Д.Лүндээжанцан сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Д.Лүндээжанцан сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Д.Лүндээжанцан сэтгүүлчидтэй уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан  өнөөдөр (2018.10.24) сэтгүүлчидтэй чөлөөт уулзалт хийв.

Энэхүү уулзалтаар УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганы хугацаанд тус байнгын хорооноос хийж хэрэгжүүлэх ажил болон хэлэлцүүлэн батлуулах хууль, тогтоомжийн төслийн талаар танилцууллаа.


ТӨРИЙН ЭРХ МЭДЛИЙН ХУВААРИЛАЛТЫГ ТЭНЦВЭРЖҮҮЛНЭ

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөл, Монгол Улсын Их Хурал, Монгол Улсын Ерөнхийлөгч, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл, Улс төрийн намын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-ын 2018 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхээр бэлтгэж байгаагаа үгийнхээ эхэнд Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан тэмдэглэв.

Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ, “Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулах үүрэг бүхий Ажлын  хэсэг 2017 оны тавдугаар сарын 25-нд   Улсын Их Хурлын даргын 78 дугаар захирамжаар байгуулагдсан. Энэ үндсэн дээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлагын талаар олон нийт, улс төрийн намууд, иргэний нийгмийн байгуулагууд, эрдэмтэн судлаачдыг  оролцуулан хэд хэдэн үе шаттай хэлэлцүүлэг, судалгаа хийж, асуудал тус бүрт ажлын дэд хэсгүүд ажиллалаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төсөлд:

  • УИХ болон УИХ-ын гишүүний үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх,
  • Эрх мэдлийн хуваарилалтыг тэнцвэржүүлэх,
  • Шүүх засаглалын хараат бус байдлыг баталгаажуулах,
  • Улс төрөөс хараат бус төрийн албыг бэхжүүлэх,
  • Улс төрийн намын үйл ажиллагаа, санхүүжилт, хариуцлагыг тодорхой болгож, сонгуулийн тогтолцоог хуулиар тогтоох,
  • Засаг захиргаа, нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох гэсэн чиглэлээр 42 заалт бүхий төслийг боловсруулаад байна” гэв.

1992 онд батлагдсан ардчилсан шинэ Үндсэн хуульд 2000 онд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш  Улсын Их Хурлаас 2010 онд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал сүүлийн гурван удаагийн парламент дамжин яригдаж, тусгай комисс, ажлын хэсгүүд гарч ажиллан тодорхой судалгаа тооцоо хийсэн. Үүний дагуу Үндсэн хуульд өөрчлөлт оруулах зайлшгүй нөхцөл шаардлага байна гэж үзсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуульд “Улсын Их Хурал, хууль санаачлагч нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үйл ажиллагааны бүх үе шатанд ард түмний бүрэн эрхт байдал, оролцоог хангах”, “бодитой, ил тод байх” гэж заасны дагуу 2017 оны дөрөвдүгээр сард Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Зөвлөлдөх санал асуулгыг анх удаа зохион байгуулсан. Мөн олон нийтээр хэлэлцүүлэх ажлыг 2017 оны 7-9 дүгээр сард орон даяар зохион байгуулахад 340 мянга гаруй иргэн саналаа ирүүлснийг Тамгын газрын ажилтнууд нэгбүрчлэн бүртгэж цахим мэдээллийн сан үүсгэн архивын нэгж болгоод байна. Энэ нь Улсын Их Хурлын нэг бүрэн эрхийн хугацаанд хийдэг ажилтай дүйцэхээр томоохон ажил болсон. Нэгтгэн боловсруулсан энэ бүх мэдээллийг ажлын дэд хэсэг судалж нягталсны үндсэн дээр хамгийн их давтамжтай саналуудад тулгуурлан Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулсан байна.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах Ажлын хэсэг Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуульд заасны дагуу Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайд, Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл, Хүний эрхийн Үндэсний комисс, Монголбанк, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс саналыг нь авахаар төслөө илгээгээд байгаа аж. Энэхүү төслийг Улсын Их Хурлын нэр бүхий 67 гишүүн дэмжиж, хууль санаачлагчаар гарын үсгээ зурсан байна. Дээрх эрх бүхий субъектүүд хуульд заасны дагуу саналаа ирүүлсний дараа ажлын хэсэг төслийг дахин авч үзэж, нягталж боловсруулан өргөн барихад бэлтгэх юм байна.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: СОНГУУЛИЙН ГУРВАН ХУУЛИЙГ САЛГАХ ХЭРЭГТЭЙ

Харин Сонгуулийн тухай хуулийн төслийн хувьд Монгол Улсын Их Хурлын сонгууль, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль, орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгууль нь тус тусдаа бие даасан хуультай байх ёстой гэсэн байр суурьтай байгаагаа Байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан хэлсэн.  Дээрх гурван сонгууль өөр өөрийн гэсэн онцлог шинж, процессын үйл ажиллагаатай. Иймд УИХ-ын даргын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 195 тоот захирамжаар байгуулагдсан Ажлын хэсэг Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Улсын Их Хурал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл боловсруулсан байна. Тус Ажлын хэсгээс хуулийн төсөлд санал авахаар 2018 оны есдүгээр сарын 12-ны өдөр улс төрийн 28 нам, 16 төрийн байгууллага, 9 төрийн бус байгууллагад тус тус хүргүүлсэн. Одоогийн байдлаар 8 төрийн байгууллага, 8 улс төрийн нам, 2 төрийн бус байгууллагаас холбогдох саналаа ирүүлжээ.

Улсын Их Хурлын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Д.Лүндээжанцан сэтгүүлчдийн асуултад хариулт өгч, ярилцсанаар уулзалт өндөрлөлөө. Уулзалтад тус байнгын хорооны Ажлын албаны ажилтнууд байлцав гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.  

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж