Ч.Сайханбилэгээс У.Хүрэлсүхэд шилжсэн Гацууртын ордын гацаа

Хуучирсан мэдээ: 2018.10.25-нд нийтлэгдсэн

Ч.Сайханбилэгээс У.Хүрэлсүхэд шилжсэн Гацууртын ордын гацаа

Ч.Сайханбилэгээс У.Хүрэлсүхэд шилжсэн Гацууртын ордын гацаа

“Сентерра гоулд Монголиа” ХХК аравдугаар сарын 12-ны өдөр өөрийн эзэмшлийн хувьцааг “Оzd Asia PTE” ХХК-д шилжүүлсэн талаарх албан ёсны мэдээлэл гаргасан. Ингэхдээ 35 сая ам.доллараар худалдаж байгаагаа ч дурдсан. Тэгвэл “Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн эзэмшдэг Гацууртын орд хэний өмч вэ, Монголын төр 34 хувийг эзэмшдэг үү эсвэл гэсэн асуулт гарч эхэлсэн. “Сентерра гоулд Монголия” ХХК болон “Оzd Asia PTE” ХХК хоорондын наймааг энд түр азная. Тэгвэл 2015 оны УИХ-ын тогтоолоор стратегийн ордонд бүртгэгдсэн Гацууртын ордын 34 хувь Монголын төрийн мэдэлд бий юу гэдэг асуултад хариулт авахаар эрэлд гарав. Учир нь хүн бүр Гацууртын ордын 34 хувь нь төрийн мэдэлд байхад “Сентерра гоулд Монголиа” ХХК яагаад Монголын төрөөс асуулгүй наймаа хийв гэдэг асуултад хариулт олохыг хичээв.

"Сентерра Гоулд Монголиа"-аас  35 сая ам.доллар буюу 90 орчим тэрбум төгрөгөөр Сингапур, Австрали, Монголд салбартай “OZD ASIA PTE” компани юм.

ГАЦУУРТЫН ОРД “СЕНТЕРРА ГОУЛД МОНГОЛИА”-ИЙН МЭДЭЛД ОЧСОН ТҮҮХ

Гацууртын ордыг анх 1998-2005 онд хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийж эхэлсэн байдаг. Үүний дараа буюу 2007 оны арванхоёрдугаар сард хайгуулын үр дүнгийн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр 50 тонн алтны нөөц батлуулсан байдаг. Чухам энэ цагаас эхлэн “Сентерра гоулд Монголиа” ХХК Гацууртын ордыг Стратегийн ордод авах хүсэлтийг Ашигт малтмалын ерөнхий газарт хүргүүлж, УИХ-аас 2015 оны нэгдүгээр сарын 23-ны өдрийн XI тогтоолоор стратегийн ач холбогдол бүхий ордоор бүртгэж байжээ.

2015.01.23 УИХ-ын тогтоол

Стратегийн ордод бүртгэсэн нь урт нэртэй хуулиар ойн сан болон гол мөрний эх санд хамаарах газарт орж байсан ч тус хуульд стратегийн орд бол урт нэртэй хууль үйлчлэхгүй гэх заалт бий.

Өөрөөр хэлбэл, УИХ-ын дарга З.Энхболдын гарын үсэг бүхий тогтоолоор 2015 онд Гацууртын орд стратегийн орд болсон гэсэн үг. Мөн 2016 оны УИХ-ын 14-р тогтоолын нэг дэх заалтаар төрийн эзэмшлийн хувь хэмжээг 34 байх тогтоол гаргажээ.

2016.02.04 УИХ-ын тогтоол

Харин тус тогтоолын хоёр дахь заалт нь Засгийн газарт  Гацууртын ордыг ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхийг нь олгожээ. Ерөнхий  сайд асан Ч.Сайханбилэгийн Засгийн газарт орд ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах ажлыг даалгасан гэсэн үг. УИХ-ын энэ тогтоолын дагуу Ерөнхий сайд Ч.Сайханбилэг ажлын хэсэг байгуулж, орд ашиглах болон хөрөнгө оруулалт хийх хэлцэл хийх ажлын хэсгийг байгуулан “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай хэд хэдэн удаагийн хэлэлцэл, яриа хэлэлцээр хийжээ. Чухам энэ үед УИХ-ын ээлжит сонгууль таарсан учраас ажлын хэсгийн ажил түр гацав. Ч.Сайханбилэгээс шинэ Засгийн газрын тэргүүн Ж.Эрдэнэбатад орд ашиглах, хөрөнгө оруулалтын гэрээ хийх  эрх нь шилжиж, мөн л ажлын хэсэг байгуулагдаж. Энэ ажлын хэсэг мөн л “Сентерра гоулд Монголиа” ХХК-тай хэд хэдэн уулзалт, хэлцэл хийж, зарим зөрчилдөж байсан асуудлууд дээр тохиролцоо хийж чадсан ч тодорхой шийдэлд хүрээгүй байсаар энэ асуудал У.Хүрэлсүхийн танхимд шилжжээ. Ингээд ажлын хэсэг ажиллаж байх хугацаанд “Сентерра гоулд Монголиа” ХХК тоглоомоос гарч, одоо Гацууртын орд 100 хувь  “Оzd Asia PTE” ХХК-ийн эзэмшилд шилжсэн.

ГАЦУУРТЫН ОРДЫН ХАЙГУУЛЫН ЛИЦЕНЗИЙГ ШИЛЖҮҮЛСЭН БАЙДАЛ:

  • 1997 онд-“Гацуурт” ХХК
  • 1999, 2000 онд-“Каскадиа” ХХК
  • 2001 онд-“Камеко Тоулд” ХХК
  • 2003 онд-“Камеко Тоулд” ХХК нэрээ “Сентерра Гоулд Монголиа” ХХК болгон өөрчилсөн.

“НОЁН УУЛАА АВРАХ ХӨДӨЛГӨӨН” ТББ-ЫН ЖИНХЭНЭ ЗОРИЛГО ЮУ БАЙВ

Энэ бүх хугацаанд Засгийн газрын хэлэлцээрт саад болж байсан нэг зүйл бол “Ноён уулыг аврах хөдөлгөөн” иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл болох ТББ байлаа. Хачирхалтай нь тэд УИХ-аас Гацууртын ордыг стратегийн ордод авахаас хэдхэн хоногийн өмнө буюу 2016 оны нэгдүгээр сард байгуулагдаж, шүүхэд хандсан байдаг. Чухам энэ цагаас эхлэн “Сентерра гоулд Монголиа” ХХК болон “Ноён уулаа аврах хөдөлгөөн” ТББ-ын нэхэмжлэлтэй шүүх хурал хоёр жил гаруй хугацаанд үргэлжлэв.  Хамгийн сүүлд 2018 оны зургадугаар сарын 7-ний өдөр “Ноён уулаа аврах хөдөлгөөн” НҮТББ-ын нэхэмжлэлтэй, Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдох шүүх хуралдаан болсон. Шүүхээс нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс гаргасан тодруулсан шаардлагын хүрээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж маргаан бүхий ашигт малтмалын дөрвөн тусгай зөвшөөрлийг цуцлахыг хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгаж шийдвэрлэжээ. Гэвч дахин Хяналтын шатны шүүх болон Улсын дээд шүүхэд хандсанаар маргаан өнөөдөр ч эцэслэгдээгүй байгаа юм байна.

Эцэст нь, Канадын “Сентерра гоулд Монголиа” ХХК Монголын уул уурхайн салбараас албан ёсоор гарав. Уул уурхайн баялагтай, түүгээрээ дамжуулан эдийн засгаа тэтгэдэг, хөгжиж буй Монгол Улсын хувьд хөрөнгө оруулагчдыг татах, харилцан таатай нөхцөлөөр ажиллах чухал хүлээлттэй ийм цаг үед нэг гадаадын хөрөнгө оруулагчийг гаргана гэдэг бол бас нэг гарз. Ялангуяа жил жилийн төсвөө уул уурхайн салбарын орлого дээр төвлөрүүлдэг бидний хувьд том мессеж болж очихыг ч үгүйсгэхгүй. Олон улсын хэмжээнд гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал 2017 онд 23 хувиар буурсан бөгөөд энэ нь дэлхийн улс орнуудын бодлого төлөвлөгчдөд, ялангуяа хөгжиж буй орнуудад урт хугацааны сорилт бий болгож байгааг шинжээчид онцолжээ. Аравдугаар сарын 22-26-ны өдрүүдэд Швейцарын Женев хотноо болсон Дэлхийн хөрөнгө оруулалтын форумын үеэр ч хөрөнгө оруулалт буурч байгаа нь хөгжиж буй орнуудад том сорилт болно гэдгийг онцолж байсан. Хөрөнгө оруулалтын шинэ сорилтод бүдрэхгүйн тулд хөрөнгө оруулагчдаа үргээхгүй байх чиглэлээр Засгийн газар ямар арга хэмжээ авахаас цаашдын хувь заяа тодорхой болохоор байна.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж