгийн эхэнд шалтгааныг нь олох хэрэгтэй. Уушгинаас болж байвал уушгийг нь хамт эмчлэх хэрэгтэй.

Түрүү булчирхай нь өвчилсөн хүний хэдэн хувь нь бэлгийн замын халдвараас шалтгаалсан байдаг вэ?

-Хурц түрүү булчирхайн үрэвсэл буюу залуу хүн шээж чадахгүй болоод ирж байгаа нь шууд бэлгийн замын өвчинтэй холбоотой байдаг. Харин шүд, бөөр, уушги зэргээс шалтгаалсан үрэвсэл нь аажуу илэрдэг.  Ингээд дүгнэхэд дийлэнх нь бэлгийн замын халдварт өвчнөөс шалтгаалан түрүү булчирхайгаа өвчлүүлсэн байна.

-Түрүү булчирхай өвчлөхөд олон зүйл нөлөөлдөг юм байна. Тухайлбал, шүд цооролт түрүү булчирхайд ямар сөрөг нөлөөтэй вэ?

-Шүд цоорох, чихнээс булга гоожих, нүд нуухдах ч юм уу аливаа өвчний бактер нь цусанд орсон байдаг. Тухайн бактер нь түрүү булчирхайг тойрч гарахгүй. Ингээд түрүү булчирхайг үрэвсүүлдэг. Мөн шүдний бактер нь шээсээр ялгарна. Ингээд цус болон шээсээр дамжин түрүү булчирхайг үрэвсүүлдэг юм.

-Түрүү булчирхайн үрэвсэл үр тогтолтод сөрөг нөлөөтэй юу?

-Түрүү булчирхай үрэвсэлтэй байна гэдэг нь зарим эс нь өвдөөд зарим нь өвдөөгүй байна гэсэн үг. Түрүү булчирхайн үрэвсэлтэй хүн эмэгтэйгээ жирэмслүүлсэн ч эрүүл хүүхэд төрнө.

-Үргүйдлийн хэдэн хувь нь түрүү булчирхайгаас шалтгаалж байна вэ?

-Үргүйдлийн 50 хувь нь түрүү булчирхайн өвчлөлөөс шалтгаалдаг. Үргүйдлийг анхдагч, хоёр дахь гэж ангилна. Анхдагч нь төмсгийн үйл ажиллагаа сайн биш, цөөн тооны эс гаргадагтай холбоотой. Энэ нь арван гэр бүлд нэг тохиолддог. Хоёр дахь гэдэг нь эхлээд хүүхэдтэй болсон ч ямар нэгэн шалтгааны улмаас дахин хүүхэдтэй болохгүй байхыг хэлэх бөгөөд энэ нь ихэвчлэн түрүү булчирхайтай холбоотой байдаг.

-Даарах нь түрүү булчирхайд сөргөөр нөлөөлдөг гэсэн. Тэгэхээр өвөл машины хүйтэн суудалд суух нь түрүү булчирхайд сөргөөр нөлөөлөх үү. Мөн бариу өмд, хэт намхан ултай гутал зэрэг нь түрүү булчирхайд сөргөөр нөлөөлөх үү?

-Машины хүйтэн суудалд суух нь түрүү булчирхайд муугаар нөлөөлнө. Хувцаслалт түрүү булчирхайд хамааралгүй.

-Эрчүүд түрүү булчирхайгаа жилд хэдэн удаа эмчид үзүүлэх шаардлагатай вэ. Хэдэн наснаасаа үзүүлэх ёстой вэ?

-Насанд хүрсэн эрэгтэй хүн зургаан сар тутам түрүү булчирхайгаа шалгуулах шаардлагатай.

-Түрүү булчирхайгаа өвчлүүлэхгүй байлгах энгийн зөвлөгөө өгнө үү?

-Үүсэх шалтгаан нь тодорхой байгаа болохоор тэр болгоноос сэргийлэх хэрэгтэй. Юун түрүүнд бэлгийн замын халдварт өвчнөөр өвчлөхгүй байх хэрэгтэй. Хэрэв халдварт өвчнөөр өвчилсөн байж болзошгүй тохиолдолд мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Хоёрт, идээт үрэвсэлт өвчнөөр өвчлөхгүй байх хэрэгтэй. Өвчилсөн тохиолдолд төгс эмчлэх хэрэгтэй. Хамгийн чухал зүйл нь эрүүл байх үедээ дархлаагаа сайн дэмжих шаардлагатай. Дасгал хөдөлгөөн тогтмол хийдэг, эрүүл зөв хооллодог байх шаардлагатай. Хүний биеийн дархлаа байнга ихэсч, багасч байдаг. Жишээ нь, 50 грамм зэрлэг чацаргана уухад л дархлаа бараг муудахгүй. Түрүү булчирхайн өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эм гэж байдаггүй. Тиймээс үүсэх шалтгаануудыг нь багасгаж, дархлаагаа дэмж.

Монгол эрэгтэй таны  түрүү булчирхай үрэвсч, өвчилсөн бол заавал эмчид хандаж, эмчлүүлээрэй. Хэрэв эмчлүүлэлгүй хүндрүүлбэл түрүү булчирхайгаа авхуулахад хүрнэ. Ингэснээр үрийн шингэнээ дамжуулах чадваргүй болж үргүйдэлд хүрэх юм. Даарах, цоорхой шүдтэй явах, бэлгийн замын халдварт өвчин зэрэг эрэгтэй таны тоомжиргүй үйлдлийн хариу түрүү булчирхайг тань өвчлүүлж, үргүйдэлд хүргэж, харамсаад ч баршгүй байдалд оруулж болзошгүй.

Дараагийн удаа монгол эрчүүдийн бэлгийн сулралын талаар хөндөх болно.    

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХөөрхөнХөөрхөн
2
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж