Хууль зүйн үндэсний хүрээлэнд өнөөдөр /2018.10.24/ “Архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэх явдлаас урьдчилан сэргийлэх, зохистой хэрэглээг төлөвшүүлэх, хяналт шалгалтын эрчимжүүлэх талаар салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Хэлэлцүүлгийн эхэнд АШУҮИС-ийн багш Анагаах ухааны доктор, дэд профессор М.Цэрэнбат архины хор хөнөөлийн талаарх итгэл танилцуулав. Тэрбээр “Архи бол төв мэдрэлийн тогтолцоог дарангуйлж сэтгэл мэдрэлийг өдөөгч мансууруулах бодис юм. Архи хэтрүүлэн хэрэглэснээр хүний бие мах бодь, сэтгэл мэдрэл, нийгэм, эдийн засагт нэлээдгүй хохирол учруулдаг. Үүнд ходоод, гэдэсний салстыг цочроож үрэвсүүлснээс хоол боловсруулан шингээх үйл ажиллагаа алдагдана. Удаан хугацаанд архи уусан хүний ходоодны хуниас зузаарсан, эсвэл бүр гөлийсөн байдаг.
Хоёрдугаарт, архи их ууж хордлогод орсноос элэг томорч, гликоген багасч, өөх хуримтлагдсанаар элэгний эсүүд үхэж өөхлөх буюу элэгний эдүүд үрэвсэж, цаашид хатуурал болдог. Архи байнга хэрэглэснээр 12 нугалаа гэдэсний салстыг хавагнуулж, цөс ба нойрын булчирхайн шүүсний ялгаралтыг алдагдуулж үрэвсэл үүсгэх ба цаашид чихрийн шижин өвчин болж хүндрэх аюултай.
Архаг архичид бөөрний үрэвслээр өвдөх нь түгээмэл байдаг. Архи нь цусны бүлэгнэлтийг ихэсгэснээс зүрхийг тэжээх судас бөглөрөх аюул тохиолддог. Архи хэтрүүлэн хэрэглэдэг хүмүүс жирийн хүмүүсээс цусны даралт ихсэх өвчнөөр 2-3 дахин их өвддөг. Мөн хэтрүүлэн хэрэглэсний улмаас тархины эсүүд хүчилтөрөгчөөр дутагдаж, цаашид эсүүд нь үхэж эхэлдэг. Үүний улмаас тархины хэмжээ багасч, сэтгэх чадвар, ой ухаан мууддаг” хэмээн тайлбарлалаа.
ОН ГАРСААР 60 МЯНГАН ХҮН ЭРҮҮЛЖҮҮЛЭГДЖЭЭ
Энэ үеэр Цагдаагийн хошууч Г.Гүррагчаагаас архинаас үүдэлтэй гэмт хэргийн талаар цөөн асуултад хариулт авлаа.
-Архидан согтуурлаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт ихсэж байна уу?
-Монгол Улсын хэмжээнд нийт гэмт хэргийн 7.7 хувийг согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг эзэлж байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал тодорхой хэмжээгээр буурсан. Гэвч согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг буурч байгаа ч зөрчил төдийлөн буурахгүй байна. Нийслэлийн хэмжээнд архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр “Эмзэг-Цэг” арга хэмжээ өнгөрсөн оноос эхлэн зохион байгууллаа. Уг арга хэмжээний үр дүнд зөрчлийн илрүүлэлт ихсэж, хууль зөрсөн аж ахуй нэгжийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх ажлыг зохион байгуулж байна.
-Жилд хүн хэчнээн хүн архины албадан эмчилгээнд явж байна вэ? Энэ тоо буурч байгаа юу?
-Архидан согтуурахтай тэмцэх чиглэлээр архины албадан эмчилгээнд явуулж буй хүмүүсийн тоо өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал бага зэрэг буурсан. Өнгөрсөн онд 2570 хүн архины албадан эмчилгээнд хамрагдсан бол энэ оны эхний есөн сарын байдлаар 61408 хүн эрүүлжүүлэгдсэн. Харин сайн дурын албадан эмчилгээ өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал ихэссэн дүн гарч байгаа. Архины албадан эмчилгээнд архи согтууруулах ундаа байнга хэрэглэдэг иргэдийг хамруулъя гэхээр тэдгээр иргэд эрүүл мэндийн асуудлаас болоод тэнцдэггүй. Мөн эрүүлжүүлэгдсэн нийт иргэдийн 80 орчим хувь нь ажилгүй иргэд байдаг гэсэн судалгаа гарч байгаа.
Э.АРИУН
Холбоотой мэдээ