“Татаад үз, үнэртээд үз” гэх үг зөвхөн хар тамхи, ахуйн газтай холбоотойгоор яригддаг зүйл биш болж хувирчээ. Захын барилгын материалын дэлгүүрт худалдаалагдаж байдаг будаг шингэлэгч хүүхдийг тань хордуулж, аминд хүрч болзошгүй аюул нүүрлээд байна.
Хэрэг явдлыг тодруулбал, 2018 оны аравдугаар сарын 19-нд 22.00 цагийн орчимд 16-17 настай эрэгтэй хүүхдүүд ОХУ-д үйлдвэрлэсэн будаг шингэлэгч үнэртэж мансуурсан хэрэг гарчээ. Хэдийгээр энэ хэрэг хүүхдийн амь наснаас холуур өнгөрсөн ч өсвөр үеийнхэнд хор хөнөөлийг нь тайлбарлаж, ойлгуулахгүй бол эрүүл мэндээрээ хохирох болсныг мэргэжилтнүүд анхааруулж байна.
Статистик мэдээллийг харвал мансууруулах төрлийн бодист хордсоноос Сэтгэцийн эрүүл мэндийн төвд хандах хүмүүсийн тоо ч жил ирэх тусам нэмэгджээ. Тухайлбал, тус төвд 2011 онд 11 хүн мансууруулах бодистой холбоотойгоор хандаж байсан бол 2015 онд 90, 2016 онд 139, 2017 онд 239 болсон.
Харин Цагдаагийн ерөнхий газрын харьяа Хар тамхитай тэмцэх газарт энэ оны есөн сарын байдлаар хар тамхины хэрэгтэй холбоотой 131 хэрэгт 258 хүн шалгагджээ. Уг гэмт хэрэгт холбогдогчийн 10 гаруй хувийг өсвөр насныхан эзэлж байгаа юм.
Хамгийн сүүлд цагдаагийнхан энэ оны аравдугаар сарын 10-нд Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс мансууруулах төрлийн бодис хэрэглэж байсан хоёр эрэгтэйг саатуулахад 17, 18 настай залуучууд байсан аж. Биологийн шинжилгээ авахад хар тамхины төрлийн бодис хэрэглэсэн нь тогтоогдсон.
Мэргэжилтнүүдийн анхааруулж байгаагаар гэр хорооллын хүүхдүүд ихэвчлэн ахуйн газ, будаг шингэлэгч зэрэг бүтээгдэхүүнийг хэрэглэж мансуурдаг бол мөнгөтэй боломжтой айлынх нь хүүхдүүд хар тамхи болон тэдгээртэй төрөл нэг бүтээгдэхүүн хэрэглэх болжээ. Бусдын нөлөөнд автах, эсвэл сонирхох журмаар эхэлж хэрэглэж үздэг. Өөрсдийгөө бусдад том харагдуулах зорилгоор дээрх төрлийн бодисыг хэрэглэж үзэх нь ч бий. Улмаар донтдог. Хамгийн ноцтой нь хүүхэд хар тамхи болон мансууруулах төрлийн эм бэлдмэл, бүтээгдэхүүнээс хамааралтай болсон байхад эцэг, эх нь хожуу мэддэг. Гэтэл Монголд хар тамхи хэрэглэсэн үед эмчлэх эмчилгээний стандарт, эмнэлэг байхгүй. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд зөвхөн хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн үеийн хор тайлах эмчилгээг л хийдэг аж. Олон улсад хар тамхинд донтсон хүнийг таван жил эмчилдэг. Хамгийн харамсалтай нь эдгэрэлт нь ердөө таван хувьтай. Үндсэндээ хар тамхинд донтсон хүнийг эмчилгээгүй гэж үздэг.
Нөгөө талаас хар тамхи нь хүн амын удмын санг устгах аюултайгаараа улс орон бүрийн хувьд харанга дэлдэж байдаг. Нэг хар тамхи хэрэглэдэг хүний ард 4-5 хүн хамааралтай байдаг гэх дэлхий нийтийн аргачлалаар тоолж үзвэл Монголын гуравхан сая хүний өмнө ямар том аюул айл бүрийн босгонд тулчихаад байгааг тааварлахад бэрх.
Иймээс энэ төрлийн хэрэгтэй тэмцэнэ гэдэг зөвхөн хууль хяналтын байгууллагынхны хөөцөлдөж явах ажил бус хил гаалиасаа эхлээд хяналтаа чангатгах.
Эцэг, эхчүүд хүүхэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрт хар тамхи, мансууруулах төрлийн бодис ямар их хор хөнөөлтэйг ойлгож, таниулах хичээлийг багтаахгүй бол хожмын хор хөнөөлийг нь мэдэхгүйгээс сонирхолдоо хөтлөгдөж хэрэглэж үзэн хамааралтай болсон харамсалтай жишээ олон байна.
Мөн НИТХ-ын 2012 онд гаргасан Худалдаа үйлчилгээний нийтлэг журамд өөрчлөлт оруулах шаардлага байна. Хүчин төгөлдөр үйлчилж байгаа дээрх журмаар худалдааны газрууд 21 нас хүрээгүй хүнд тамхи, согтууруулах ундаа, газ худалдахыг хориглоно. Баллонтой хийг орон сууц, сургууль цэцэрлэг, ахуйн үйлчилгээ зэрэг хүн олноор цуглардаг газруудад гурваас дээш ширхгийг хадгалахыг хориглоно гэсэн заалт бий. Хэрэв дээрх журмыг зөрчсөн бол тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээ авах ёстой. Гэвч амьдрал дээр журам хэрэгжихгүй байна.
Хүүхэд ахуйн газыг хаанаас л бол хаанаас худалдаад авах боломжтой байна. Дээр нь будаг шингэлэгч зэрэг бүтээгдэхүүнийг барилгын материалын дэлгүүрт худалддаг. Энэ бүтээгдэхүүнийг хүүхдэд худалдахыг нь хориглох зэргээр журамд нэмэлтээр багтаахгүй бол хэний ч хүүхэд буруу ойлголтоосоо болж, үнэртэж, мансууран эрүүл мэндээ хохироож болзошгүй байна.
Г.ХОРОЛ
Холбоотой мэдээ