Ж.Болтон: “Харамсалтай нь би энэ удаа чидун жимсгүй ирлээ”

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Ж.Болтон: “Харамсалтай нь би энэ удаа чидун жимсгүй ирлээ”

Дэлхийн том гүрнүүдийн төрийн тэргүүн нарын айлчлал, уулзалтууд үргэлж олон улсын анхаарлын төвд байдаг билээ. Энэ удаагийн уулзалтыг ч мөн дэлхий дахин чих тавин хүлээж байна. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нар Парис хотноо арван нэгдүгээр сарын 11-ний өдөр уулзахаар болсон. Хоёр улсын төрийн тэргүүн нар дэлхийн нэгдүгээр дайн дууссаны 100 жилийн ойд зориулсан арга хэмжээний үеэр уулзахаар төлөвлөсөн тухай АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон хэлсэн байна. Уулзалтын гол асуудал нь 1987 онд байгуулсан “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг устгах гэрээ”-нээс АНУ гарах гэж үзэж байна.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон Москвад айлчилсан. Түүний айлчлалын зорилго нь одоогоос 30 жилийн өмнө хоёр улс хооронд байгуулсан “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг харилцан устгах гэрээ”-ний хэрэгжилтийг шаардах юм.  Ноён Жон Болтон Москвад хийсэн айлчлалын үеэр АНУ тус гэрээнээс гарах нь олон улсад даган мөрдөгддөг цөмийн зэвсэг үл дэлгэрүүлэх дэглэм ганхахад хүрнэ гэдгийг Оросын тал мэдэгдлээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин эх оронд нь айлчилж байгаа АНУ-ын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтоныг Кремлийн ордонд хүлээн авч уулзжээ. Уулзалтын эхэнд Путин Вашингтоны энэхүү дайнч бодлогод шүүмжлэлтэй хандаж байгаагаа хошигнолоор илэрхийлжээ. Тэрбээр “Миний санаж байгаагаар АНУ-ын сүлдэнд нэг савартаа 13 сум атгаж, нөгөө савартаа чидун жимсний мөчир атгасан халзан бүргэдийг дүрсэлсэн байдаг. Энэ нь энх тайван ч гадаад бодлогыг билэгддэг” хэмээн Болтонд хандаж хэлсэн байна. Путин цааш нь “Надад нэг асуулт байна. Танай бүргэд бүх чидун жимсээ идчихсэн юм уу? зөвхөн сумтай үлдээ юу?” хэмээн асуужээ. Болтон хариуд нь “Харамсалтай нь би энэ удаа чидун жимсгүй ирлээ” гэхэд “Би ч бас тэгж бодсон юм” гэж Путин хариулсан байна.

1987 онд АНУ болон ЗХУ “Дунд болон ойрын зайн тусгалтай пуужинг харилцан устгах гэрээ” байгуулснаар, талууд далавчит болон баллистик пуужингуудаа устгалд оруулсан байдаг. Тус гэрээг ЗХУ-ын удирдагч Михаил Горбачёв, АНУ-ын 40 дэх ерөнхийлөгч Роналд Рейган нар байгуулснаар, “хүйтэн дайн” дуусах эхлэл болсон гэж ч үздэг. 1987 оны гэрээний дагуу АНУ 846 пуужин, ЗХУ 1,846 пуужин устгажээ

Хэрэв энэ гэрээнээс АНУ гарвал, гэрээ хүчингүй болно. Ингэснээр Москва болон Вашингтон дахин эдгээр төрлийн пуужингууд үйлдвэрлэж, байрлуулах боломжтой болох юм. Орос улстай байгуулсан гэрээнээс гарч, дунд болон ойрын зайн тусгалтай пуужин угсарч, байрлуулж эхлэх гэж байгаа Вашингтоны шийдвэр нь Хятадын улсад өгч буй хариу гэж харж байна. Учир нь Хятад улсын хувьд пуужин үйлдвэрлэлийн салбарт ямар нэгэн хязгаарлаж буй баримт бичиг байхгүй. Харин цөмийн зэвсгээ өргөжүүлж байгаа явдал нь хөрш орнуудын хувьд шүүмжлэл, дургүйцэл дагуулж байгаа юм.

Трамп Ерөнхийлөгч бямба гарагт тус гэрээнээс гарахаа мэдэгдсэний дараа ОХУ цөмийн зэвсгийн тэнцвэртэй байдлыг хангахад чиглэсэн хариу арга хэмжээ авахаа мэдэгдсэн. Москва мөн тус гэрээний хэрэгжилттэй холбоотой үүсээд байгаа асуудал, доголдлыг арилгахын тулд цаашид АНУ-тай хамтран ажиллахад бэлэн байгаагаа ч илэрхийлсэн.

АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх Жон Болтон даваа гарагт Москвад айлчилсан. Тэрбээр айлчлалаасаа өмнө Оросын “Коммерсант” сонинд ярилцлага өгсөн. Ярилцлагадаа Оросын тал пуужин устгах гэрээг хэрхэн зөрчсөн, Америкчууд гэрээнээс гарсны дараа хэрхэх талаар тайлбарласан юм.

“АНУ тус гэрээнээс гарснаар асуудал үүсгэнэ гэж бодохгүй байна. Харин ОХУ тус гэрээг зөрчиж байгаа нь өөрөө асуудал” гэж Болтон ярилцлагаа эхэлжээ. Дэлхий дээр өнөөдрийн байдлаар зөвхөн хоёр улс л Дунд болон ойрын зайн тусгалтай пуужин устгах тухай гэрээгээр холбогдсон байна. Нэг тал нь тус гэрээг зөрчиж байна. Тиймээс тус гэрээний нөхцөлийг үнэнчээр биелүүлж байгаа цорын ганц улс үлдэж байгаа нь АНУ. Энэ бол байж боломгүй зүйл” гэж АНУ-ын Ерөнхийлөгчийн Үндэсний аюулгүй байдлын асуудал эрхэлсэн зөвлөх тэмдэглэжээ

ЗООСОН МӨНГӨНД МӨНХӨРСӨН ХЕЛЬСИНКИЙН УУЛЗАЛТ

В.Путин, Д.Трамп нар хамгийн сүүлд энэ 2018 оны зургадугаар сард Финландын Хельсинки хотноо уулзаж, хоёр талын харилцааны өргөн хүрээний асуудлууд болон олон улсын нөхцөл байдлыг хэлэлцэж, хэд хэдэн чиглэлээр тохиролцоонд хүрсэн юм.

Д.Трамп мэдэгдэхдээ “Дипломат арга зам, хамтын ажиллагаа, үр дүнтэй яриа хэлэлцээ хийхийг сөргөлдөөн, дайсагнасан харилцаанаас илүүд үзэж байгаа нь АНУ болон ОХУ-д төдийгүй дэлхий дахинд ээлтэй” гэжээ. Тэрбээр мөн “Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулахад Орос улс АНУ-тай хамтран ажиллана” гэж мэдэгдсэн байна.

“Болж өнгөрсөн яриа хэлэлцээнүүд нь Ерөнхийлөгч Д.Трамптай хамтран хоёр улсын харилцаа дахь сөрөг нөхцөл байдлыг залруулж, харилцааг хэвийн болгох эхний алхмуудыг төлөвлөх, харилцан итгэлцлийн түвшнийг сэргээх хүслийг харуулж байна” хэмээн В.Путин уулзалтыг дүгнэж байжээ.

АНУ-ын Цагаан ордны бэлэг дурсгалын дэлгүүр Хельсинки хотод АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын дээд хэмжээний уулзалт болсонтой холбогдуулж дурсгалын зоосон мөнгө гаргажээ. Энэ дурсгалын зоосон мөнгө 100 ам.доллараар зарагдаж байгаа аж. Яг ийм зоосон мөнгийг Трамп, Ким Чен Ун нарын уулзалтын дараа ч мөн адил гаргаж байсан билээ.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж