Жамал Хашоггийн аллагатай холбоотой хэргийн хураангуй
Тэрээр 2018.10.02-ны өдөр Туркийн Истанбул хот дахь Саудын Арабын консулын газарт очоод сураггүй алга болсон нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал болоод байгаа билээ. Туркийн талаас сэтгүүлчийг зохион байгуулалттайгаар хөнөөсөн хэмээн Саудын Арабыг буруушаасан бол АНУ-ын зүгээс Саудын Арабыг илт шүүмжлэхгүй, өмөөрсөн байр суурьтай байв.
Харин өчигдөр /2018.10.24/ түүний цогцсыг Саудын Арабын консулын байрны цэцэрлэгийн хашаан дахь худгаас олсон тухай Английн “Sky News” телевиз мэдээлжээ. Түүний хөнөөсөн этгээдүүдийг Саудын Арабын ханхүүтэй холбоотой 15 хүн болохыг тогтоосон бөгөөд цогцсыг мөчлөн хувааж, нүүрийг нь сийчсэн байжээ.
Турк дэх Саудын Арабын консулын газарт ийн алагдсан Жамал Хашогги нь тун ч баялаг намтартай нэгэн ажээ.
ХУВИЙН НАМТАР
Жамал Хашогги нь 1958.10.13-нд Саудын Арабын Медина хотод төрсөн. Түүний өвөө Мухаммед Хашогги нь Турк гаралтай хүн байсан бөгөөд Саудын Арабын эмэгтэйтэй гэрлэж байжээ. Түүнчлэн өвөө нь Саудын Арабыг үндэслэгч, анхны хаан Абдулазиз Ал Саудын хувийн эмч байсан юм байна. Мөн тэрээр Саудын Арабын дээд зэрэглэлийн зэвсгийн наймаачин асан Аднан Хашоггийн зээ хүү аж.
Түүгээр ч барахгүй Жамал Хашогги нь Диана гүнжийг Парист алагдахад хамт байсан түүний найз залуу Доди Фаедийн үеэл аж.
Тэрээр Саудын Арабд бүрэн дунд боловсрол эзэмшсэн бөгөөд 1982 онд Америкийн Индиана мужийн их сургуульд бакалаврын зэргээ хамгаалжээ.
Жамал Хашогги нас барах үедээ өөрийн эхнэр болох 36 настай, Истанбулын их сургуулийн доктор Хатис Ченжизтэй гэрлэлтээ бүртгүүлэхээр явж байсан. Гэхдээ тэр өмнө нь гурван удаа гэрлэж байсан бөгөөд анхныхаа эхнэрээс хоёр хүү, хоёр охинтой байна.
Карьер
1983-1984 Тэрээр ажлын гараагаа Саудын Арабын номын дэлгүүрээс эхэлсэн
1985-1987 “Сауди сонин” болон “Оказ” сонинд сэтгүүлч
1987-1990 Ашарк Ал-авсат, Ал Мажалла, Ал Муслимүүн зэрэг Арабын сонинд сурвалжлагч
1991-1999 Ал Мадина сонинд редактор хийж байхдаа Афганистан, Алжир, Кувейт, Судан зэрэг улсуудад ажиллаж байсан. Энэ хугацаанд түүнийг Саудын Арабын тагнуулын төв байгууллага болон Афганистанд байхдаа АНУ-ын талд ажиллаж байсан гэж зарим эх сурвалжид тэмдэглэсэн байдаг.
1999-2003 “Арабын мэдээ” сонинд редактор
УЛС ТӨРИЙН БАЙР СУУРЬ
Тэрээр 1980-аас 1990-ээд онд Афганистанд байхдаа буюу Афганы дайны үеэр Осама бин Ладентай холбоотой байжээ. Афганистанд байхдаа бин Ладенаас хэд хэдэн удаа ярилцлага авч байсан бөгөөд дараа нь 1995 онд Суданд уулзан, ярилцлага авч байсан. Тухайн үед Жамал Хашогги нь Саудын Арабын тагнуулын төв газарт нууцаар ажилладаг байсан бөгөөд бин Ладенаас ярилцлага авангаа түүнийг Саудын хааны гэр бүлийнхэнтэй харилцаагаа сайжруулахыг ятгах даалгавар авсан байжээ.
Жамал Хашогги нь АНУ-д болсон 9 сарын 11-ны халдлагын өмнөхөн Саудын хааны гэр бүлийнхэн Ал-Кайда бүлэглэлтэй хэлэлцээ хийж байгааг мэдсэн цорын ганц жирийн иргэн юм /хааны угсааны биш хүн/.
Тэрээр Саудын Арабын хаан болон угсаа залгамжлах ханхүү Мухаммед бин Салманы бодлогыг тэр дундаа тэдний Йеменд явуулж буй цэргийн үйл ажиллагааг хурцаар шүүмжилж бичдэг байжээ. Саудын Арабын засгийн газраас түүнд удаа дараа анхааруулга өгсний дараа 2017 онд эх орноо орхиход хүрч, АНУ-ыг зорьсон ажээ.
Жамал Хашогги нь Саудын Арабаас явсныхаа дараа, 2017 оны 6 сараас Вашингтон Пост сонинд нийтлэл бичиж эхэлсэн. Гэхдээ түүнийг АНУ-д ирсний дараа ч бас цахим ертөнцөөр, тэр дундаа Твиттерээр Саудын Арабынхан дарамталсаар байсан тухай “Нью-Йорк Таймс” сонинд бичжээ.
Тэрээр Твиттерт хамгийн олон дагагчтай Араб хүн байсан бөгөөд Англи, Америкийн телевизийн нэвтрүүлгүүдэд их оролцдог байв. 2018 онд тэрээр Саудын Арабд “Орчин үеийн Арабын ертөнц дэх ардчилал” хэмээх Саудын угсаа залгамжлах ханхүүгийн эсрэг чиг баримжаатай шинэ улс төрийн нам байгуулсан байна.
Холбоотой мэдээ