“Улаанбаатар” олон улсын кино наадам өнөөдөр /2018.10.25/ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн хувьд Каннын олон улсын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног” хэсгийн 50 жилийн ойд шалгарсан үзвэрүүд гарах болно. Тухайлбал, “Эмэгтэйчүүдийн сүүдэрт”, “Дүрвэгч”, “Аяны шувуу” зэрэг кино “Тэнгис” кино театрын дэлгэцнээ 18.00, 20.30, 22.15 цагт тус тус гарна.
“Эмэгтэйчүүдийн сүүдэрт” кино 1969 онд болсон Каннын олон улсын кино наадмын “Найруулагчийн хоёр долоо хоног” хэсэгт анх гарсан түүхтэй. Тус киноны найруулагч Филип Гаррел нь Францын кино урлагийн мастер. “Эмэгтэйчүүдийн сүүдэрт” кино нь нэлээд феминист, Парисын гудамжийг харуулсан гоёмсог хар, цагаан зураглалтай, бүхий л талаараа Франц киноны уламжлалыг тод харуулна.
Харин “Дүрвэгч” кино нь өнөөгийн нийгмийн байнгын сэдэв болсон гэр бүлийн хүчирхийллийн тухай өгүүлэх болно. Кинонд Матиас, Лида хоёр нуугдаж, зугтсаар л байна. Найруулагч уг киног айдас, түгшүүр, сэтгэл зовнил дунд хийсэн, зөрчилт уянгын драм, төгс тэнцвэрийг харуулж чадсан маш хүчтэй кино.
“Аяны шувуу” нь үлгэрийн мэт санагдах болно. Кино биднийг элсэн цөлд аваачна. Хуримын инжтэй холбоотой хувь хүмүүсийн жижиг үйл явдлаас үндэстний эмгэнэлт түүх эхэлнэ. Киноны бүлгүүдэд гэр бүлийн амьдралын талаар өгүүлэх сэтгэл хөдөлгөм кино” гэсэн юм.
Холбоотой мэдээ