Нийслэлийн МАН-ын гишүүн Ц.Сандуй, А.Ганбаатар нартай холбоотой “60 тэрбумын бичлэг”-ийг олон нийтэд цацаж байсан Г.Доржзодов өнөөдөр /2018.10.24/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр “60 тэрбумын асуудлыг анх олон нийтэд хүргэснээс хойш 2 жил өнгөрлөө. Маш олон үйл явдал өрнөлөө. Нэлээн ажиглалаа. Арай л болохгүй тал руугаа яваад байна уу гэмээр мэдээ, гүтгэлэг, дэгсдүүлсэн зүйлүүд хэрээс хэтэрлээ.
Би аль нэг намын гишүүн биш, 60 тэрбумын бичлэг бол хувийн нууцтай огт холбоогүй зүйл. Эсрэгээрээ үндэсний аюулгүй байдал, төр нийгмийн аюулгүй байдалтай холбоотой.
Би энэ асуудлаасаа эргэж буцсан зүйл байхгүй. Миний вэб сайтад 60 тэрбумтай холбоотой өрнөж байгаа үйл явдлыг дэс дараатайгаар тавьсан.
Энэ хэрэгтэй холбоотойгоор 2014 онд ямар нөхцөл байдалд бий болсон бэ гэхээр, намайг найман сард нь “Шинэ монгол хаад” компанид ажилд авахаар болж, аман гэрээг А.Ганбаатартай хийсэн. Ингэхдээ энэ өдөр намайг Ц.Сандуйтай танилцуулаад “Есдүгээр сард чухал уулзалт төлөвлөсөн. Хийх ажил байна, бидэнд тусалж ажиллах шаардлага байна. Энэ ажлаа дуусгаад манай компанитай гэрээ байгуулаад ажилла” гэж А.Ганбаатар хэлсэн.
Тэр дагуу тухайн уулзалтад бэлтгэсэн. Гэвч төр, үндэсний аюулгүй байдалтай шууд холбоотой үйлдэл хийх шинжтэй болоод ирсэн. Тухайн уулзалт 2014 оны есдүгээр сарын 8-нд “Шинэ монгол хаад” группийн байранд 12.00 цагт эхэлсэн. Энэ уулзалтын бичлэгийг хийсэн.
Бичлэгийн тоног төхөөрөмж нь устгагдсан гэж ярьж байгаа. Нотлох баримт устгагдаагүй. Би олон нийтэд гурван тасанги мэдээлэл хүргэснээс хойш хуулийнханд тайлбар мэдүүлэг өгсөн. Тухайн үед төхөөрөмжийг хурааж авч шинжилсэн. Гэхдээ Тагнуулынхан 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд надаас энэ бичлэгийг хийсэн бүх төхөөрөмжийг хурааж авчхаад Ipone-5 утсыг маань эвдсэн. Эвдэрхий гар утас буцааж өгсөн тул бий гомдол гаргасан. Гэтэл хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна гэсэн. Тагнуулын байгууллага гүйцэтгэх ажиллагаа явуулаад бүх нотлох баримтыг устгах ажиллагаа явуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон.
Авлигатай тэмцэх газар энэ хэргийг шалгасан. 2017 онд би тус газраас санаандгүй байдлаар энэ хэрэгтэй холбоотойгоор нээгээд хаасан хавтаст хэргийг хүнээр дамжуулж олж авсан. Хавтаст хэрэгт Ц.Сандуй А.Ганбаатар, М.Өлзий нарын мэдүүлэг байдаг. Бичлэг олон нийтэд ил болсон даруйд АТГ энэ хэргийг татаж аваад дээрх гурваас мэдүүлэг авсан байдаг. Гурвуулаа худлаа ярьсан. Эвлүүлэг хийсэн гэж.
Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэн /ШШҮХ/-д мөн энэ бичлэгт гурван удаа шинжилгээ хийсэн. Тухайн үед АН, МАХН-ын гаргасан гомдолд шинжээчийн дүгнэлт хийсэн. Эхний хоёр дүгнэлтээр эвлүүлэг биш, Ц.Сандуйгийн дуу хоолой мөн гэсэн дүгнэлт гаргасан.
Гэтэл АТГ-аас ШШҮХ-д хандаж шинжилгээ хийлгэх хүсэлт гаргасан. Өмнөх хоёр удаагийн нотлох баримт CD хэлбэрээр байсан бол АТГ-аас явуулсан нотлох баримт нь флаш болж хувирсан.
Өөрөөр хэлбэл, миний анхны олон нийтэд тараасан бичлэг аудио хэлбэрээр байсан. Гэтэл АТГ-аас ШШҮХ-д хүргүүлсэн нотлох баримтад видео бичлэг болж өөрчлөгдсөн.
Энэ хавтаст хэрэгт гурван удаа шинжилгээ хийсэн шинжээч н.Мөнхбаатарын гараар бичсэн тайлбар байгаа. Үүнээс сийрүүлбэл, шинжилгээнд ирүүлсэн дуу авианы бичлэгүүд өөр өөр бичлэгийн форматтай болон кодтой байна. Тиймээс өөр өөр дүгнэлт гаргасан. Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс ирүүлсэн бичлэгт монтаж эвлүүлэг хийгдээгүй, АТГ-аас ирүүлсэн бичлэгт дүрс, эвлүүлэг хийгдсэн гэсэн дүгнэлт бичсэн байсан.
Нотлох баримтыг хуурамчаар үйлдсэн гэж би харж байгаа. Өнөөдрийг хүртэл МАН-ын дарга М.Энхболд 8-9 удаа телевизээр мэдээлэл, ярилцлага өгөхдөө “Миний дуу хоолой биш” гэсэн тайлбар өгсөөр байгаа. Гэтэл мөн болох нь зургаар баримт болж үлдсэн.
Би Улсын ерөнхий прокурорт хүсэлт гаргаж өгч байгаа. Энэ бол авлига албан тушаалын хэрэг биш. Харин үндэсний аюулгүй байдалтай холбоотой хэрэг. Тиймээс үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шалгадаг газарт нь шилжүүлж өгөөч гэдэг хүсэлт гаргаж байна” гэсэн юм.
Г.ХОРОЛ