Монголын спортын түүхэнд нэгэн онцгой өдөр өчигдөр /2018.10.24/ тохиолоо. Унгарын Будапешт хотод болж буй чөлөөт бөхийн 2018 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 72 кг-ын жинд Очирбатын Насанбурмаа мөнгөн медаль хүртсэн нь энэхүү түүхэн өдрийн гол баатар байсан юм.
О.Насанбурмаа Будапештийн дэвжээнд Унгар, Турк, БНХАУ-ын бөхчүүдийг ялж, финалд өнгөрсөн онд ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн Канадын Жюстина Ди Стасиотод ялагдан мөнгөн медаль хүртлээ. Гэхдээ энэ амжилт бол Монголын спортын түүхэнд шинэ амжилтаар бичигдэж байна.
О.Насанбурмаа одоогоос 10 жилийн өмнө Японы Токио хотод болсон ДАШТ-д 67 кг-ын жинд хүрэл медаль хүртэн монгол түмнээ баярлуулж байсан. Тэгвэл Гавьяат маань 2011, 2013 онд дахин хүрэл медальтай ирж байв. Гурав дахь хүрэл медалиа зүүгээд ирэхэд нь голонгүй байсан нь олон бий. Учир нь түүнээс алт эсвэл мөнгөн медаль хүлээж байлаа.
О.Насанбурмаа маань энэ жил Будапештийн дэвжээнд 72 кг-ын жинд барилдан мөнгөн медаль хүртэж, олон жил хүлээсэн ард түмнийхээ итгэл найдварыг алдсангүй. Мөн ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн Монголын анхны бөх болж байна.
Монголын спортын түүхэнд ДАШТ-ээс дөрвөн медаль хүртсэн тамирчин одоогоор түүнээс өөр үгүй. Харин гурван медаль хүртсэн дараах тамирчид байна. Чөлөөтийн бөхчүүдээс Хөдөлмөрийн баатар С.Батцэцэг хоёр алт, нэг мөнгө, Гавьяат тамирчин О.Бурмаа нэг мөнгө, хоёр хүрэл медаль авсан бол З.Ойдов хоёр алт, нэг хүрэл, Х.Баянмөнх нэг алт, хоёр мөнгөн медальтай. Мөн жүдо бөхийн тамирчдаас Д.Сумъяа хоёр алт, нэг мөнгөн медалийг дэлхийн дэвжээнээс хүртээд байна. Тэгвэл энэхүү хосгүй амжилтыг Очирбатын Насанбурмаа дөрөв болгон ахиулж, “Токио 2020”-д итгэл найдвар тасраагүй гэдгийг харуулж өглөө.
Энэ жил монгол хүн олимпийн наадмаас медаль хүртсэний 50 жилийн ой тохиож байгаа бөгөөд чөлөөт бөхийн тамирчдын амжилт шинэ түүхээр үргэлжилсээр байна.
Хоёр сарын өмнө Индонезид болсон Азийн наадамд барилдах хүсэлтээ илэрхийлж хөгшрөөгүй гэдгээ баталж өгсөн О.Насанбурмаад монгол түмэн талархаж байна. Будапешт очсон Монголын 20 тамирчнаас тэрбээр ганцаараа финалд шалгарч дэлхийн дэвжээ тийм амар байдаггүйг харуулж өглөө. Мөн энэ удаагийн ДАШТ-д явсан тамирчдаас хамгийн олон удаа буюу 10 удаа дэлхийн дэвжээнд зодоглож, дөрөв дэх медалиа хүртсэн нь бас нэг онцлох мэдээлэл юм. Тэрбээр “Гуанжоу 2006” ДАШТ-д анх зодоглосон бол 2007, 2009, 2016 онуудад өнжжээ. Харин “Токио 2008”, “Станбул 2011”, “Будапешт 2013”-с хүрэл медаль хүртсэн юм. Энэхүү амжилтаа энэ жил мөнгө болгон ахиуллаа.
ДАШТ-ий нэг мөнгө, гурван хүрэл медальт Гавьяат тамирчин Очирбатын Насанбурмаа 1989 онд Улаанбаатар хотод төржээ. Түүний аав Баянхонгорын Шинэжинстийнх бол ээж нь Увсын Хяргас сумын уугуул аж. Үндэсний шигшээ баг, “Алтай” констракшн, Төмөр замын цагдаагийн хэлтсийн тамирчин О.Насанбурмаа Монголын чөлөөт бөхийн тамирчдын 60 дахь медаль, 21 дэх мөнгөн медалийг эх орондоо авчирлаа. Мөн ДАШТ-д гурван өөр жинд дөрвөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болж, нэгэн хосгүй амжилтын эзэн болоод байна.
Түүнийг энэ амжилтанд хүргэсэн хүн бол гавьяатан бол дасгалжуулагч Түмэндэмбэрэлийн Сүхбаатар билэ.
Гавьяат тамирчин Очирбатын НАСАНБУРМААГИЙН гол амжилтууд
ДАШТ:
- “Токио 2008” – Хүрэл медаль (67 кг)
- “Станбул 2011” – Хүрэл медаль (63 кг)
- “Будапешт 2013” – Хүрэл медаль (67 кг)
- “Будапешт 2018” – Мөнгөн медаль (72 кг)
Азийн наадмын мөнгө, Азийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна.
Холбоотой мэдээ