Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн /UNITAR/-тэй хамтран “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг бий болгох чадавхыг бэхжүүлэх замаар Монгол Улс дахь Олон улсын химийн бодисын асуудлаарх стратегийн механизм (SAICM)-ын хэрэгжилтийг дэмжих нь” төслийн хүрээнд бохирдуулагч бодисын ялгарал, шилжилтийн бүртгэлийн систем, мэдээллийн санг байгуулахаар ажиллаж байна.
Төслийн хүрээнд 2018 оны 10-р сарын 15-26-ны өдрүүдэд Байгаль орчин, аялал жуулчлалын яам , НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэн /UNITAR/ -тэй хамтран Химийн бодис, хог хаягдлын менежментийн зөвлөх ноён Андреа Караро хүрэлцэн ирж Төв цэвэрлэх байгууламж, ДЦС, MCS Кока Кола ХХК, Оюу толгой ХК, АПУ ХК, Монос ХХК, Алтайн харгиа ХХК зэрэг эрчим хүч, хог хаягдал, арьс шир, ундаа, гоо сайхны үйлдвэрүүд болох бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан, хаягдлын тооллого хийх аргачлалыг туршив. Энэ хүрээнд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийг нэвтрүүлж” байгааг олон нийтэд таниулах сургалт, семинар өнөөдөр боллоо.
Семинарыг нээж БОАЖЯ-ны Ногоон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Т.Булган “Бидний хувьд “Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгох эхний алхмаа хийж байна гэж ойлгож болно.
Европын орнууд, Азийн орнуудаас БНХАУ, Япон зэрэг улсууд уг системийг нэвтрүүлээд явж байгаа сайн туршлага байна. Манай төслийн баг дээр дурдсан сайн туршлагуудыг судалж, бохирдуулах бодис ялгаруулж байгаа эх үүсвэрүүдтэй танилцан хаягдлын тооллого хийх аргачлалыг туршиж байна.
Олон улсад түгээмэл бохирдуулагч бодист хүлэмжийн хий, хүхэрлэг хий, азотын давхар исэл, тоосонцор, ус бохирдуулагч бодисууд буюу нийт 100 орчим бодисыг тооцож, тэдгээрийг ялгаруулсан тохиолдолд мэдээлэх үүргийг ААН-үүд нь хүлээдэг.
“Бохирдуулах бодисын ялгарал, шилжилтийн үндэсний бүртгэлийн систем”-г бий болгохын ач холбогдол юу юм бэ гэдэг асуудлаар НҮБ-ын Сургалт судалгааны хүрээлэнгийн зөвлөх ААН-үүдэд сургалт семинар зохион байгуулж байна.
ААН-үүд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийж, байгаль орчинд үзүүлж буй бүх төрлийн сөрөг нөлөөллийг арилгах чиглэлээр арга хэмжээг хэрэгжүүлэх үүргийг хүлээдэг. Тэгэхээр хаягдлын тооллого хийх аргачлалыг өөрийн үйлдвэр дээр турших нь үүргээ биелүүлж буйгаас гадна үндэсний систем бий болоход бэлэн байдлаа хангасан байх давуу талыг олгож байгаа. Энэ утгаараа ААН-үүд төслийг нааштай хүлээн авч, тооллого хийх аргачлалыг туршиж байна” хэмээсэн юм.
Холбоотой мэдээ