Монгол Улсын ирээдүй болсон хүүхэд багачууд ном гэхээсээ илүүтэй ухаалаг утастай нөхөрлөх болж функц, тохиргоо, нууцлал бүр сул талыг нь ч илрүүлчихдэг болсныг бид гайхаж шагшин магтдаг атал нэг ч оньсого таавар мэдэхгүй байгаад нь тийм ч ач холбогдол өгөхөө байжээ. Хэтрүүлж хэлбэл ихэнх нь “мөсөн дээр мөнгө аяга тэр юу вэ”, “Авдар дээр алтан аяга тэр юу вэ” гэдгээс цааш мэдэхгүй байна. Гэтэл Монгол Ардын аман зохиолын нэг хэлбэр болсон оньсого тааврыг мэдэхгүй, таниагүй өнгөрснөөс болж нийгмийг бүтээгч залуус эх хэлээ мартаж, ухамсрын доройтолд орж байгаагаа өөрсдөө ч үгүйсгэх. Энэ үгтэй уншигч та санал нийлэхгүй байж болно.
Гэхдээ монгол хүний тэртусмаа залуучууд өнөөдөх архидан согтуурч, хар тамхи, мансууруулах бодист хэрэглэж, хүний санаанд багтамгүй аймшигт хэрэг үйлдэж буй нь Үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүртэл яригдах боллоо.
Аминч үзэл, өмссөн хувцас, барьсан гар утсаараа нэгнээсээ өрсөх нь холгүй залуус өнөөгийн нийгмийн өнгийг тодорхойлж байна. Гартаа долоон мянган төгрөгийн үнэтэй кофе барьсан охин 10 мянган төгрөгийн номыг үнэтэйг нь гайхна. Харийн орныг зорихоороо маш их соёлыг өөрөөсөө “төрүүлдэг” ч гэлээ өөрийн эх орондоо хаа сайгүй шүлсээ хаяж, нусаа нийж, тамхины ишээ шидэж, архидан согтуурч, хоорондоо гар зөрүүлж, эцэг эх, ахмад настнаа хүндлэхээ больсон гээд энэ бүхний цаана өнөө л хүмүүжил, ёс суртахуун, ухамсрын асуудал яригдана.
Ухамсартай, хүнлэг, боловсон иргэнийг бий болгоё гэвэл яг өнөөдрөөс эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөвшилд анхаарлаа хандуулах нь зүйтэй юм. Утсаараа тоглуулах биш ардын үлгэр, аман зохиол, оньсого таалгаж хамт тоглоё. Ардын аман зохиол үлгэрт амьдралын ухаан, сургамж хайрласан байдаг бол оньсого бол оюун ухааны гимнастика болдог байна. Хүүхдэд оньсого таалгах нь оюун ухааныг хөгжүүлэх, танин мэдэх, бодож сэтгэх хичээл болдог.
Монголын оньсого 2-4 мөр шүлгээс бүтдэг, богино, товч хэдий ч байгаль дэлхий, амьтан, ургамал, хүнтэй холбоотой бүхий л сэдвийг хамарсан өргөн утга, агуулга тай өвөрмөц аман бүтээл юм.
Оньсого, тааврын ялгаа
Аман зохиол судлаачид оньсого, тааврыг нэг ойлголт эсвэл үүрэг зориулалтын хувьд адил боловч биеэ даасан зүйл гэж хоёр янзаар авч үзсээр иржээ.
Оньсогод юмс, үзэгдлийн төстэй, ялгаатай талыг ажиглан мэдсэний үндсэн дээр ямарваа нэгэн юмны нэрийг нууцлан, түүнийг олуулахын тулд шинж төрх, яс чанар, байр байдал, үүрэг зориулалт, үйл хөдөлгөөн зэргийг "хурц ухаан, яруу үгээр дүрсэлсэн, тоочин тодорхойлсон” шүлгээр асуулт тавьдаг бол тааварт " ердийн учир зүйд тулгуурласан”, "сонирхолтой математик, танин мэдүүлэх бодлогын шинжтэй”, голдуу хүүрнэл үгийн хэлбэрээр асуулт тавьсан байдаг. Таавар нь оньсогын маягтай хариу тайлбар шаардах боловч өгүүлэх маяг, шүлэглэл зэргээрээ эрс ялгаатайг доорх таавраар тайлбарлая.
Нартай найман эхнэр
Наргүй дөрвөн эхнэр
Олон түмнийг цэнгүүлэгч хоёр эхнэр
Эдгээрийн алиныг авах вэ?
гэж асуухад тааж байгаа хүн аль нэгий нь авч таарна. Зөв эсэхийг эцэст нь таалгаж байгаа хүн тайлж хэлдэг. "Нартай найман эхнэр”-ийг эхнэрийг авсан хүн эвгүй байдалд орж, бодлогогүй хийсвэр хариулсандаа харамсахад хүрнэ. Учир нь эхнэр гэдгийг хөх дэлэн гэдгийн халгуулсан нэр гэж бодвол нохойн гичий буюу жийгий найман хөхтэй, үнээ дөрвөн хөхтэй, хонь ямаа юм уу, гүү хоёр хөхтэй, гэхдээ олныг цэнгүүлэгч гэснийг үзэхэд монголчууд бид гүүний сүү исгэж айраг ууж наргих дуртай учраас гүүнийх байж таарна гэхчлэн эргэцүүлэн бодож үзээд нохойг авахгүй нь лавтай. Ингэхлээр таавар нь бас л оньсогын адил эргэцүүлэн бодох, сэтгэхүйн дасгал болдог.
Түлхүүр үг: Монгол ардын оньсого таавар, тооны бэлгэдэл зүй болон тоо ширхэг, хэм хэмжээ
"Шавар гэрийн оройд, Шалдан хүн чарлана” (Тарвага хошгирох) хошигнол бүхий,
"Тэсгэм өвөл, Нүцгэн мөртөө, Дэлгэр зун, Дээл нөмөрчихнө” уг оньсого нь эерэг, сөрөг утгыг илэрхийлсэн,
"Өргөн эхтэй, Өндөр эцэгтэй, Сохор хүүтэй, Согтуу хүүхэнтэй” уг оньсого нь хүншүүлсэн,
"Зүү байгаад утасгүй, Утас байгаад зүүгүй, Гал байгаад илчгүй” хэмээн зөгий, аалз, гэрэлт цох энэ гурван амьтдыг хооронд нь жишиж, нэгэнд нь байхгүй "дутуу” юмыг нөгөөд нь байгаа "илүү” юмаар "нөхөж” оньсголсон бол
"Сэмжгүй хэний вэ?, Сээргүй хэний вэ?, Хөлөрдөггүй хэний вэ?, Хөрвөөдөггүй хэний вэ?” гэж хүншүүллийн аргаар (адуу, могой, нохой, үхэр) дөрвөн амьтны онцлогийг илэрхийлсэн.
"Нохой унаад, Тэмээгээ туугаад, Илжиг дүүрээд, Ямаа дагуулаад, Явж байна” (Туулай) гэж гэрийн амьтнаар төлөөлүүлэн дүрслэлийн арга хэрэглэсэн.
"Өвдөж үхээ гэтэл, жанч нөмөрсөн байдаг” гэж ноёд лам нарыг давхар егөөдсөн санаа, "Тэмээ гэтэл, жанчтай, Лам гэтэл, буйлтай” (Бордсон ходоод) гэж зориуд солбиулан зүйрлэсэн. (Тэмээ шиг буйлтай, лам шиг жанчтай)
"Янзгүй газар, Шинжгүй байшин” (Хамар), "Сүүлгүй годон, Сүүжгүй гэдэн” (Мэлхий) гэж ойролцоо утгат үгээр юмны төрх, байдлыг гаргасан, "Өндрөөс өндөр, Тэнгэрээс өндөр, Богиноос богинохон, Домбоноос богинохон, Цагаанаас цагаан, Хөвөнгөөс цагаан, Хараас хар, Хөөнөөс хар” (Шаазгай) гэж үгийн эсрэгцэл утга ашиглаж өнгө зүс, өндөр намын харьцаагаар амьтдын онцлогийг илэрхийлсэн зэрэг өгүүлбэр зүй, бүтцийн талаас нь авч үзвэл олон арван задаргаа гарч ирнэ.
Ард түмэн тэнгэр эрхэс, газар дэлхийгээ ажиглан судалсаны үндсэн дээр:
"Долоон өвгөн тойрон явна, Долдойхүү дунд нь сууна” (Долоон бурхан, алтан гадас)
Долоогийн тоогоор тодотгон "долоон өвгөн” хэмээсэн нь "Долоон бурхан” одыг илэрхийлжээ. "Долоон бурхан” од нь хөдөлгөөнөө хоног тутам өөрчилж байдаг. Харин түүнээс холгүй орших "Алтан гадас” од (цаг ямагт залуу хүү мэт) гялалзан, шаасан гадас мэт байрнаасаа хөдөлдөггүйг "өвгөн”, "хүү” хоёроор адилтган зүйрлэсэн байна. Гэлээ ч "долоон бурхан” байрлалаа яаж ч өөрчиллөө гэсэн "алтан гадаснаас” аргамжаатай юм шиг түүнийг тойрч эргэхээс цаашилдаггүй учраас "Хааны түмэн цэргийг, Харц долоо хариулна” гэсэн оньсогыг зохиосон байна. Энэ нь бусад од гариг, тухайлбал "зун байдаггүй зургаан ялаа” мичдийн дэргэд "харьцангуй хөдөлгөөнгүй долоон од” мөн юм.
"Нарны охин, Наян найман хучлагатай”. (Байцаа)
Байцаа нь нар болон дулааныг шүтэн ургадаг болохыг "нарны охин” үгээр тодотгоод, байцааны олон үе давхаргыг "Наян найман хучлагатай” хэмээн тодотгожээ.
"Атгахад атга дүүрэхгүй, Тавихад тал дүүрнэ” мөн "Дэлгэвэл дэлхийн чинээ болдог, Хумхивал хуруун чинээ болдог” (Хүний нүд) гэсэн эдгээр оньсогот нүд жижигхэн хэдий ч түүний тусгал, харах чадал хэчнээн агуу ихийг дүрсэлсэн, "атга дүүрэхгүй”, "хуруун чинээ” гэсэн үгээрээ жижигхэн, багахан "тал дүүрнэ”, "дэлхийн чинээ” гэсэн үгээрээ хэмжээлшгүй, маш их гэсэн санааг илэрхийлсэн байна.
"Ойн, Дойнхоёр” (Олгой, давсаг), "Боо, Цоохоёр” (Богтос, шаант)
"Оной, Доной хоёр” (Олом, жирэм), "Уухай, Туухай хоёр” (Уурга, ташуур).
"Асгалдай өвгөнийг, Арван хүн өргөж мордуулна” (малгай өмсөх) тухай оньсогот Агсалдай буюу түрэг монголын баатарлаг туульсын адуучин Аксакал өвгөний нэрийг ашиглан бичсэн бол "Ардын баатар, Арван хоёр жилийн бүрдэлтэй” гэсэн энэ оньсого "Тэмээ үнсэн дээр хөрвөөх болсон учир” домгоос үндэстэй зэрэг маш арвин сантай юм.
Холбоотой мэдээ