Эмэгтэй теннисчдийн шилдэг 8-н өрсөлдөөн үргэлжилж байна. Өчигдөр тэмцээний White хэсгийн 2-р тойргийн тоглолт болсон. Өнгөрсөн жилийн WTA Finals тэмцээний аварга Дани бүсгүй К.Возняцки эхний тоглолтондоо хожигдоод байсан бол өчигдөр Чехийн П.Квитоватай тоглож 7-5, 3-6, 6-2 харьцаатай хожиж эхний хожлоо авсан байна. Гэхдээ энэ ялалт К.Возняцкид тийм ч амттай байсангүй. Учир нь түүний өрсөлдөгч П.Квитова зүүн өвдөгний зовиурын улмаас тоглолтоо бүрэн гүйцэд гаргаж чадаагүй. Хожигдсон П.Квитовагийн хувьд дараагийн шатны өрсөлдөөнд орох боломжгүй болж байна.
Тэгвэл Украйны Е.Свитолина дахин нэг хожил авч хэсгээ тэргүүлж эхэллээ. Энэ тойрогт Чехийн К.Плишковатай тоглож 6-3, 2-6, 6-3 харьцаагаар ялалт байгуулсан. Энэ хэсгийн сүүлийн тойрогт К.Возняцки Украйны Е.Свитолинатай тоглох бол Чех бүсгүйчүүд хоорондоо тоглоно. Хагас шигшээд шалгарахын тулд К.Возняцки болон К.Плишкова нар заавал ялалт байгуулах ёстой. Хоюулаа ялалт байгуулсан тохиолдолд К.Плишкова хагас шигшээд шалгарна. Учир К.Возняцки болон К.Плишкова нар эхний тойрогт тоглож Чех бүсгүй хожсон. Хэдийгээр К.Возняцкигийн дараагийн шатанд шалгарах боломж бага байгаа ч өөрөө ялалт байгуулж, К.Плишкова өрсөлдөгчдөө хожигдвол боломж үүснэ. Ямартаа ч хэсгийн сүүлийн тоглолт сонирхолтой болно.
Б.БЯМБАБАЯР
Холбоотой мэдээ