Жирэмслэлтээс хамгаалах эм тархины шигдээс үүсгэдэг

Хуучирсан мэдээ: 2018.10.24-нд нийтлэгдсэн

Жирэмслэлтээс хамгаалах эм тархины шигдээс үүсгэдэг

Тархины харвалттай тэмцэх дэлхийн нийтийн өдөр энэ сарын 29-нд тохионо. Монгол Улс арав дахь жилдээ энэ өдрийг Нэгдсэн Үндэсний байгууллагаас гаргасан “Харвалт биднийг сөхрүүлсэн ч бид босож чадна” уриан дорх тэмдэглэн өнгөрүүлэх юм байна. Тус өдрийг угтан Монголын мэдрэл судлалын нийгэмлэг, Монголын харвалт судлалын нийгэмлэг, Нэгдүгээр эмнэлгийн төлөөлөл зэрэг холбогдох байгууллага хамтран “Бид юу хийх ёстой вэ” сэдвээр мэдээлэл өглөө.

Монгол Улсад тархины цус харвалтаар өвчлөх, амь насаа алдагсдын тоо буурахгүй, эсрэгээрээ өсч байгааг мэргэжилтнүүд хэллээ. Нийт хүн амын 54.5 хувь буюу талаас илүү нь илүүдэл жинтэй, залуусын дунд архи, тамхины хэрэглээ их байгаа нь энэ өвчний гол шалтгаан болж буйг эмч нар анхаарууллаа. Иймд хүн бүр амьдралын хэв маягаа өөрчилж, өрх, сумын эмч нар өндөр мэдлэгтэй болсноор тархины цус харвалтын өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх боломжтой аж.

Тархины цус харвалтаар өвдсөн хүмүүсийн хувьд эмээ тогтмол уугаагүй, дэглэм алдсанаас болсон байдгийг эмч нар хэлж байв.

Жил бүр дэлхий дахинд 17 сая хүн тархины цус харвалтад өртдөг. Үүнээс 6.5 сая нь нас барж, 26 сая хүмүүс харвалтаас хөгжлийн бэрхшээлтэй нэгэн болж үллдэг. Тархины цус харвалтын шалтгаан, хэрхэн сэргийлэх талаар мэргэжилтнүүд хэрхэн зөвлөснийг хүргэж байна.

Нэгдүгээр эмнэлгийн мэдрэлийн тасгийн дарга, Тэргүүлэх зэргийн эмч Л.Энхсайхан: ДАРАЛТЫН ЭМИЙГ ТОГТМОЛ УУХ ЁСТОЙ

 -Улсын нэгдүгээр төв эмнэлэг найман ортой тасаг байгуулан ажиллаж байна. Манай эмнэлэгт жилд 500-600 хүн тархины цус харвалт өгсөн байдалтай ханддаг. Нас баралт 13 хувь орчмыг нь эзэлж байна. Сүүлийн үед харвалтын тохиолдол маш их бүртгэгдэж байгаа. Өмнөх 10 жилийнхээс хэд дахин илүү өсч, өвчлөгсдийн тоо нэмэгдсэн. Энэ нь хүмүүс биедээ анхаарал тавихаа больчихсон гэсэн үг. Хоёрдугаарт, чихрийн шижин үүнд маш их нөлөөлж байна. Тарган байж болно, хөдөлгөөнтэй байх ёстой. Хөдөлгөөн их хийснээр бие дэх сахрын хэмжээг шатааж байдаг.  Хүмүүс дэглэм бариагүй, энгийн идэж уусан гэх мэт хэвийн бус хэвшлээс болж  харвалт өдөөгддөг. Харвалт нь нэг мөчид үүсэж байгаа боловч тэр хүний өвдөх хүртлээ амьдралдаа цуглуулсан үр дагавар. Энэ нь их түвэгтэй хэцүү өвчин. Тухайн хүн эмээ уугаад цусны даралт нь 140 байдаг бол уухгүй нэг л өдөр өнжихөд 180 хүрдэг. Тиймээс энэ өвчний эмчилгээний онцлог нь эмээ тогтмол уух ёстой. Өөрөө цусны даралтаа хянах хэрэгтэй. Эм нөлөөлөхгүй бол эмчтэйгээ ярилцах хэрэгтэй. Үүнээс гадна манайхан би яах уу гэсэн үл ойшоосон хандлагатай байна. Эмчид хандахаас илүү аман яриа, эмчлэх аргад итгэдэг. Энэ бол хамгийн буруу. Шинжлэх ухаан хөгжсөн энэ үед өрхийн эмчээсээ зөвлөгөө ав. Дараа нь нарийн мэргэжлийн эмчид хандах хэрэгтэй. Эцэст нь өөрийгөө хайрласнаар бусдыг хайрлаж, элэг бүтэн амьдралыг цогцлооно.

АШУИС-ын Мэдрэл судлалын танхимын эрхлэгч, доктор Д.Бямбасүрэн: ЖИРЭМСЛЭЛТЭЭС ХАМГААЛАХ ЭМ ТАРХИНЫ ШИГДЭЭС ҮҮСГЭДЭГ

-Харвалт нь өөрөө маш олон зүйлээс шалтгаалдаг. Таргалалт, стресс, тамхидалт нөлөөлж байна. Сүүлийн үед энэ өвчлөл залуужиж байна. Энэ өвчин залуужиж байгаа нь стресстэй холбоотой. Мөн амьдралын буруу хэвшил, янз бүрийн нэмэлт бүтээгдэхүүн нөлөөлж байна.  Монгол Улсад артерийн даралт ихсэх өвчний шалтгаан маш өндөр хувийг эзэлдэг. Тэр тусмаа хяналтгүй артерийн даралт ихсэлт. Өөрөөр хэлбэл, эмч нараас зөвлөгөө авч, өөрт тохирсон эмийг тогтмол хэрэглэх ёстой. Гэтэл дурын эмийн сангаас даралтанд сайн гэсэн эм болгоныг уудаг. Цусны даралт ихэссэн үед эм уудаг гэсэн ойлголт түгээмэл. Хэрвээ даралт ихэсдэг бол тогтворжтол нь уух ёстой. Маш тогтмол хянаж, даралт ихэсгэж байгаа хүчин зүйлсээс зайлсхийх хэрэгтэй. Илүүдэл жинтэй, тамхи татдаг бол энэ бүхнээ болих хэрэгтэй. Жингээ бууруулж хөдөлгөөнтэй байхыг зөвлөж байна. Жин буурснаар давсны хэрэглээ буурч даралт буурдаг. Үүнийг анхаарах хэрэгтэй. Мөн  жирэмслэлтээс хамгаалах эм нь   цус өтгөрч, тархины шигдээс үүсгэдэг" гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж