Савилиев Путинд Аэрофлот компанийн флот 115 онгоцтойгоос ердөө зургаа нь л Орост үйлдвэрлэсэн “Ильюшин-96” маркийн онгоц байдаг гэж хэлсэн бөгөөд цаашид дотооддоо үйлдвэрлэсэн онгоцнуудыг илүү олноор худалдаж авах болно гэж уулзалтын явцад ярьсан байна.
ОХУ-ын төрийн өмчийн Аэрофлот компани одоогоос 20 орчим жилийн өмнөөс гадаад онгоц худалдан авч, ажилтнуудаа дахин сургах замаар Зөвлөлтийн гэх өнгө төрхийг өөрчлөхөөр оролдсон юм. Москвад төвтэй тус компани “Sky Team alliance”-ийн гишүүн бөгөөд илүү олон онгоц худалдан авч, үйлчилгээгээ өргөжүүлэх замаар Оросын нисэх үйлчилгээний салбар дахь хэмжээгээ тэлэхийг оролдож байгаа юм. Одоо Оросын зах зээлийн 25 хувийг эзэлж байгаа тус компани энэ хувиа өсгөхийг өөрийн стратегийн үндсэн зорилт гэж тодорхойлоод байгаа бөгөөд ОХУ Дэлхийн Худалдааны Байгууллагад гишүүнээр элссэний дараа олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг болохоор төлөвлөж байна.
Савилиев захирал тус компани 2016 оноос 22 ширхэг “Boeing 787-Dreamliner”, 22 ширхэг “Airbus A350” онгоцууд худалдаж авахаар төлөвлөж байгаа талаар танилцуулсан байна. Мөн Оросын хамгийн том арилжааны онгоц үйлдвэрлэгчээс 30 ширхэг “Сухой СуперЖетс” худалдан авахыг зөвшөөрсөн байна. Энэ хэмжээг Путин чамлалттай байна гэж мэдэгдсэн бөгөөд Оросын Туполевууд болон МС-21 загварын онгоцууд “Boeing 737”, “Airbus A320” нартай өрсөлдөхүйц хүчин чадалтай хэмээгээд худалдан авах төлөвлөгөөгөө шинэчлээд дахин танилцуулахыг Аэрофлотын захиралд үүрэг болгосон байна.
Аэрофлот компани нь дэлхийн эдийн засаг хямралтай байх үед ашигтай ажилласан цөөн тооны нисэх компанийн нэг гэж Савилиев захирал Путинд ярьсан бөгөөд 2009 оны ноогдол ашиг 2008 оныхоос хоёр дахин их байх болно гэж мэдэгджээ.
Т.Бадрах